Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төрийн албан хаагчийг тэтгэвэрт гарахад 36 сарын үндсэн цалингаас ихгүй байхаар тусламж олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Төрийн албан хаагчтай холбоотой журмуудыг батлав

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан төрийн албан хаагчтай холбоотой журмуудын төслийг хэлэлцэн баталлаа. Төрийн албан хаагчид мөнгөн болон материаллаг хэлбэрээр шагнал, мөнгөн урамшуулал олгоно. Тухайлбал эд зүйл болон үнэ бүхий зүйл дурсгах, Монгол Улсын цол, төрийн дээд одон, медаль, Засгийн газар болон төрийн байгууллагын шагналд тодорхойлох, улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгохоор журамд тусгажээ.

Төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ тухайн албан хаагчийн 36 сарын үндсэн цалингаас ихгүй байхаар тогтлоо. Мөн хуульд өөрөөр заагаагүй бол албан үүргээ гүйцэтгэх явцад амь нас нь хохирсон бол 60 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг ар гэрт нь олгох юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн багш, туслах багшид ажлын үр дүнг нь харгалзан сарын үндсэн цалингийн 20 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг улирал бүр олгоно.

Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, сургуулийн ажилтнууд үндсэн цалингийн 15 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг улирал бүр авч байх юм.

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш, ажилтнууд мөн үндсэн цалингийн 10 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг улирал бүр олгоно.

Түүнчлэн төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгох, албан үүргийг түр орлон гүйцэтгүүлсний цалин, урамшуулалтай холбоотой журмыг баталлаа.

Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагч 100 мянган төгрөгийн тэтгэлэг авна

  Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор боллоо. Мэргэжлийн боловсролын түвшний 2.5 жил, нэг жилийн өдрийн анги, техникийн боловсролын түвшний гурав, 1.5 жилийн өдрийн ангийн суралцагч тэтгэлэг авна.

  Өмнө нь тухайн суралцагч ирцээс хамааран тэтгэлэг авдаг байсан бол одооноос үнэлгээ, ирцийг хамт авч үздэг байхаар өөрчиллөө.  Тухайлбал “D” үнэлгээтэй, 75-аас дээш хувийн ирцтэй бол 70 мянга, “С” бол 80, “В” бол 90 мянга, “А” бол 100 мянган төгрөг авна гэсэн үг юм. Гэхдээ тухайн суралцагч нийт хичээлийн дөрөвний нэгээс дээш буюу 33-аас дээш цагийн хичээлд суугаагүй бол ямар ч үнэлгээтэй байсан тэтгэлэг олгохгүй байхаар журамд заажээ.

2018-2019 оны хичээлийн жилд техникийн боловсрол, мэргэжлийн боловсрол, мэргэжлийн түр сургалтад 37 мянга гаруй хүн суралцаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан