
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн долоо дахь удаагийн хурлын анхдугаар хуралдаан өнөөдөр болно. Хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн дүн, шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай, нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, тэргүүлэгчдийг сонгох, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна. Анхдугаар хуралдаан 11 цагт Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд эхэлнэ.
Нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулиар МАН 34, АН 11 суудал авсан бөгөөд ялалт байгуулсан МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын гишүүн асан Су.Батболдыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх шийдвэр гараад буй. Харин нийслэлийн ИТХ-ын даргад нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйг нэр дэвшүүлэх сурагтай.























