
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг мэдээлэл хийсэн юм. Тэрээр Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн халамжийн тухай хуулиудын холбогдох заалтуудын хэрэгжилтийн талаар мэдээлэл өгсөн.
Тухайлбал, Нийгмийн халамжийн сангаас зорилтот бүлгийн иргэдэд орон сууцны хөлс төлөхөд нь, хэрэв нийтийн халаалтгүй сууцанд амьдардаг түлээ нүүрс худалдан авахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор жилд нэг удаа мөнгөн тусламж олгож байна гэлээ. Түлш худалдан авахад зориулсан мөнгөн тусламжид 2017 оны байдлаар нийслэлийн хэмжээнд ахмад настан 1348, алдар цолтон ахмад настан 376, хөгжлийн бэрхшээлтэй иргэн ба хүүхэд 8679 хамрагдсан байна.
Жил бүр зорилтот бүлгийн иргэдэд олгож түлээ нүүрс худалдан авахад зориулсан бэлэн мөнгөөр өрхүүд хамгийн хямд, чанар муутай нүүрсийг худалдан авч түлэх, зарим нь түлш авахад зарцуулахгүй, хуучин дугуй зэрэг шатааж болох зүйлс авч түлж байгаа нь агаарын бохирдол бий болох сөрөг нөлөөллийг нэмэгдүүлж байгааг анхаарч цаашид мөнгөн тусламж бус сайжруулсан түлш хэлбэрээр олгох эсхүл түлээ нүүрс авах эрхийн бичиг хэлбэрээр олгох асуудлыг судлан холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах асуудлыг судалж байна хэмээн дэд сайд С.Мөнгөнчимэг мэдээлэлдээ дурдсан.
Мөн Улсын Их Хурлын 2018 оны “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 02 дугаар тогтоолын 3 дугаар зүйлд “Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор нийслэлээс орон нутаг руу ажиллаж амьдрах иргэдийн санал санаачилгыг дэмжих бодлого боловсруулан хэрэгжүүлэх” зорилтын хүрээнд хөдөө орон нутагт шилжин очсон иргэдэд нэг удаагийн буцалтгүй тусламж олгох эрх зүйн зохицуулалтыг бий болгож хэрэгжүүлэх зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” А/206 дугаар тушаалыг баталжээ. Уг тушаалын хавсралтаар “Гэрээт малчин-өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын хөтөлбөр болон 2018 оны төсвийн хуваарийг батлан хэрэгжүүлж эхэлсэн гэлээ. Тус төслийн хүрээнд хөдөө, орон нутаг руу нүүх тээврийн зардлыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгож, гэрээт малчин нь олон малтай малчинтай Хөдөлмөрийн гэрээ байгуулах бөгөөд энэ нөхцөлд мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас тус бүрт нь нийгмийн даатгалын шимтгэлийг 50 хувь хөнгөлж, гэрээт малчны болоод гэр бүлийн хүнийх нь нийгмийн даатгалын шимтгэлийг 100 хувь төлөх аж.
Түүнчлэн уналгын хэрэгсэл, хоол хүнсэнд шаардлагатай байгаа материалыг олгохоос гадна хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээш цалинг олго юм байна. Гэрээт малчин өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын хөтөлбөрт 2018 оны 11 сарын байдлаар нийт 220 ажил олгогч малчин, 224 гэрээт малчин өрхийн 441 иргэн ажлын байраар хангагдаж 22,0 сая төгрөг зарцуулсан байна.
Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны бүрэлдэхүүнд байдаг Төрийн бус байгууллагууд нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 1-4 дүгээр бүсэд амьдарч буй өрхийн жирэмсэн болон бага насны хүүхэдтэй эхчүүд, бага насны хүүхдүүдийг агаарын бохирдлоос хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай авах, цэвэр агаартай амралт сувилалд амруулах санал дэвшүүлсэнийг хорооны хурлаар дэмжин Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны тогтоолд “Өвлийн саруудад нийслэлийн ойролцоох сувилал, амралтын газарт 0-10 настай хүүхэдтэй гэр бүлийг хөнгөлөлттэй үнээр амраах зохицуулалтыг нэн яаралтай судлах” ажлыг ЭМЯ , СЯ болон ХНХЯ-д үүрэг болгосон байна.
Үүний дагуу ХНХЯ-ны зүгээс нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 1-4 дүгээр бүсэд амьдарч буй өрхийн жирэмсэн болон 0-5 насны хүүхэдтэй эхчүүд, бага насны хүүхдүүдийг агаарын бохирдлоос хамгаалах, цэвэр агаарт амралт, сувилалын газарт хөнгөлттэй нөхцөлөөр амраах зорилгоор судалгааг хийж тооцоо гарган Сангийн яам болон Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд хүргүүлсэн гэлээ.
Дэд сайдын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн бөгөөд хавтгайрсан халамжаар ядуурлыг бууруулахгүй, иргэдээ ажилтай, орлоготой болгож байж энэ асуудлыг шийднэ гэдгийг анхаарч ажиллахыг сануулсан.
Эцэст нь Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, Засгийн газрын гишүүд аливаа шийдвэр гаргахдаа сэтгэлийн хөөрлөөр хандах бус тодорхой тооцоо, судалгаанд үндэслэх ёстой гэдэг нь өнгөрсөн долоо хоногт нийгмийн зүгээс асар их шүүмжлэл дагуулсан 0-5 настай хүүхэдтэй эхчүүдийг тав хоног амралтанд амраах тухай асуудал харууллаа гэлээ. Тэрбээр, бидэнд ирүүлсэн мэдээллээр бол улсын хэмжээнд 0-5 насны 390 мянга, 5-10 насны 190 мянга, 10-16 насны 320 мянган хүүхэд байна. Мөн улсын хэмжээнд 40 мянган хөхүүл эх, 4800 жирэмсэн эх байна.
Энэ олон мянган хүүхэд, эхчүүдийг амраах амралтын газар байна уу, бааз суурь нь бий билүү. Ийм бодитой бус мэдээлэл гаргаж, иргэд олон нийтийн тулгамдаад буй асуудал дээр улстөржиж, попордог, шийдвэр гаргуулах гэж гүйдэг энэ мэт асуудлыг Байнгын хороо дэмжихгүй хэмээн мэдэгдлээ.
Ажил хэрэгч, хэрэгжих боломжтой санал гаргаж, татвар төлөгчдийн мөнгийг үр дүнтэй зүйлд зарцуулах ёстой гэдгийг Байнгын хорооны дарга онцгой анхааруулаад дутуу ирүүлсэн мэдээлэл тайлангуудаа гүйцээн ирүүлэх, цаашид хийх ажлын талаар мэдээлэл, ирэх онд хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө даруй ирүүлэхийг сануулсан юм.
Цаашид агаарын бохирдол, түүнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэндийн асуудлыг Байнгын хороо анхаарч ажиллахаас гадна уг асуудлаар тодорхой мэдээлэл салбарын яамдаас авах болно гэдгийг анхаарууллаа.























