Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Теле хичээлээ хэр ойлгосон, багш юу анхаарах ёстойг хянах удирдлагын ухаалаг систем бүрдүүлэх шаардлагатай гэв

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо болон Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран "Боловсролын салбар дахь цахим шилжилт" хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт хууль тогтоогч, бодлого боловсруулагчид, их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулийн төлөөлөл, мэдээллийн технологийн салбарынхан оролцож, мэдээллийн технологийн хөгжил ба боловсролын салбарт үүсэж буй боломж, тулгамдсан асуудал, ирээдүйн хандлагын талаар хэлэлцэв.

УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, хүн төрөлхтөн хүссэн ч, эс хүссэн ч цахим шилжилтийн замд эргэлт буцалтгүй орж байна. Анги, танхимд багшаар шаардуулж хичээл хийдэг цаг үе ард хоцорч, сурч мэдэх чин хүсэл эрмэлзэлд тулгуурласан боловсрол эзэмших хандлага, сургалтын арга барил дэлхий нийтэд голлож эхэлснийг онцлон тэмдэглэлээ.

Мэдээллийн технологийн хөгжил өнөөдөр дэлхийг өөрчилж байна. Энэхүү өөрчлөлт боловсролын салбарыг илүү их хамарч, боловсролын үйлчилгээг хэрэглэгчдэд улам ойртуулсаар байна. Үр дүнд нь боловсролын хүртээмж нэмэгдэж, өртөг буурч байна. Цаашид цахим сургалт улам ач холбогдолтой болно. Цахим боловсрол зөвхөн КОВИД-той холбогдох асуудал биш. Цаашид цахим сургалт, цахим контент, цахим үйлчилгээг яаралтай, чанартай нэвтрүүлэх нь Монголын хүүхэд, залуучууд дэлхийтэй хөл нийлсэн боловсрол эзэмших, улмаар Монгол Улсын боловсролын чанар, үйл ажиллагааг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрүүлэхэд чухал алхам болно гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн илтгэлдээ дурдав.

Дэлхий нийтийг түгшээсэн КОВИД-19 цар тахлаас үүдэн дэлхийн 165 оронд 1.5 тэрбум суралцагч танхимын сургалтад хамрагдах боломжгүй болсон тухай ЮНЕСКО мэдээллэсэн. Түүнчлэн ЮНЕСКО-гоос "Learning never stops" буюу “Суралцахаа хэзээ ч бүү зогсоо” хэмээх уриалгыг гаргаж, зайны сургалтыг зохион байгуулах талаар тэдгээр 165 оронд чиглэл, зөвлөмж хүргүүлээд байна. Тэдний нэг нь Монгол Улс гэдгийг хэлэлцүүлгийн эхэнд онцлов.

Хэлэлцүүлгийн хүрээнд “Ерөнхий боловсрол дахь цахим шилжилтийн асуудал”, “Дээд боловсрол дахь цахим шилжилтийн асуудал”, “Монгол Улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын өнөөгийн байдал ба боломжууд”, “Санхүү эдийн засгийн их сургууль болон ерөнхий боловсролын 23 дугаар сургуульд нэвтрүүлсэн системийн танилцуулга” сэдвүүдээр холбогдох байгууллагын албан тушаалтнууд илтгэл тавьж, цахим шилжилт хийхэд анхаарч, сайжруулах шаардлагатай зүйлсийг тал бүрээс нь ярилцав.

Ерөнхий боловсролын салбарын хувьд үндэсний хэмжээнд нэгдсэн платформтой байх, хүүхдүүд теле болон цахим хичээлээ хэр ойлгосон, багш юу анхаарах ёстойг хянах боломж бүхий удирдлагын ухаалаг систем бүрдүүлэх шаардлагатай гэж байлаа. Мөн багш нарыг компьютерээр хангах, сургуулиудыг ухаалаг тоног, төхөөрөмж, дүрс дуу бичлэгийн студитэй, мэдээлэл технологийн ажилтантай болгох асуудлыг ч хөндөж байв.

Дээд боловсролын хувьд сургалтын шинэ орчин, цахим технологийг ашиглаж эхэлснээр ихэнх оюутны бие дааж сурах арга барил дээшилж, их сургуулийн удирдлагын мэдээллийн системийн ашиглалт сайжирсан байна. Тулгарсан сорилтыг даван туулж, бага өртгөөр чанартай, хүртээмжтэй боловсрол олгох нэг арга зам бол нээлттэй боловсрол, онлайн сургалт гэдгийг онцолж байлаа.

Цахим шилжилтийн бэлэн байдлын үнэлгээг хийж үзэхэд манай улсын 100 хүнд 113 гар утас ногдож, иргэдийн 70 хувь нь интернет худалдан авах чадвартай байгаа ч суурин интернетэд холбогдсон байдал нийслэлд 38, орон нутагт долоон хувьтай байгаа нь хүссэн үр дүнд хүрэхээргүй байгааг харуулж байна. Тиймээс мэдээлэл, технологийн салбарын дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж зарим төлөөлөл үзэж байна.

Хэлэлцүүлэгт оролцогчид цахим боловсрол, сургалтын бодлого, эрх зүйн орчинг бүрдүүлэх, энэ хүрээнд цахим, теле хичээл, онлайн сургалт, зайны сургалт зэрэг нэршлүүдийг тодорхой болгож, нэгдсэн ойлголтод хүрэх, багш бэлтгэх хөтөлбөрт цахимаар хичээлээ заах агуулгыг оруулах шаардлагатайг онцолж байна. Мөн цахим сургалтын зөөлөн болон хатуу дэд бүтцийг шийдвэрлэж, цахим сургалт явуулах таатай орчинг бүрдүүлэхийг төрөөс дэмжихийг хүсч байлаа.

 

 

14 Сэтгэгдэл
гэрийн багш гэдэг хуучин аргадаа шилжсэн нь дээр дээ. Гэр бүлүүд өөрсдөө хүүхдээ сургах нь зөв байх. Эрүүл мэнд нэгдүгээрт тавигдаж байгаа өнөө үед бүх хүүхдийг нэг бүгчим, агаар муутай хаалттай өрөөнд хашиж, бүгдэд нь ижилхэн боловсрол олгох гээд чичрээд дайраад байх хэрэггүй болж байх шиг байна.
Ерөнхий боловсролд цахим орохгүй ш дээ дөнгөж мэдлэг заалгаж байгаа хүмүүс шүү дээ. Цэдэвсүрэн сайд боловсролын мэргэжилгүй хуульч хүн ер бол одоо засгийн газар улсын суурь болсон боловсролын салбарт мэргэжлийн өндөр боловсролтой 1 хүн тавиад өгчиж болох л байсан. Өвчин газар аваал сүйд хийгээд байсан одоо хүүхдүүдэд суурь боловсролыг олгочдог байсныг энэ хүмүүс холион бантанг зуураад эхэллээ. Та нарт дураараа улсын мэрэгжлийн салбарын ажлыг буруу хийх эрх байхгүй шүү. Энэ авгай сайд хийхгүй чадвар ч мэдлэг ч байхгүй бүр буруу хийх хүн харагдаад байна лээ.
Теле хичээл хүүхдүүдийн хувьд ямар ч үр дүн алга. Боломжтой айлын хүүхэд багшаас төлбөртэй давтлага аваад явчихна. Боломж муутай айлын хүүхэд сурахад хэцүү л болж байна.
Цахим хичээлийн хугацаа богино 20 минут ч хүрэхгүй байсан.Хүүхдүүд мэдлэг олж авах чадвар харилцан адилгүй учир дутагдалтай тал их байлаа.
Цахим эрин ирнээ. Цаг хугацааны асуудал. Вирусны мутацчлал, байгаль экологи биднийг зардлаа хэмнэж, хэрэгтэй зүйлээ ярьж, хэрэгтэгй зүйлээ л хий гэж байна. Энэ их машины утаа, цахилгааны хэрэглээ буурч үр дүнгээ цахим аргаар гаргаж авахад болохгүй юм байхгүй. Нөгөө алтан аялгууны сударт цахим эринийг хэлсэн байсан гэсэн шүү. Өртөөлөгчийг монголчууд авчирна гэсэн юм байна лээ. Хуучирсан хайрцагтай ягшмал үзлээсээ салаад технологиосоо хоцрохгүй явахаа л бод
Мөнгө идэх шинэ арга
Бага ангийн хүүхдийн нас биеийн онцлог, анхаарлын төвлөрөлт, сургалтын орчин, эцэг эх, асран хамгаалагчдын боловсрол, хяналт, ар гэрийн амьдралын түвшин /ухаалаг гар утасгүй, интернет холболттой .... /..... гэх мэт олон хүчин зүйлээс болж цахим сургалт нь бага ангийн суралцагчдад тийм сайн үр дүн авчрахгүй байна. Тиймд бага насны суралцагчдад цахим сургалтыг явуулах арга зүй, технологид маш сайн анхаарах хэрэгтэй байнаа.
цахим интернэт инноваци энэ тэр гэж бүлт үсрээд яахав. 5р ангийн хүүхэд давтлаганд авлаа. юу ч алга. сургалтын хөтөлбөрт 10 түүнээс дээш цагаар ордог аравтын бутархайн нэмэх хасах үржих хуваах үйлдлийг теле хичээлээр 20 20 минутаар заасан болоод өнгөрч. процентийн бодлого ч мөн ялгаагүй. мэдэх юм алга. теле хичээлийн үр дүн энэ. 20 минутын теле хичээлээс бага ангийн хүүхэд юу тогтоож юу сурч ойлгох юм. эцэг эх багш нараас цахим судалгаа авсан түүнээ худлаа хэлэлгүй үр дүнг нь үнэн хэлээ. теле хичээл ямар ч үр дүн байхгүй. төсвийн мөнгө ингэж үрэх хэрэггүй.
Мөнгө идэх шинэ арга
Энэ жил 2 ангид орох хүүхдийг давтлаганд авч үзлээ. Теле хичээл үнэхээр үр дүнгүй байсан нь харагдаж бна. Уншиж бодож чадахгүй хүүхдүүд ирж бна. Эцэг эх нь туслалцаа үзүүлэх арга зүйн мэдлэг дутмаг , улс даяар ижил жигд сэдэв дээр зогсоогүй багш бүр хүүхдийнхээ чадвараараа хамаарч өөр өөр үсэг зааж байх үед зогсоосон учир зарим хүүхэд энэ хичээлийг манай ангид үзсэн гэх зэргээр хайнга хандсан , зааж байх үед эцэг эх сурагч анхаарахгүй үзэхгүй өнгөөрөх, орчин нөхцөл бүрдээгүй байх зэргээс хамаарч хүүхдүүд юм сурахгүй маш их хоцорсон бна. Төв суурингийн хүүхэд ийм муу байгаа юм чинь хөдөөний малдаа явж өнгөрөөсөн хүүхдүүд үнэхээр юу ч сураагүй байгаа нь ойлгомжтой . Эдгээр хүүхдүүдийг яах вэ? Сайдаа дахин 1 ангид нь суулгамаар юм 1 сарын дотор энэ хүүхдүүдийн хоцрогдлыг яагаад ч нөхөж чадахааргүй бгаа нь харагдаж бна. Би яг н1 ангийн сурагчдад хичээл зааж бгаа юм шиг м үсэгнээс заагаад одоо дөнгөж 12 гийгүүлэгч үсэг зааж уншуулж сургаж бна. Цаана нь 35-17 = 18 үсэг үлдэж бна. 9 сарын 1 гэхэд дуусахгүй шинжтэй л бна. Нэг үсгийг 4 өөс 6 цаг үүэх хичээлийг 2 цагт үзэж бгаа учир хүүхдэдээ маш их ачаалалтай байх юм бна.
Зугээр харж хуулах тедий ямар.ч шахалт байхгуй багш нь холбоо барихгуй юм
Багш сурагчдын амьд харилцаа байхгүй, эцэг эх нь ажилтай, байнга хянах бололцоо багатай айлын хүүхдүүд, амьдралын түвшин догуур айлын хүүхдүүдэд хэр өгөөжтэй байх бол. Мөн хичээлдээ ирж л сайхан байдаг хүүхдүүд ч байдаг
Хүүхдүүд дунд нь хохирох вий гэж эмээж байна. Боломж болоцоо муутай айлын хүүхдүүд яах вэ.
Харин хэлэлцүүлгээр хүмүүс зөв асуудлуулыг дэвшүүлсэн байх шигээ
Undesnii hemjeend sudlagdahuunuud ni yag neg hutulburuur yavbal bagshiin tanhimd zaasan hicheel tele hicheeltei davhardaj garahaar huuhuud tv hicheelee uzeh durgui bn
Хамгийн их уншсан