Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Би:Авлигагүй ардчилсан нийгэмд амьдрахыг хүсч байна

Ардчиллын буяныг эдлээгүй айл Монголд үгүй 

“Хот аймгийн хооронд явахдаа зөвшөөрлийн бичиг авдаг, хөдөөний малчид даргаас зөшөөрлийн бичиг авч байж мах иддэг, сүү, махандаа өдөржингөө дугаарлан зогсч байж нэг литр сүү 500-750 г мах авдаг,  дарга нарын дэлгүүрийн үүдэнд зогсож хүн гуйж байж 500г масло хааяа авахуулна. Үг хэлэх эрх чөлөө байхгүйгээс жаахан шударга үг хэлбэл МАХН хороо дуудаж арга хэмжээ авдаг байлаа” гэх иргэн Г.Ичинхорлоо гуайн үг танд юу бодогдуулж байна вэ. Үнэндээ ийм нийгэмтэй байсан гэдгийг 1990 оноос хойш төрсөн хүүхдүүд тийм ч сайн мэдэхгүй. Өвөө, эмээгийнхээ үлгэр мэт, зүүдэнд ч оромгүй яриаг сонсч өссөн тэд битгий хэл тухайн үед амьдарч түүхийн гэрч болсон хүмүүс энэ нийгмээ мартаад даруй 30 жил өнгөрчээ.

Гэсэн хэдий ч МоАХ-ны анхны цуглаан 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд нийслэл хотноо болсон нь Цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын үндэс суурь болсон гэдгийг хэн бүхэн толгой дохин хүлээн зөвшөөрнө.

Аавыгаа дагаад долоон настай жаахан охин анх жагсаал, цуглаанд нь очиж байснаа одоо бүдэг бадагхан санадаг ч “Ардчилал” сониноор овоглосон арваад жилийн хугацаанд Цагаан морин жилд өрнөсөн Ардчилсан хувьсгалын үлгэр, домог шиг олон явдлын талаар тухайн үйл хэрэгт оролцож явсан эрхмүүдээс сонсч, тэдэнтэй ярилцах завшаан тохиож байв.

Залуу насны хүсэл зориг, гал халуун эрмэлзэлдээ хөтлөгдөн улс төрийн тэмцлийн хүнд бэрх замыг туулж, Ардчилсан хувьсгалын түүхийн хуудсыг бичилцэж нэр, мөрөө үлдээсэн хүмүүсийн ачаар монголчууд бид өнөөдөр ямар эрхтэй, эрх ашигтай болсноо эргээд нэг саная.

  • Үндэсний үзэл сэргэж Чингис хаанаа дээдлэх, бурхан шашнаа ил тод шүтэх эрхтэй болсон
  • Нэг намын дарангуйллыг халж олон намын тогтолцоо бий болсон
  • Сонгох, сонгогдох эрхтэй болсон
  • Иргэд газар, үл хөдлөх хөрөнгө, хувийн орон сууцтай болсон
  • Мал сүргийг эздэд нь хувьчилж өгсөн
  • Гадаадад чөлөөтэй зорчих эрхтэй болсон
  • Хувиараа хөдөлмөр эрхлэх эрхтэй болсон
  • Үг хэлж, хэвлэн нийтлэх эрхтэй болсон гээд тоочвол мундахгүй их.

 

Тэднийг бид үеийн үедээ мартах учиргүй

Энэхүү эрх чөлөөг бидэнд авчрах гэж олон хүн өөрийн амьдралаа зольж байсныг та бид үеийн үедээ мартах учиргүй. Тэдний нэг бол яах аргагүй Ардчилсан хувьсгалд анхнаас нь оролцож, үзэл бодлоосоо урваагүй өдийг хүрсэн Тодын Оюунчимэг. Тэдний гэр бүл Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт оролцсоны төлөө зарим найз нөхөд, ах дүү, танилууд нь ихээхэн дургүйцдэг,  заналхийлдэг байсан гэдэг. Тухайн үед Т.Оюунчимэг Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Төв хорооны эрдэм шинжилгээ, сургалтын төвд сургалт хариуцсан зохион байгуулагчаар ажилладаг байсан бол түүний хань Р.Доржбат агсан Монголын үндэсний телевизийн анхны эрэгтэй нэвтрүүлэгчийн нэг байсан гэдгийг хүмүүс хэлүүлэлтгүй мэднэ.

“Өмнө нь бол манайх айл шиг айл, нэр хүндтэй ч байлаа. Гэхдээ үзэл бодол маань тэс өөр байсан учраас тэр амьдралаа орхисон. Манай хүн үнэртэй ус бөглөдөг ажил хийж, би гэдэг хүн цэвэрлэгчээр ажилласан. Үүнээсээ би ичдэггүй. Цэвэрлэгчээс би босч ирсэн.

Тэглээ гээд гутаагүй. Үзэл бодолдоо үнэнч явсан учраас. Хүмүүс биднийг их тэнэг гэж боддог байх. Бид бусдад хэрхэн үнэлэгдэх, дүгнэгдэх нь огтхон ч хамаа байхгүй. Үзэл бодолдоо үнэнч байх л чухал. Миний амьдрал ингэж л явж ирсэн. Манайх гэр бүлээрээ хүчин зүтгэсэн ч хэн нь ч албан тушаал аваагүй. Ардчилал гэж явсандаа би гуньдаггүй” хэмээн ярьж байсан нь санаанаас ер гардаггүй юм. Энэ мэтээр амьдралаараа дэнчин тавьж, хүн төрөлхтний 2/3 нь мөрөөдөөд ч авч чадахгүй эрх чөлөөг бидэнд авчирсан Ардчиллын үнэ цэнэ өнөөдөр хаахна явна вэ. “Миний хүссэн Ардчилал биш...” номоороо үнэн хийгээд хатуу үгсээ дайсан  Т.Оюунчимэг эгч хүртэл шударга ёсыг нэхэн сууна.  

Ардчилал гэдэг нь дураараа авирлаж, дунд чөмгөөрөө жиргэхийн нэр биш

Сүүлийн үед “Ардчилал бидэнд юу авчирсан бэ” гэх бүрийд олонхи нь авлигачид, архичид гэж хэлдэг болсон нь нуух аргагүй үнэн. Нийгэм маань дундаж давхрагагүй болж зарим нь хэт баяжиж, үлдсэн нь хэт ядуурсан нь ийн хэлэхэд хүргэснийг буруутгах аргагүй. Тиймээс бид юун дээр алдав, юуг засч залруулан цааш үргэлжлүүлэх вэ гэдэг асуулт хариултаа нэхсээр.

Угтаа бол Ардчилалд буруу байхгүй. Ардчилалтай болоод л манай нийгэм болохоо байчихсан юм биш. Ардчилсан төртэй болоод худал хулгай гаараад байгаа хэрэг огтоос биш ээ. Хууль шүүх засаглал шударга бие даасан хараат бус болоогүй байгаа нь л ардчиллыг муухай харагдуулаад зогсохгүй худалч хулгайч, авлигалчдыг өөгшүүлж, ард түмнийг бухимдуулаад байгаа хэрэг.

Хуулийн засаглал сул учраас төрд шургалж дарга болж байж амьдрал дээшилнэ гэсэн ойлголт залуусын тархинд нэвт шингэсэн нь ч үүний нэг нотолгоо.

Авлига авсан дарга нар ял завшдаг, жирийн иргэд ялаа үүрдэг ийм тогтолцоог үгүй хийгээгүй цагт, хуулийн өмнө хүн бүр тэгш шийтгэгдэхгүй байгаа өнөө үед Ардчиллын нэр хүнд энэ хэвээр л байна.

Тиймээс хуулийн өмнө хүн бүр тэгш хариуцлага үүрдэг, хүлээдэг болохын төлөө тэмцье. Би Авлигагүй ардчилсан нийгэмд амьдрахыг хүсч байна. Харин ардчиллыг буруутгаад байгаа хүмүүсээс “Яаж амьдрахаа, ямар бизнес хийхээ засгаараа заалгаж, сонгох, сонгогдох эрхгүй, орон байр, машин, мал сүрэгтэй болох эрхгүй, өөрийн бодлоо даргаасаа асууж байж хэлдэг нийгэмд амьдарч чадах уу” гэж ам асууя.

А.АКЭРКЭ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан