Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс татгалзлаа

 

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Д.Дамба-Очир, Г.Солтан гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай прокурорын байгууллагын саналыг хэлэлцээд, хүлээн авахаас татгалзлаа.

Г.Дамба-Очир, Г.Солтан гишүүний хамаарал бүхий компани ЖДҮХС-гаас зээл авсан хэргийг АТГ шалгаж байгаа бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэх нөхцөл байдал тогтоосон тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал ирүүлснээ Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан тайлбарлав.

Прокурорын байгууллагын саналыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр буюу энэ сарын 10-нд хэлэлцээд хүлээн авах шаардлагагүй хэмээн үзсэн байна.

Прокурорын байгууллагын саналыг хэлэлцэх үеэр Д.Дамба-Очир гишүүн, "Манай тойргийн иргэн барилгын чулууны бизнес эрхлэх зорилгоор ЖДҮХС-д хандсан юм билээ. Миний зүгээс тойргынхоо бизнес эрхлэгчийг дэмжиж, зээл олгох асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг тус сангийн удирдлагуудаас хүсч албан бичиг хүргүүлсэн. Тухайн компанид би болоод миний ах дүү, хамаатан садан ажилладаггүй. Тиймээс бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулахад бэлэн байна" гэлээ.

Энэ үеэр С.Эрдэнэ гишүүн, "МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүд болон тус намын эрх бүхий албан тушаалтнууд ЖДҮХС-гаас зээл авсан нь нийтэд ил болсон. Тиймээс УИХ-ыг тарааж, ард түмнээр дүнгээ тавиулан, ээлжит бус сонгууль явуулах хэрэгтэй" хэмээв.

Улаанбаатар хотын агаарын бохирдол, автозамын түгжрэл, амьсгалын замын өвчин зэрэг нийгэмд тулгамдсан олон асуудал шийдлээ хүлээж байгаа энэ үед УИХ шөнө дөлөөр хуралдаж, албан тушаалын асуудал хэлэлцэж байгааг С.Жавхлан гишүүн шүүмжилсэн юм.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 73.7 хувь прокурорын байгууллагын саналыг дэмжсэнгүй.

Чуулганаар ХХААХҮ-ийн сайдыг томилгоог хэлэлцэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан