Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бартаат замын авто спортын үйл ажиллагааг байгаль орчны хамгаалалтын шаардлагад нийцүүлэн зохион байгуулах талаар хэлэлцлээ

Бартаат замын авто спортын уралдаан, тэмцээн, аялал зохион байгуулах үед байгалийн унаган төрх, хөрс, ургамлын бүрхэвч, усны нөөц, зэрлэг амьтдын амьдрах орчинд сөрөг нөлөөлөл үүсэх эрсдэлтэй.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, “Монголын Бартаат Замын Авто Спортын Холбоо” (MOF) НҮТББ-ын ерөнхийлөгч Т.Ганболдтой уулзаж, тус холбооноос зохион байгуулдаг авто спортын тэмцээнүүдийн байршил байгаль орчны шаардлага хангаж байгаа эсэх, тэмцээн, уралдааныг цаашид байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, хохирлыг бууруулах зарчмаар зохион байгуулах талаар санал солилцлоо.

Уралдаан, тэмцээний маршрутыг тусгай хамгаалалттай газар, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, Рамсарын бүртгэлтэй газар болон бусад эмзэг бүстэй давхцаж байгаа эсэхийг тогтоох.

Зохион байгуулагчдаас маршрут, зохион байгуулалтын төлөвлөгөө, шаардлагатай зөвшөөрөл, байгаль орчны эрсдэлийг бууруулах арга хэмжээний мэдээллийг авах.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын хамгаалалтын бүсчлэлийн дэглэм, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан хориглосон буюу тухайн зориулалтаар үйл ажиллагаа явуулахыг хязгаарласан газар нутагт бартаат замын авто спортын уралдаан, тэмцээн зохион байгуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх.

Уралдаан, тэмцээний өмнөх ба дараах байгаль орчны төлөв байдлыг баримтжуулж, хохирол тогтоогдвол хуульд заасан журмаар нөхөн төлүүлэх, нөхөн сэргээх арга хэмжээ авах.

Авто спортын холбоод, клубүүдэд байгаль орчны хууль тогтоомж, Рамсарын конвенцтой холбоотой мэдээллийг зөвлөмж байдлаар хүргүүлэх гэсэн 5 чиглэлийг яамны зүгээс онцлов.

Тус холбооны зүгээс байгаль орчныг хамгаалах, тэмцээн, уралдааныг байгальд ээлтэй зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлж, ирэх жилийн уралдаан эхлэхээс өмнө холбогдох асуудлуудыг хамтран шийдвэрлэхээр харилцан ойлголцлоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан