Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

288 хүний мэдээллийг АНУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд илгээсэн ч ямар нэгэн хариу өгөөгүй байна

-Уншигчаас илгээсэн захидал-

Дэлхийг хамарсан цар тахлаас болж энд тэндгүй хөл нь тушигдсан Монголчууд эх орныхоо зүг саравчлан,  хэрхэн яаж нутагтаа харих талаар арга чарга сүвэгчлэн сууна. Энд үлдсэн ар гэрийнхэн нь ч хайртай дотны хүмүүсээ хаагуур, ямар замаар гэрт нь авчрах аргаа олохгүй мунгинан сууна. Тэдний нэг нь би.

  • Америкт сурч байгаа охины маань хичээл онлайнаар орох болжээ. Яаж авчирдаг юм билээ? гэж зүс мэдэх албаны хүнээс арга чарга хайж асуутал
  • Чи юун лаг баян юм. Охин чинь Америкт сурч байгаа юм чинь гайгүй биз гэсэн хайхрамжгүй хариу сонсов.

Баян хүмүүсийн хүүхдүүд л гадаадад сурдаг гэж үү? Хэрвээ тийм байсан бол тэдгээр хүүхдүүд айлын хажуу өрөө хөлслөх гэж, сургалтын төлбөртөө нэмэр болох гэж, ээж аавыгаа зовоохгүй гэсэндээ цагаан, хар, бор, шар хүмүүсийн хөл гарыг угааж цэвэрлэн  маникюр, педикюр хийж, хоол хүргэж, зөөгч хийн, аяга угаан, барилга дээр ажиллан, Uber-т таксинд явах зэргээр Америкчуудын голоод хийдэггүй ажлыг нугалан, хичээлээ хийх цагаасаа хумслах хэрэг юусан билээ.

Өнөөдөр АНУ-ын 46 мужийн их дээд сургууль, коллежиуд, сургууль, цэцэрлэг түр хаагдаж, ихэнх нь энэ хичээлийн жил дуустал цахимаар хичээллэх болоод байна.

Тиймээс ихэнх сургуулийн оюутны дотуур байр дагаад хаагджээ. Мөнөөх тав арван доллар олж амьдралаа залгуулдаг байсан газрууд нь ч ажиллахаа больсон. Тиймээс нөхцөл байдал ямар хүнд байгааг АНУ-ын Калифорни мужийн “Santa Barbara City” коллежид сурч буй нэгэн оюутны өргөдөл танд бүрэн ойлгуулах бизээ.

АМЕРИК “КОРОНА”

АНУ-д коронавирусын тархалт эрчимтэй дэгдэж байгаагийн улмаас тус улсын Ерөнхийлөгч Д.Трамп 2020.03.13-ны өдөр онцгой байдал зарласан. 2020.03.25-ны өдрийн байдлаар тус улс коронавирусын халдварын тархалтаар Итали улсын дараа орчихлоо. Ганцхан өдрийн дотор халдвар авсан хүмүүсийн тоо 14 мянга гаруйгаар нэмэгдэж, нийт өвчлөгсдийн тоо 2020.03.24-ний өдөр 55,068 хүн байсан бол 2020.03.25-ны өдрийн 17 цагийн байдлаар 69,015 хүн өвчилж, нас барсан хүний тоо 797-оос 1,046 болж өсөөд байна.  

Аз болоход одоогоор тус улсад Монгол хүн өвчилсөн тухай мэдээ байхгүй ч хэрэв өвдсөн тохиолдолд, иргэншилгүй л бол эрүүл мэндийн тусламжийг төлбөртэй авч таарна. Энэ төлбөрийг төлж чадах Монгол хүн хэр олон байх бол?

Нуруун дээр нь гарсан хатигаа эмчлүүлэхэд 500 доллар төлөх болсон учраас толиндоо харж байгаад, өөрөө нулимс дуслуулан шахаж байсан найз минь тэр төлбөрийг төлж чадахгүй олон Монголчуудын тод жишээ.

АРЬС ӨНГӨНИЙ ҮЗЭЛ ГАЗАР АВЧ БАЙНА

Манай улсын ТЕГ-аас тус улсад галт зэвсэг худалдан авах явдал эрс өссөн нь арьс өнгөний үзэлтэй холбоотой байж магадгүй тул сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан. Хэрвээ байдал бишидвэл энэ бууны ам хамгийн түрүүн “Корона вирус” гэж харагдах болсон Азиуд руу л чиглэнэ. Бай нь чиний миний хүүхэд, ойр дотны тань хэн нэгэн байвал яах билээ?

Жирийн үед ч арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэгдэл тасардаггүй тус улсад дэлгүүр хоршоод нь Ази хүмүүст үйлчлэхгүй хөөж гаргах, иргэд нь Ази хүнтэй хамт үйлчлүүлэхээс татгалзах, холуур тойрч явах, хэл амаар доромжлох, үйлчилгээний газрууд нь үйлчлэхгүй гэсэн бичиг наах нь хэвийн үзэгдэл болсон тухай тэнд гацсан Монголчууд бичсээр байна.

Мөн ихэнх байгууллагууд үүдээ барьсан учраас Монголчууд цалин хөлсгүй, байр сууцны төлбөрт унасан, хоол хүнсний хомсдолд орсон, эмчилгээ үйлчилгээндээ ч орж чадахгүй байх зэрэг нийтлэг зовлонтой байна.

ГАРЦ ХАЙСАН ГАЦСАН МОНГОЛЧУУД

Өнөөдөр тус улсад эмчлүүлэхээр, үр хүүхэдтэйгээ уулзахаар, ажил аяллаар ирсэн олон Монгол гацчихаад байна. Уг нь эх орноо төлөөлж суугаа элчин сайдын яамд, иргэд маань ямар байдалтай, хаана яаж байгаа, хэн яаралтай буцах шаардлагатай гээд зохих бүртгэл судалгааг хэдийнэ хийж байх учиртайсан. Гэвч энэ талаар ганц албан ёсны мэдээ гаргалгүйгээр таг чиг дөмбийв.

Тиймээс  хэсэг залуус сайн дурын үндсэн дээр нэгдэж Америкт гацсан, эх орондоо харих хүсэлтэй байгаа иргэдийг цахимаар бүртгэн, 288 хүний мэдээллийг АНУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд илгээсэн ч ямар нэгэн хариу өгөөгүй байна.

Ямартаа ч тэдний судалгааг хүлээн авсан АНУ дахь Монгол Улсын ЭСЯ 2020.03.24-өөс л энэ асуудалд анхаарсан эхний мэдээллээ тавьж байх юм.

Тус мэдээлэлд дурдсанаар ОХУ 5 сарын 1 хүртэл гадаадын иргэдийг оруулахгүй болсон тул зөвхөн Орост байгаа иргэд Монгол Улсын хилээр нэвтэрч байна. Өөрөөр хэлбэл, АНУ-аас ОХУ-ын Москва хотоор дамжин Монгол-Оросын хилийн боомтод очих боломжгүй.

БНХАУ-ын тухайд Бээжин хотоор дамжин нисч буй зорчигчийг нисэх буудлаас гаргалгүй, хувийн зардлаар нь 14 хоног, цааш Эрээн боомт уруу очсон нөхцөлд 14 хоног, дараа нь УОК-ийн шийдвэрээр Замын-Үүд боомт руу орсон нөхцөлд дахин 14 хоног тусгаарлаж буй тухай дурджээ. Мөн Турк, Европын холбооны орнууд ирэх сарын 17 хүртэл өөрийн хилээр гадаад иргэдийг нэвтрүүлэхийг зогсоосон тул дамжин өнгөрөх боломжгүйг мэдээлсэн. Гэтэл тэнд гацсан Монголчууд визнийхээ хугацааг сунгуулах 455 доллар ч үгүй болсноо бичиж байна.

Эх орондоо халдварт өвчин тээж очихгүйн тулд анхаарал сэрэмжтэй байхыг уриалж, бие биеээ дэмжихээс өөрийг хийж чадахгүй байгаа АНУ-д гацсан Монголчуудаа яах вэ?

1 Сэтгэгдэл
ter gazar chin tiim l baidag yhsenee hiij yavdag um be, mongoldoo zov surch bolovsorch bolno shdee
Хамгийн их уншсан