Янгир ямаа, зээрийн сүргийг годрон өвчний эрсдэлээс сэргийлэх зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлжээ. Энэхүү зөвлөмжийн талаар БОУАӨЯ-ний Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газрын дарга Т.Балжинням мэдээлэл өглөө.
Тэрбээр “Монгол Улсын хэмжээнд арван аймгийн 13 байршилд малын гоц халдварт өвчин болох ямааны годрон илэрсэн. Иймд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас зэрлэг амьтан, тэр дундаа янгир ямаа, зээрийн сүргийг өвчний голомтоос тусгаарлах, идэш тэжээлийг зааглах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах тухай зөвлөмж, чиглэлийг 21 аймгийн Байгаль орчны газар, Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадад хүргүүлсэн байна.
Уг зөвлөмжид зэрлэг амьтантай бэлчээр, ус, малаа нэг байлгахгүй. Мөн зэрлэг амьтны бүс нутагт тандалт судалгаануудыг хийх хэрэгтэй. Улирал солигдож байгаа цаг үед малын шилжилт хөдөлгөөн их явагддаг.
Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймагт буюу Алтай нурууны дагаад янгир ямаа, зээрийн бүс нутгууд байгаа. Иймээс эрсдэл өндөртэй гэж үзэж байгаа. Мөн Төв аймгийн нутаг дэвсгэрт янгир ямаа бүс нутаг байдаг. Иймээс БОУАӨЯ-наас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна” гэв.
























