Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сонордуулах бичиг

            Монголчууд аа!!!

  Улсын Их Хурлаас 2010 онд батласан “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын             3.6.4.2-т “Улс үндэстний өмнө тулгамдаж байгаа аюул заналхийлэл, эрсдлийн талаар төрийн бодлого боловсруулагчид, нийт ард иргэн, ард түмэн өргөн мэдээлэл, нэгдмэл ойлголттой байх нь үндэсний аюулгүй байдлыг хангах суурь нөхцөл болно” гэж тодорхой заасан билээ.

            Гэвч хөрөнгөжсөн коммунистууд, увайгүй ардчилагчид нийлсэн МАНАН бүлэглэл санаатайгаар ард түмнийг 30 жил төөрөгдүүлж, хөгжлийн биш хувийн явцуу эрх ашгаа гүйцэлдүүлснээс Монгол улс бүх шинжээрээ харь гүрний хавирганд наалджээ.

            Жирийн ард түмэн ч амьжиргаа, сэтгэлгээний хувьд ноцтой ядуурч дөжирсөн боолууд болж хувирчээ.

Ийм хүнд үед ардчилсан хувьсгалыг манлайлсан Монголын Ардчилсан Холбоо бодит үнэнийг сонордуулах нь зүйтэй гэж үзлээ.

            Нэгэн зүйл:  Гадаад харилцаанд Монгол үндэсний ашиг сонирхлыг дээдлэх, Монгол хүнээ эрхэмлэх нэгдмэл зарчим алдагдсан байна.

            Нэгэн зүйл:  Монгол улсын газрын сангийн нэгдсэн бодлого, зохицуулалтад тухайлсан харь гүрний санаархлыг санаатай шигтгэх сонирхол хэрэгжиж эхлэсэн байна.

            Нэгэн зүйл:  Хил орчмын бүс нутгийн хөгжил доройтож, хилийн хамгаалалт, хяналт уул уурхайн хайгуул, ашиглалтаас үүдэн зарим газар суларсан байна.

            Нэгэн зүйл:  Ургийн овгоо мөн чанараар нь танин мэдэж хэрэглэх явдал замбараагүйтэж, цус ойртолт Монголчуудын удмын санд аюулын харанга дэлдэж байна.

            Нэгэн зүйл:  Мансуурах, сэтгэцэд нөлөөлөх хориотой эм бэлдмэлийн хэрэглээ, худалдаа хяналтаас гарч нийгмийг бүхэлд нь түгшээж байна.

            Нэгэн зүйл:  Монголын соёлд харь гүрнүүдийн “зөөлөн бодлого” мэдээллийн хэрэгслээр дамжин нэвтэрсэн нь хүүхэд залуучуудын ёс суртахууны доройтлыг нөхцөлдүүлж байна.

            Нэгэн зүйл:  Хүүхэд залуусыг эх оронч үндэсний үзэлтэй болгон төлөвшүүлэх сургалтын агуулга сургуулийн өмнөх ба ерөнхий боловсрол, мэргэжлийн болон дээд боловсролын тогтолцоонд нэвт шингээгүй байна.

             Нэгэн зүйл  Уламжлалт бурхны шашин нийгмийн оюун санааг гэгээрүүлэх, байгаль орчныг хамгаалах, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх үйлээ умартсан төдийгүй хуваагдаж, хориотой урсгал, урд хөршийн бодлогод хөтлөгдөн самууруулж байна.

            Нэгэн зүйл:  Эдийн засгийн өөрийгөө тасралтгүй тэтгэх чадвар бүрдээгүй, олон тулгуурт эдийн засгийн бүтэц төлөвшөөгүйгээс улс орны орлого цөөн нэр төрлийн түүхий эдээс хамаараад эмзэгшсэн байна.

            Нэгэн зүйл:  Өндөр технологийн хөгжлийг дэмжих шинжилгээ, судалгаа, инновацийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон хувиргах чиглэлд хандуулсан төсвийн хөрөнгө оруулалт муу, төр, судалгааны байгууллага, хувийн хэвшлийн түншлэл сул хэвээр байна.

            Нэгэн зүйл:  Хөдөлмөрийн дотоод зах зээлээ хамгаалах, чадавхижуулах бодлого орхигдсон байна.

            Нэгэн зүйл: Гадаадын нэг орноос хийгдсэн хөрөнгө оруулалт, импортын хувь хэмжээ хэтэрч, тэнцвэр алдагдсан байна.

            Нэгэн зүйл:  Үндсэн хуулиар заагдсан байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэлд байх зарчим алдагдан цөөнхийн цөөнх гэр бүл эзэмшиж, худалдаж өндөр ашиг хүртэн, тэгш хуваарилалтыг ноцтой гажуудуулж байна.

             Нэгэн зүйл:  Үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн хөрвөх чадвар суларсан төдийгүй банкууд буруу аргачлалтай өндөр хүүгээр хувь хүн, хуулийн этгээд, аж ахуйн нэгжүүдийг сөхрүүлж байна.

            Нэгэн зүйл:  Төрийн байгууламжийн хэлбэр, эрх мэдлийн хуваарилалт, эрх зүйт ёсыг санаатай бантагнуулснаас өнөөгийн хямралын нэг эх үндсийг тавьсан байна.

            Нэгэн зүйл:  Нутаг дэвсгэр, засаг захиргааны хуваарь үндэсний нийтлэг ашиг сонирхолд нийцэхгүй хөгжлөөс чангааж байна.

            Нэгэн зүйл:  Иргэн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим ноцтой алдагдсан нь шударга ёсыг дэвсэлж, нийгмийн бухимдлыг гааруулж байна.

            Нэгэн зүйл:  Авилгатай тэмцэх чиг үүрэгтэй, төсвийн өндөр хэрэглээтэй байгууллага улс төрчдийн барьцаанд, улс төрчид өөрсдийнх нь барьцаанд орсноор авилгатай хийх бодит тэмцэл саарч, тухайлсан шийтгэлүүд хүлээлт үүсгэн саармагжиж байна.

            Нэгэн зүйл:  Төрийн алба садан төрлийн, хууль бус хөрөнгө мөнгөний уурхай болсноос төрийн албаны орон тоо давхардан данхайж, чадвар, ёс зүйгээ алдан, иргэдийн итгэл эрс суларсан байна.

            Нэгэн зүйл  Нийгэм бүхэлдээ ёс суртахуунаа алдаж, нийгмийн бүлгүүд, бурхны шашин, үндэсний бөх, хэвлэл мэдээлэл, жалга дов гээд талцан хуваагдаагүй орчингүйгээс Монголчууд хагарал бутралаа давж дийлэхгүй байна.

            Нэгэн зүйл:  Улс төрийн намууд төлөвшөөгүйгээр үл барам улс үндэстэн, нийгмийн өмнө хүлээх хариуцлагаа бүх төвшинд өнгө мөнгөөр сольж, хувьчилсан удирдлага нь төрийг сандаачиж үнэн нүүр царайгаа нууж байна.

            Нэгэн зүйл:  Сэтгүүл зүй цахим орчны сэтгэгдлээс ялгарахгүй бохирдож, бүлэглэл, эзэддээ үйлчилснээр хараат бус байдлаа гээсэн байна.

            Нэгэн зүйл:  Хорт хавдартай хүүхэд төрж эхлэсэн нь түгшүүр төдийгүй нийт Монголчуудын эрүүл мэндийн цахим мэдээлэл холбогдох яам, тусгай албадын хяналтаас алдагдаж, урд хөршийн мэдэлд шилжсэн байна.

            Нэгэн зүйл: Үндсэн хуулиар баталгаажсан хүний амьд явах эрх эрсдэлд учирч, хүчирхийлэл, авто осол, хордлого, амиа хорлолт гээд золгүйгээр амиа алдагсдын тоо Африк, Арабын иргэний дайнд үрэгдэгсдийн тоонд дүйцэж байна.

            Нэгэн зүйл:   Эрүүл мэнд, нийгмийн даатгалын тогтолцооны санхүүжилт буруу зохицуулалтаар шамшигдаж, үндсэн зорилгоо хангахад хүрэлцэхгүй эрсдэлд орсон байна.

            Нэгэн зүйл:  Стратегийн хүнсний бүтээгдэхүүний дотоод зах зээлийн хангалт, хамгаалалт дэмжлэг сул, чанар алдагдсан хэвээр байна.

            Нэгэн зүйл:  Томоохон хот, суурин газрын агаар, хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн ч хоноцын сэтгэлгээгээр эдийн засаг, технологийн шийдэл гаргалгүй удсанаас эрдэнэт хүний эрүүл мэнд, амийг золиосолж байна.

            Нэгэн зүйл:  Стратегийн ач холбогдолтой нефтийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэн, хэрэгцээгээ хангах санаачлагыг монопол импортлогчид олон жил хясан боогдуулж зах зээлийн бус дүрмээр дураараа аашилж байна.

            Нэгэн зүйл:  Ой, амьтан, ургамал, усны нөөц баялгаа нэмэгдүүлэх, ухаалаг менежментээр ашиглах, хамгаалах бодлого алдагдсанаас экологийн сүйрэлд нэрвэгдэж эхлэсэн байна.

            Нэгэн зүйл:  Үндэсний мэдээллийн дэд бүтэц хамгаалалтгүйгээс гадаадын кибер халдлагад өртөж эдийн засаг, нийгмийн чадавхийг сулруулах санаатай оролдлого гаарсан байна.

            Зөвхөн тоочиход л сэтгэл сэртхийлгэм дээрх аюулууд хаалга нэвтэрч, хойморт тулсан бөгөөд түүнээс цааш довтлуулах, довтлох зай олгох ёсгүй!!!

Бид аюулуудыг гэтлэн давахгүйгээр хойч үедээ үлдээж болохгүй!!!

            Иймийн тул Монголын Ардчилсан Холбоо УИХ, Засгийн газрын ЖДҮчин, ОВТШААРчин гишүүд, сайд нарт хуулийн хариуцлага хүлээлгэн МАНАН-гаас төр нийгмээ цэвэршүүлэхийн төлөөх байр сууриа дахин нотлохын хамт харь гүрнүүдийн мөнхийн өнгөлзлөг, өнгө мөнгөнд дэгээдүүлсэн эрх баригчдын башир мэхэнд хуурталгүй сонор сэрэмжтэй байхыг ард түмэндээ СОНОРДУУЛЖ байна.

МОНГОЛЫН АРДЧИЛСАН ХОЛБООНЫ

УДИРДАХ ЗӨВЛӨЛ

 

2019 оны 1 сарын 10-ны өдөр

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан