Монгол Улс, НҮБ-ын 2028–2032 оны Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд ямар чиглэлийг тэргүүлэхээр тусгах талаар хэлэлцэх Үндэсний зөвлөлдөх уулзалтыг Гадаад харилцааны яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар хамтран арваннэгдүгээр сарын 17-нд Улаанбаатар хотод зохион байгуулав.
Уулзалтад Засгийн газар, иргэний нийгэм, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшил, олон улсын хөгжлийн түншүүд болон залуучуудын төлөөлөл оролцов. Тэд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг илүү хүртээмжтэй болгох, эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг иргэдэд хүргэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, ногоон шилжилтийг дэмжих, засаглал, хариуцлагыг сайжруулах талаар санал, зөвлөмж гаргажээ.
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн ашигт малтмалын нөөц, сэргээгдэх эрчим хүчний боломж, газар зүйн байршил, залуу хүн ам зэрэг давуу талаа ашиглан эдийн засгаа төрөлжүүлж, бүтээмжийг нэмэгдүүлэх нь чухал гэв. НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиерден эдийн засгийн өсөлт, байгалийн баялгийн үр өгөөжийг хүн бүрийн амьдралын чанар, хөгжих боломжийг дээшлүүлэхэд чиглүүлэхийг онцоллоо.
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг шинэ баримт бичгийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлохдоо 2023–2027 оны хамтын ажиллагааны хэрэгжилтийн үнэлгээнд тулгуурлахыг дурдав. Энэ удаагийн уулзалт НҮБ-аас зохион байгуулсан цуврал хэлэлцүүлгийн сүүлийнх бөгөөд гарсан санал, зөвлөмжийг шинэ баримт бичиг боловсруулахад ашиглана. Монгол Улсын Засгийн газар, НҮБ уг баримт бичгийг 2027 онд эцэслэж, гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
























