Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНААР ГИШҮҮДИЙН 94.5 ХУВИЙН САНАЛААР ХХААХҮ-ИЙН САЙДААР Ч.УЛААН ТОМИЛОГДЛОО

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ. Хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож байна.

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар ХХААХҮ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Ч.Улааныг томилох Ерөнхий сайдын саналыг хэлэлцэж, дэмжсэн билээ.

Ч.Улаан нь инженер-эдийн засагч мэргэжилтэй, докторын зэрэгтэй.

-1977-1985 онд Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн

-1985-1990 онд МАХН-ын Төв Хороонд зааварлагч, тасгийн эрхлэгч

-1992-1996 онд Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга

-2000-2004 онд Санхүү, эдийн засгийн сайд

-2004-2006 онд Засгийн газрын гишүүн-Шадар сайд

-2007-2008, 2012-2014 онд Сангийн сайд

-1996 оноос хойш УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгааг танилцуулгад дурджээ. 

Томилгоотой холбоотой гишүүд асуулт асууж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ:

Манай ах нар сайдын сураг дуулдахаар л гүйчихдэг. Ах нь сүүлийн удаа, төрийнхөө ажлыг явуулна гэж оччихоод л сарын дараа хүн танихаа больчихдог юм. Ч.Улаан гишүүн Ерөнхий сайдад хань болж чадах уу. Та өөрийгөө би боллоо гэж боддоггүй юм уу. Залуучууддаа боломж олгоё гэж боддоггүй юм уу. Ах нар намын эв нэгдэл, ноён нуруугаа мартчихсан. Өнгөрсөн жил сайд болсон гурван ахынхаа жишгээр л би ярьж байна. Та больчихоор юм дөө.

УИХ-ЫН ГИШҮҮН Ч.УЛААН

Би Засгийн газарт орж ажиллая гэж саналаа хэлж байгаагүй. Ерөнхий сайд надад санал тавьсныг би хүндэтгэн авсан. Өөрт байгаа нөөц бололцоогоо ашиглаж Ерөнхий сайдынхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнэ.

УИХ-ЫН ГИШҮҮН С.БЯМБАЦОГТ

Долоон удаа сайдаар томилогдсон учраас ажиллаж чадах байх аа. Хичээж зүтгэнэ гэж хэлэх нь чамлалттай байна л даа. Хүнс, хөдөө аж ахуйн салбарт ямар зорилт нь хэрэгжихгүй байгааг хэлж өгөөч. Цаашдаа ямар бодлогыг илүү анхаарч ажиллах вэ. Хамгийн их тулгамдсан асуудал нь махны асуудал болоод байна. 66 сая мал тоолуулсан атлаа махны үнэ өсч байна. 

УИХ-ЫН ГИШҮҮН, НЭР ДЭВШИГЧ Ч.УЛААН

Хичээж зүтгэнэ гэхээр чамлалтай байж магадгүй. Бүхий л хүчээ дайчлан ажиллая. Томилогдоно гэснээс хойш хоёр сарын хугацаа өнгөрлөө. Баталсан хууль, гаргасан тайланг уншиж танилцсан. Энэ салбар бол дэндүү том салбар. ДНБ-ий 50 хувь нь энэ салбарт бүтээгдэж байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт анхаарч ажиллана. Нөөцөлсөн махны асуудлыг судалж үзнэ. Мөн махны үнэ өсч байгаа асуудлыг судалж, мэдье.

Мөн тэрбээр ЖДҮХС-гийн мөнгийг шилэн болгож, шинээр батлагдах хуулийн дагуу ажиллана. Мах, сүүний аян  бол манай Засгийн газарт тусгагдсан зорилт, төсвөөс хуваарилагдсан хөрөнгө бий. Энэ хөрөнгөөр мах, сүүний ажлын чиглэлийг эрчимжүүлнэ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлуудыг би өнгөрсөн хоёр сарын хугацаанд нэлээд судалсан. Та бүхэн маань дэмжиж ажиллаарай. Малын хулгайн асуудалд анхаарч ажиллахыг Ё.Баатарбилэг сануулсан юм. Тэрбээр надад шидэт саваа байхгүй учир бүгдийг ингэнэ, тэгнэ гэж шууд хэлэхэд хэцүү. Гэхдээ би хичээн чармайн ажиллана. Малын хулгайн асуудалд онцгой анхаарч ажиллана. Малыг бүртгэлжүүлэх асуудалд төсөв мөнгө нь шийдэгдсэн асуудал байгаа. Өмнөх сайдын хийж хэрэгжүүлсэн ажлыг цааш үргэлжлүүлнэ” гэв.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан хүнсний ногоог 100 хувь дотооддоо хангаж ажиллахыг сануулсан юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ  “Өмнөх сайдын үед нэлээд ажил хийгдсэн. Энэ салбар бол Монгол Улсыг зуун зуун жил тэжээж ирсэн хамгийн чухал салбар. Тийм учраас би энэ салбарт Ч.Улаан гишүүнийг томилох саналыг тавьсан. Миний санал болгосон сайд сайн ажиллана гэдэгт итгэлтэй байна, дэмжиж өгөхийг хүсье гэсэн юм.

УИХ-ын гишүүн Д. Лүндээжанцан

Ч.Улаан гишүүнд залуу гишүүд их зүйл захиж байна. “Аавдаа адуу манахыг заадаггүй гэж монгол үг бий. Одоо бол хүү нь аавдаа адуу манахыг заадаг цаг үед бид амьдарч байгаа учраас үүнийг нь ойлгож байгаа. Би Ч.Улаан гишүүнийг сайд болж байхад нь юу ч хэлж байгаагүй. Хөдөө аж ахуйн салбар маш том салбар. Монгол Улсыг тэжээж байгаа энэ том салбарт очиж байна. Ч.Улаан гишүүн өмнө нь мөнгө санхүү гэсэн стратегийн салбарын чиглэлд ажиллаж байсан бол энэ удаад материалыг үйлдвэрийн салбарт очиж байна. Гишүүд олон асуудал хэлж байна. Миний хувьд бэлчээрийн хуулийг онцолж хэлмээр байна. Малын тоо, бэлчээрийн даацын асуудал хүндээр хөндөгдөж байгаа шүү.

Ингээд гишүүд үг хэлж дууссаны дараа УИХ-ын гишүүн Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдад дэмжье гэсэн томьёоллоор санал хураахад гишүүдийн олонх буюу 94.5 хувиар дэмжигдлээ.

Үүгээр чуулганы хуралдааныг өндөрлүүллээ.

1 Сэтгэгдэл
Юу гэнэ вэ. Ж.Мөнхбатын асуултад Улаан хариулахдаа: Ерөнхий сайдынхаа төлөө хоергүй сэтгэлээр зүтгэнэ гэнэ үү. Ганцхан хүний төлөө буюу томилсон хүний төлөө зүтгэх болох нь ээ. Уг нь Хариуцсан салбарынхаа төлөө улс орныхоо төлөө зүтгэнэ гэж хэлмээрдээ. Тэгэхээр энэ хүнээс ард түмэн их зүйл хүлээх хэрэггүй.
Хамгийн их уншсан
МЭДЭГДЭЛ 2024.05.01