Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Оюунбилэг:Сүрьеэд нөлөөлөх нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагавруудыг арилгаагүй тохиолдолд халдварын тархалт буурахгүй

ЭМЯ, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн зохицуулагч А.Оюунбилэгтэй ярилцлаа.

-Хүн төрөлхтөнд учруулдаг аюулын 3 дугаарт сүрьеэ ордог гэж Эрүүл мэндийн сайд хэлж байсан удаатай. Манай улс сүрьеэгийн тархалт өндөртэй орны тоонд зүй ёсоор орж байна. Энэ өвчний тархалтыг сааруулах, эмчилгээний үр дүнг сайжруулахад “Глобаль” сангийнхны гүйцэтгэсэн үүрэг их?

-Глобаль сан нь 2002 онд НҮБ-ын санаачилгаар байгуулагдсан. Манай улсад тус сангийн дэмжлэгтэй төслүүд 2003 оноос хэрэгжиж эхэлсэн. Глобаль сан нь ДОХ, сүрьеэ, хумхаа өвчний тархалт өндөртэй, бага ба дунд орлоготой орнуудад дээрх гурван өвчинтэй тэмцэх Үндэсний хөтөлбөр, стратегийг хэрэгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Ингэхдээ, тухайн улсын Засгийн газрын гаргаж буй төсөв хөрөнгө дээр нэмэлт санхүүжилт олгох зарчмыг баримталдаг. Энэ нь улс орнууд өөрсдөө ДОХ, сүрьеэ, хумхаа өвчний эсрэг авах арга хэмжээгээ төлөвлөж хэрэгжүүлдэг, харин Глобаль сан үүнд дутагдаж байгаа санхүүжилтийг олгодог гэсэн үг юм. 2017 оны байдлаар дэлхийн 100 гаруй оронд нийт 36 тэрбум ам.долларын санхүүжилтийг Глобаль сангаас буцалтгүй тусламж хэлбэрээр олгосон байна.

ЭМЯ нь Глобаль сангийн дэмжлэгтэйгээр сүрьеэ өвчинтэй тэмцэх сэргийлэх үйл ажиллагаануудыг шат дараатайгаар хэрэгжүүлсээр өнөөдөр 15 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.  Энэ бол бага хугацаа биш.

-Сүрьеэгийн төслийн гол үр дүнгээс дурдвал?

-Сүрьеэгийн оношлогоог бид шинэ шатанд хүргэхэд ихээхэн хувь нэмрээ оруулсан гэж боддог. Төслийн хүрээнд молекул биологийн оношлогооны орчин үеийн аргуудыг үндэсний хэмжээнд нэвтрүүлж сүрьеэгийн үндэсний лавлах лабораторийн чадавхийг нэмэгдүүлсэн. ХӨСҮТ-ийн сүрьеэгийн лавлах лаборатори Япон улсын сүрьеэ судлалын институтын лабораторийн чанарын гадаад үнэлгээгээр тогтмол өндөр үнэлгээ авч байгаа юм.  Сүрьеэгийн эмийн тэсвэржилтийг тогтоохын тулд 80 гаруй хоног хүлээдэг байсан бол энэ шинжилгээг хоёрхон цагийн дотор хийх боломжтой ЖенеЭксперт /GeneXpert/ төхөөрөмжийг улсын хэмжээнд нийт 18 газарт ашиглаж эхлээд байна. Мөн сүүлийн үеийн өндөр нягтаршилтай дижитал зөөврийн рентген аппаратыг төслийн хүрээнд арван зургааг ханган нийлүүллээ. Цаашид шаардлагатай газруудад тоног төхөөрөмж нэмж өгөхөөр төлөвлөж байгаа.   

Сүрьеэгийн төсөл хэрэгжих хугацаанд үйлчилгээний чанар, нэр төрлийг олшруулах багагүй ажлуудыг эхлүүлэн өнөөдрийг хүртэл үндэсний хэмжээнд хэрэгжүүлсээр байна. Тухайлбал, сүрьеэтэй өвчтөнийг бүрэн дүүрэн эмчлэхийн тулд 6-24 сарын турш өдөр бүр 4-8 төрлийн эмийг эмчийн хяналтан дор уух шаардлагатай байдаг. Иймд төслийн хүрээнд өвчтөнд үүсэж болох чирэгдлийг бууруулах зорилгоор эрүүл мэндийн сургагдсан сайн дурын идэвхтнээр дамжуулан эмийг гэрт нь хүргэж өгөх, эсвэл өрх сумын эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан эмчилгээний хяналтыг тасралтгүй явуулж байна. Сүрьеэтэй өвчтөний ихэнхи нь эмзэг бүлгийн иргэд байдаг. Тэдэнд өдөр бүр аймаг, дүүргийн Эрүүл мэндийн төвд очиж эмээ уух унааны зардал битгий хэл амь зуух хоол хүнсгүй байх нь ч энүүхэнд. Тэгэхээр тэдгээр иргэдэд хоол хүнсний дэмжлэгийг олгож байна. Үүний үр дүнд сүрьеэгийн эмчилгээний амжилт 96%-тай байна.

Үйлчилгээг үйлчлүүлэгчдэд ойр байлгахын тулд шинээр нэвтрүүлсэн бас нэг онцлох үйл ажиллагаа бол сүрьеэтэй байж болзошгүй тохиолдлын сорьцыг сумын Эрүүл мэндийн төвд авч аймгийн нэгдсэн эмнэлэг рүү тээвэрлэх тогтолцоог 2008 оноос үе шаттайгаар нэвтрүүлсэн явдал юм. Зарим сумдууд аймгийн төвөөсөө 300 гаруй км алслагдсан байдаг. Тухайн иргэн өөрөө аймгийн төврүү очиж шинжилгээ өгөөд хариугаа аваад оношоо тодруулаад буцахад хамгийн багадаа 3 хоног зарцуулна. Цаг хугацаа төдийгүй эдийн засгийн хувьд ч багагүй зардал гарна шүү дээ. Мөн энэ сорьц тээвэрлэх тогтолцоо нь дан ганц сүрьеэгийн сорьц биш бусад нарийн шинжилгээ хийлгэх шаардлагатай сорьцуудыг ч тээвэрлэж байгаа юм. 

Сүүлийн үед хийгдсэн судалгаа, тайлангаас үзэхэд эмзэг бүлгийн орон гэргүй, орц хонгил, траншейнаар амьдарч байгаа иргэдийн дунд сүрьеэгийн өвчлөл их байна. Иймд тэдгээр иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулах, сүрьеэтэй илэрсэн тохиолдлыг бүрэн гүйцэд эмчлэхэд дэмжлэг үзүүлж байгаа зэрэг төсөл хэрэгжиж эхэлсэнээс хойшхи 15 жилийн хугацааны үр дүнгээ дурдаад байвал сонины нэг нүүр багтахгүй биз ээ. 

-Төслөөр “Сүрьеэгийн тархалтын судалгаа”-г анх удаа хийсэн. Энэ судалгааны тухай?

-1959-1961 онуудад Зөвлөлт холбоот улсын тусламжтайгаар нийт хүн амын 88%-ийг хамруулсан үзлэг хийхэд 1/3 нь сүрьеэтэй байсан гэдэг. Үүнээс хойш ямар ч судалгаа хийгдээгүй. Монгол Улсын хүн амын дундах сүрьеэгийн тархалтын түвшин тогтоох судалгааг 2014-2015 онд Засгийн газар, Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төсөл, ДЭМБ-ын хамтарсан санхүүжилт болон техникийн туслалцаатайгаар хийсэн. Сүрьеэгийн тархалтын түвшин өмнө нь Сүрьеэтэй тэмцэх үндэсний хөтөлбөр, ДЭМБ-аас гаргасан тооцооллоос өндөр гарсан. Энэ нь сүрьеэгийн тархалт огцом нэмэгдсэн гэсэн үг биш юм.  Өмнө нь тархалт үүнээс өндөр байгаад одоо буурсан нь ийм байгаа юм уу, эсвэл нэмэгдсэн нь ийм юм уу, бидэнд харьцуулах мэдээлэл байхгүй. Судалгааны арга, аргачлал олон улсын түвшинд байснаар шинж тэмдэггүй сүрьеэ болон шинж тэмдэгтэй сүрьеэг эрт илрүүлсэн өвчлөл орсон. Бид урьд нь шинж тэмдэгтэй сүрьеэд анхаардаг байж. Харин одоо эрт илрүүлэг болон шинж тэмдэггүй сүрьеэг илрүүлэх асуудлыг чухалчлан авч үзэж Засгийн газар Үндэсний хөтөлбөртөө тусгасан.

Сүрьеэ нь дан ганц эрүүл мэндийн салбарын асуудал биш, харин нийгмийн бүхий л салбарыг хамарсан асуудал юмаа гэдгийг бүх түвшиндээ анхааралдаа авах нь зүйтэй.

  - Дэлхийн хүн амын гуравны нэг нь сүрьеэгийн халдвартай байх боломжтой гэсэн тоо баримт байдаг юм билээ. Манай улсад жилд хичнээн хүн шинээр сүрьеэтэй гэж бүртгэгдэж байна вэ?

-Сүрьеэ өвчин нь дахин сэргэж байгаа халдварт өвчний тоонд орж байна. Юуны өмнө сүрьеэгийн халдвар авсан, сүрьеэгээр өвчилсөн гэдэг нь хоёр тусдаа зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Сүрьеэгийн нянгийн халдвар авсан хүн бүр сүрьеэгээр өвддөггүй. Тухайн хүний амьдралын хэв маяг, хорт зуршлын хэрэглээ, дархлаа зэргээс хамаарч халдвар авсан ч насан туршдаа өвчлөхгүй байх боломжтой. Өнөөдөр дэлхийн нийт хүн амын гуравны нэг нь сүрьеэгийн нянгийн халдвар авсан, үүний 10 хувь нь сүрьеэгээр өвчлөх магадлалтай гэсэн тооцоолол байдаг.

Манай улсад жилд дунджаар 4,000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж байгаагийн 70 гаруй хувь нь 16-44 насны залуучууд байна. Ажил хөдөлмөр эрхэлж, нийгмийн баялаг бүтээх үр бүтээлтэй цаг хугацааг энэхүү өвчний улмаас алдаж байгаа нь сэтгэл эмзэглүүлсэн асуудал юм аа.

-Шинж тэмдэггүй сүрьеэгийн талаар мэдээлэл өгөөч. Мөн энэ төрлийн сүрьеэг хэрхэн илрүүлдэг вэ?

-Сүрьеэгийн тохиолдлын 30 орчим хувь нь ямар ч шинж тэмдэггүй явагддаг. Өөрөөр хэлбэл, өвчтөнд ямар ч зовиургүй, өвчтөн өөрөө өвчилсөнөө мэдэхгүй, гэхдээ халдвараа бусдад тараагаад явдаг.  Энэ л хамгийн аюултай, харамсалтай юм даа. Үүнийг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээгээр л илрүүлнэ. Гэхдээ өвчлөлд өртөх эрсдэлт бүлгийн хүн ам руу нэн тэргүүнд анхаарах хэрэгтэй.  

-Сүрьеэ өвчин агаар дуслын замаар дамждаг учраас бүх хүн өвдөх эрсдэлтэй. Гэвч хүмүүс ядуусын өвчин гэж ойлгоод байдаг?

-Тийм ээ. Дээр хэлсэнчлэн 3 хүн тутмын нэг нь халдвар авсан байдаг. Гэхдээ бүгд сүрьеэгээр өвчилдөггүй.  Өвчлөлд нийгмийн хүчин зүйлүүд асар их нөлөөлдөг. Тухайлбал, нийт бүртгэгдэж байгаа сүрьеэгийн дийлэнх хувийг амьжиргааны баталгаажих доод түвшингээс доогуур орлоготой иргэд эзэлж байна. Хоол тэжээлийн дутагдал, агаарын бохирдол, хорт зуршил зэрэг нь биеийн дархлаа буурах гол үндэс болж байгаа юм. Сүрьеэгийн тархалтын судалгаагаар гэр хороололд амьдарч байгаа иргэдийн дунд сүрьеэгийн тархалт өндөр гарсан.

НҮБ-ын 73 дахь удаагийн дээд хэмжээний чуулганаар 2030 он гэхэд сүрьеэгийн халдварын тархалтыг таслан зогсооход Төр засгийн манлайлал, салбар хоорондын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт болон шинэ санал санаачилга шаардлагатай байгааг дэлхийн улс орнуудын Засгийн газрын тэргүүн, төлөөлөгчид санал нэгтэйгээр онцолсон.

- Энэ утаатай үед, иргэдийн амьжиргаа сайнгүй байгаа энэ нөхцөлд манай улс сүрьеэгээс ангижирч чадах уу?

-Сүрьеэгийн тархалтыг бууруулахад бүх салбарын оролцоо хэрэгтэй. Өвчлөлд нөлөөлж буй нийгмийн сөрөг хүчин зүйлүүдийг арилгахгүйгээр сүрьеэг устгах ямар ч боломжгүй. 

-Олон эмэнд дасалтай сүрьеэг манай улс илрүүлж чаддаггүй, хүмүүсийн шинжилгээг гадаад руу явуулаад хоёр сар хүлээдэг байсан цаг саяхан.  Одоо бол “Глобаль” сангийн ачаар хоёр цагийн дотор хариугаа авчихдаг болж. Халдвар тархалтыг таслахад үр нөлөөгөө өгч, илрүүлэлтийг хурдасгаж байгаа болов уу?

-Олон эмэнд дасалтай сүрьеэ гэдэг нь сүрьеэгийн эмчилгээний энгийн эм өвчтөнд үйлчлэхгүй байна гэсэн үг. Эмэнд дасалтай сүрьеэг 2006 он хүртэл манайд оношлож, эмчилж чаддаггүй байсан. Глобаль сангийн төслөөр эмч, мэргэжилтэн, эмчилгээний тасаг, агааржуулалт, лаборатори, тоног төхөөрөмж гэх мэт бүгдийг бий болгосон. ХӨСҮТ-ийн дэргэдэх Сүрьеэгийн лавлах лаборатори өнөөдөр Ази Номхон далайн баруун эргийн бүсийн лавлагаа лабораторийн түвшинд хүрсэн гэж ДЭМБ-аас үнэлж байсан.  

Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, халдварын гинжин хэлхээг таслах гол арга хэмжээ бол сүрьеэгийн нянгийн халдварыг бусдад тарааж байгаа эх уурхай болж байгаа сүрьеэтэй өвчтөнийг л хамгийн түрүүнд өвчний эрт үед нь илрүүлэх, бүрэн гүйцэд эмчлэх явдал юм. Та бодоод үздээ, өмнө нь бид сүрьеэ нь олон эмэнд тэсвэртэй байна уу, үгүй юу гэдгийг мэдэхийн тулд 2 сар хүлээдэг байсан. Бүтэн 60 хоног. Хэрвээ тухайн хүн олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй байсан бол яг тэр сүрьеэгээ энэ хугацаанд маш олон хүнд тараах боломжтой байгаа биз. Ялангуяа, гэр бүлийн гишүүд тэр дундаа бага насны хүүхдүүдийг онцгойлон анхаарах хэрэгтэй.

Одоо жил тутам 300 гаруй олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй өвчтөнийг оношлож эмчилж байна. 2006-2009 он хүртэл энэ төрлийн сүрьеэтэй 50-60 хүнийг л оношлож байсан гэтэл өнөөдөр оношлогооны хүчин чадал сайжирсанаар илрүүлэлтийг 5 дахин нэмэгдүүлсэн.

-Олон эмэнд дасалтай сүрьеэгээр өвчилсөн хүн нөгөө хүндээ шууд энэ сүрьеэгээ халдаадаг гэх юм билээ. Тохиолдол нь хэр олон байдаг юм бол. Энэ төрлийн сүрьеэгийн эмийг танай сан нийлүүлдэг байх аа. Энэ эмийг хэдий хугацаанд уудаг юм бэ?

-Өвчтөнийг эдгэрүүлэхийн тулд зарцуулж буй хугацаа урт байх хэрээр хөрөнгө мөнгө их шаарддаг. Эмэнд мэдрэг сүрьеэгийн зургаан сарын эмчилгээний зөвхөн эмийн зардал нь дунджаар 240,000 төгрөг байдаг бол эмэнд тэсвэртэй сүрьеэгийн хоёр жилийн эмчилгээний зардал нь 9-15 сая орчим төгрөг болдог. Тэгэхээр эмэнд тэсвэртэй нэг өвчтөнийг эмчлэх зардлаар эмэнд мэдрэг 62 өвчтөн эмчлэх боломжтой байгаа биз. Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төсөл олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн оношлогоо, эмчилгээтэй холбоотой зардлыг бүрэн хариуцан ажилладаг. Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээнд шаардлагатай эмийг манай төсөл 2006 оноос тасралтгүй 10 гаруй жил ханган нийлүүлж байна.

Олон эмэнд дасалтай сүрьеэтэй өвчтөн энэ сүрьеэгээ л бусдад халдаана.

-Сүүлийн үед ДОХ, сүрьеэ хоёрыг хавсарч авч үздэг болсон гэсэн. Энэ үүднээсээ ХДХВ, ДОХ-той хүмүүсийг сүрьеэгийн шинжилгээнд хамруулдаг болсон гэв үү. Энэ талаар?

-ДОХ болон сүрьеэг нэг юмны 2 тал гэж үздэг. Манай төслийн хүрээнд сүрьеэтэй өвчтөнд ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ хийж байна. Мөн ДОХ-той хүнд сүрьеэ илрүүлэх үзлэг шинжилгээг хийгээд хэвшээд явж байна. Бид эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, нэр төрлийг олшруулах ажлынхаа хүрээнд нэг цэгийн үйлчилгээ, хавсарсан халдварын оношлогоо эмчилгээний заавар, технологийн үнэлгээ зэрэг олон ажлыг эхлүүлээд хэрэгжүүлж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан