Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Чойжамц: Бурхан багшийн их дүйчэн өдрөөр хураасан эрхэм буян тань түм бумаар үржиж болтугай

МБШТ Гантантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам гавж Д.Чойжамцын Бурхан багшийн их дүйчэн өдрийн ёслолын нээлтэнд зориулсан айлдварыг бүрэн эхээр нь хүргэе.

 “Авралт багш хийгээд хутагт гурван эрдэнэ дор мөргөм үү”

Бурхан багшийн их дүйчэн өдрийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд морилон саатсан хутагт хувилгаад, бурсан хуврагууд, эрхэм зочид болон монгол орон даяар суугаа нийт сүсэгтэн олон болон ард иргэдээ,

Та бүхэнд XVII жарны төмөр хулгана жилийн зуны эхэн сарын шинийн арван тавны гурван эрдэнийн адислал цаглашгүй ихээр бууж сүсгийн далайг үлэмж арвитгасан өлзий дэмбэрэлт их дүйчэн өдрийн мэндийг алга хамтатган айлтгая.

Эл өдөр сайн цагийн 1000 бурхны дөрөв дэх нь буюу Чадагчийн эрхэт Бурхан багш Шагжмүнийн хамаг амьтны тусыг бүтээхийн тухайтад их бодь сэтгэлээр хувилгаан лагшинг таалан өмнө зүгийн Замбуутивийн оронд эхийн хэвлийгээс лагшин мэндэлсэн, сансрын хүрдэнд эргэцэн энэлэгсдийг гэтлэгэх үнэн зам мөрийг үзүүлэхийн тухайтад төгс гэгээрлийн хутгийг олсон, түүнчлэн хуран үйлдсэний хойно эвдэрдэг ертөнцийн мөнх бусыг сануулахын тухайтад их нирваанд орсон зэрэг гурван их зохиол үйлс давхардсан бөлгөө.

Хүн төрөлхтний эвлэрэл нэгдлийн чухал өргөө болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1999 оны 54/115 тоот тогтоолоор түүний удирдах төвүүд болон бусад салбар төвүүд, суурин төлөөлөгчийн газруудад эл их дүйчэн өдрийг олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж байхаар заасан нь бидний оройн шүтээн Бурхан багшийн энэрэл нигүүсэл, эгнэшгүй билгүүний сургаалд үндэслэсэн номлол нь НҮБ-ын дэлхийн улс гүрнүүдийн энх тайван, хүний эрх, эрх чөлөө, аюулгүй байдлын төлөө байгуулагдсан эрхэм зорилготой бүрнээ таацдгийнх болой.

Улсын Их Хурлын эрхэм гишүүн Д.Оюунхорол тэргүүтэй есөн гишүүнээс Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхдээ Үндсэн хуулийн “9. Төр нь шашны хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ”, Төр сүм хийдийн харилцааны тухай хуульд “Төрөөс Монголын ард түмний эв нэгдэл, соёл иргэншлийн түүхэн уламжлалаа эрхэмлэхийн үүднээс Монгол Улс дахь Буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэн үзнэ”, түүнчилэн Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын “3.1.4.9.Монголын ард түмний олон зуун жилийн оюуны өвийг тээж, хадгалж ирсэн Монголын Бурханы шашны өв соёлын судалгааг төрөөс онцлон дэмжинэ” гэж тус тус заасанчлан Монголын ард түмний эв нэгдэл, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхол, соёл иргэншлийн түүхэн уламжлалаа эрхэмлэн дээдэлж, үүний төлөө үйл ажиллагаагаа чиглүүлж Бурхан багшийн Их дүйчин өдрийг “Олон нийтийн баяр амралтын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг байхаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулан баталсан.

Улсын Их Хурлаас баталсан энэ хууль нь Ази тивийн уламжлалт Бурхны шашинтай улс орнуудын адил Монголчууд бидний өвөг дээдэс эртнээс Бурхан багшийн их дүйчэн тохиодог зуны эхэн сарыг их буяны сар хэмээн эрхэмлэн сүжиглэж, бие, хэл, сэтгэлийн үйлээрээ 10 цагаан буяныг ихэд дээдэлж энэрлийн далайг үүсгэн билгүүнийн зулыг бадрааж ирсэн нандин уламжлалыг бататгасан түүхэн үйл явдал болсон ажгуу.

Тиймээс Бурхан багшийн их дүйчэн өдрийг Улсын Их Хурлаар Олон нийтийн баяр амралтын өдөр болгох хуулийн төслийг санаачлан боловсруулж, амжилттай батлуулсан Улсын Их Хурлын эрхэм гишүүн Д.Оюунхорол тэргүүтэй буяны садангуудын агуу сэдэл, их үйлст нь монголын бурхны шашны лам хуврагууд болон сүсэгтэн олны өмнөөс нэгэн үзүүрт сэтгэлээр талархаж буйгаа энэ дашрамд илэрхийлмүү.

Бурханы шашин шинээр дэлгэрч буй бусад тивийн улс орнуудад ч эл их дүйчэн өдрийг жилээс жилд улам өргөн дэлгэр тэмдэглэж буй нь зовлонг ерөндөглөх, амар амгаланд үнэхээр хөтөлж чадах ханьцашгүй сургаал нь азийн уламжлалт орнуудын хил хязгаараас хэдийнээ халин XXI зууны соёлт хүн төрөлхтний оюуны их гуу сан болсны тод илрэл ажээ.

Бурхан багш эртний Энэтхэг орноо 2600 орчим жилийн тэртээ залран “буян, нүгэл”, “үйлийн үр”, “үхэл, мөнх бус”, “шүтэн барилдлага, хоосон чанар”, “бодь сэтгэл, төгс гэгээрэл”-ийг номлон “мөнхийн” болон “тасархайн” үзлээр нэрвэгдэж хямарсан нийгмийг соён гэгээрүүлж тоолшгүй олон амьтны аврал, итгэл болсон бөлгөө. Түүнчилэн Бурхан багшийн сургаал монголчууд бидний өвөг дээдэс болох Хүннү Сүннүгийг үеэс эхлэн дэлгэрсэн агаад түүхийн мандал, буурлын жимээр замнаж энэ цаг үетэй золгохдоо хуран үймцээнт нийгэмд ёс суртахууны хэм хэмжээ болохын зэрэгцээ ард түмнийг арван ухааны эрдмийн орноороо соён гэгээрүүлж ирсэн болой.

Өдгөөгийн шинжлэх ухаан, техникийн хурдацтай хөгжлийн эринд ч хүн төрөхтний оюуны эгээрэл горилыг бүрнээ хангаж дотоод сэтгэлийн амар амгалан лугаа учруулж чадах Бурханы шашны гурван аймаг ай савд сонсох, санах, бясалгахын үүднээс үргэлж шамдан суралцахыг лам хувраг, сүсэгтэн олон, ард иргэд та бүхэнд уриалж байна.

Цастын орны мэргэдийн оройн чимэг хэмээн алдар нь дуурссан монгол эцгийн хөвүүн Богд Зонхова бээр:
“Сонссоноор номыг мэдмүй
Сонссоноор номыг ойлгомуй
Сонссоноор номыг ухаармуй” хэмээх “Бодь мөрийн зэрэг” шастиртаа чухалчлан айлдсаныг дахин дуртган сануулсуу.

Хэдийгээр дэлхий нийтээр түгшсэн энэ цаг үе дор олон нийтийг хамруулсан үйл ажиллагаа явуулах боломжгүй ч Бурхан багшийн их дүйчэн өдрийн үнэ цэн, тус эрдмийг хувь хүмүүн, өрх гэр, албан байгууллага, нийгэм, улс оронд таниулахын тухайтад энэ удаагийн их дүйчэн өдрийг МБШТ Гандантэгчэнлин хийдээс Бурханы шашны бусад сүм хийдүүд болон төрийн бус байгууллагуудтай хамтран “Энэрлээр нэгдэж, эвээр бүтээе” хэмээсэн уриан дор цахим орчныг түшиглэн зохион байгуулж буй билээ.

Энэрэл нийгүүсэл, билэг билгүүний мөн чанар болсон Бурхан багшийн их дүйчэнг орон даяар арван хар нүглийг тэвчин, арван цагаан буяныг хураах баяр амралтын өдөр болгон тэмдэглэж байгаа нь бусад олон нийтийн баяр амралтын өдрүүдийг тус тусынх нь үндсэн агуулгыг гажуулалгүй ёслол хүндэтгэлтэй, өөрт болон өрөөлд хор хөнөөлгүй тэмдэглэн өнгөрүүлдэг болоход ёс зүйн чиг баримжаа болох учиртайг та бүхнээ дахин айлтгамуу.

Ингээд Бурхан багшийн их дүйчэн өдрөөр хураасан эрхэм буян тань түм бумаар үржиж, эх болсон хамаг амьтныг гэгээрлийн хутагт хөтлөх дээдийн шалтгаан болох болтугай гэсэн өлзийт ерөөлөөр энэхүү үгээ жаргаасуу.

Ум сайн амгалан болтугай.

МБШТ Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуган
2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан