Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бага насны хүүхдээр мал хариулуулахгүй байхыг анхааруулав

Сар шинийн өдрүүдэд нийт нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, явган шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс урьдчилан мэдээлсэн. Тодруулбал, 8-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас, 7-нд нутгийн төв хэсгээр ахиухан хэмжээний цас орох бол салхи 7, 8-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр, хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна гэж байсан билээ. Түүгээр ч зогсохгүй ихэнх хугацаанд хүйтэн байх бөгөөд Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 27-32 хэм, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байх юм.

Иймд мал төллөх хугацаа ойртож байгаа энэ үед малаа алсын бэлчээрт бэлчээхгүй, бага насны хүүхдээр мал хариулуулахгүй байх, хувийн бэлтгэлээ сайтар хангаж, дулаан хувцастай малаа хариулах зэргээр сонор сэрэмжтэй байхыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас анхааруулжээ.
Мөн сар шинийн баяраар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хариуцлагатай жижүүр, "Малчин лавлах 109 мэдээллийн төв"-ийн утас тус тус ажиллаж байгаа тул цаг үеийн шуурхай мэдээллийг өгч хамтарч ажиллах хэрэгтэй гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан