Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Болор: Гурван үеэрээ сайд болсноо хувь тохиол гэж боддог

УИХ-ын гишүүн Б.Болортой улс төрөөс ангид сэдвээр ярилцлаа.

-Та УИХ-д шинээр сонгогдсон гишүү­дийн нэг. Чуулганы танхимд үг хэлж байсныг чинь цөөхөн удаа сонссон юм байна. Ер нь, чуулган, Байнгын хороодын хуралдаанд санал бодлоо илэрхийлдэггүй зарим гишүүнийг элдвээр хочлох нь бий. Хоёулаа яриагаа эндээс эхлэе?
-Ямар нэг албан тушаал аваагүй УИХ-ын гишүүдийн нэг учраас намын бүлэг, Байнгын хорооноос гаргаж буй ажлын хэсгүүдэд орж, идэвхтэй ажиллаж байгаа. Бүлэг болон Байнгын хорооны хуралдаанд асуудлаа ярьдаг. Сөрөг хүчний бүлгийн гишүүн биш учраас чуулганы хуралдаанд нэг их юм яриад байх шаардлага гардаггүй. Тэгэхээр л дуугүй гишүүн гэж нэрлэх гээд байх шиг. Мэдээж, хэлэх гэснээ ярилгүй л яахав.

-Таныг Бельгийн вант улсын Европын их сургуульд суралцах төлбөрөө төлүүлэх гэж тухайн үеийн төрийн өмчит компаниудад захидал бичсэн хүүхдүүдийн нэг гэдэг. Тэр тухайгаа манай уншигчдад яриад өгөөч?
-1994 оны намар Европын их сургууль, Майрландын их сургууль гээд хэд хэдэн их сургуульд долоон хүүхэд суралцах эрх авч, тэнцчихсэн юм. Мэдээж, тэр үед санхүүгийн боломж байгагүй. Нэгэнт сургуульд суралцахаар тэнцсэн учраас долуулаа тухайн үеийн НИК, “Эрдэнэт”, “Говь”, Ардын банк гээд төрийн өмчийн томоохон бүх компанид захиа бичиж байлаа. Ардын банк дараа нь дампуурчихсан л даа. Бид Спортын төв ордны гадаа уулзаж, өөрсдийгөө “дордохын долоо” гэж яриад явж байлаа шүү дээ. Бичсэн захиа маань “Бид гадаадын их сургуульд суралцах эрх авчихлаа. Сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлээч” гэсэн утгатай. Ингээд тухайн компанийн Европ дахь төлөөлөгчөөр цалингүй ажиллая гэсэн нөхцөлтэйгээр долуулаа сургуульдаа явж байлаа.

-Төрийн өмчит компаниудаас сургалтын төлбөрөө төлүүлж суралцаад долуулаа эх орондоо ирсэн үү. Ер нь, сүүлийн үед Сургалтын төрийн сангаас зээл авч, гадаадад өндөр боловсрол эзэмшсэн хүмүүс эх орондоо ирэхгүй байгаа нь шүүмжлэл дагуулдаг?
-Би сургуулиа төгсч ирээд гэрээнийхээ дагуу НИК компанид гурван жил ажилласан. Энэ компанид гурван жил ажилласан хугацаа бол миний хувьд нүд нээх том боломж болсон. Том компанид 21-тэйдээ ажилд орж, олон мянган хүнтэй хамт ажилласан нь миний цаашдын ажилд ч их нөлөөлсөн. Арван жилдээ гайгүй сурлагатай хүүхэд байлаа. Гэтэл хүмүүс арын хаалгадаж, гадаадын сургуульд суралцсан гэж боддог  юм шиг байна лээ. Тэр үед тийм зүйл байгаагүй. Төрийн сангийн зээлээр явж байгаа хүүхдүүдийг харж байхад олонх нь дунд төвшнийхөн байдаг. Том дарга нарын хүүхэд явдаг гэж хүмүүс ойлгодог. Тийм биш юм билээ. Би ГХЯ-нд ажиллаж байхдаа Олон улсын харилцааны чиглэлээр явж байгаа хүүхдүүдийг харахад голдуу хөдөөнийх байдаг. Дарга нар гээд байгаа нөхдүүд хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөөд явуулдаг байлгүй дээ. Харин гадаадад өндөр боловсрол эзэмшчихээд ирдэг нь цөөн. Бид долоогоос л гэхэд хоёр нь эх орондоо эргэж ирсэн байх жишээтэй. Нэг нь би, нөгөө нь Мобикомд ажиллаж байгаа. Төрийн сангийн зээлээр суралцсан хүүхдүүдийн олонх нь эх орондоо ирж ажиллахгүй байгаа нь харамсалтай. Улсаар мөнгөө төлүүлээд суралцчихаад гадаадын аль нэг улсын харьяат болсон, гадаадын иргэнтэй гэр бүл болоод үлдсэн хүн ч олон байдаг юм билээ.

-Таны НИК компанид ажиллах гэрээ дуусаагүй байхад ажлаас халчихсан гэл үү?
-2000 оны УИХ-ын сонгуулийн дүнг та бүхэн сайн мэдэж байгаа. Тухайн үеийн 76 гишүүний 72 нь одоогийн МАН-ынх байлаа. Тэр үед НИК компанийн удирдлагуудыг тэр чигээр нь сольсон. Одоо сөрөг хүчнийхэн төрийн албан хаагчдыг ажлаас халаад байна гэж яриад байгаа шүү дээ. Үнэн хэрэгтээ тэр үед төрийн албан хаагчдыг өөрсдөө ажлаас нь халж байсан. Гэтэл одоо гэнэт саран дээрээс бууж ирсэн юм шиг л юм яриад байгаа. Тэр үед миний ажиллах гэрээний хугацаа дуусаагүй, нэг жил дутуу байхад улс төрийн шалтгаанаар НИК компаниас халагдаж байлаа.

-Улс төрийн шалтгаан гэдгээ тодруулахгүй юу?
-Тухайн үеийн МАХН-ынхан Анандбазар тэргүүтэй нөхдийг НИК компанид томилсон.  Тэд надаас гадна Денверийн их сургууль төгссөн Амарсанаа, одоо томоохон компанид ажиллаж байгаа бас нэг залуу бид гурвыг Ардчилсан намынхантай хамтарч ажиллаж байсан гэсэн үндэслэлээр ажлаас халсан юм. Эргээд бодоход тэр үед ажлаас халагдсан нь ч болсон. Тэгээгүй бол НИК-д дахиад хэдэн жил ч болох байсан юм билээ, бүү мэд. Улсын компанид хүн өсч дэвжих боломж байхгүй.
-Яагаад?
-Дарга нар нь дандаа улс төрийн томилгоогоор очдог. Тэгэхээр мань мэт нь мэргэжилтнээ хийж байсан бол түүнийгээ л хийгээд явж байх жишээтэй. Дэмжлэг байдаггүй. Хэчнээн сайн ажиллаад ямар ч магтаалын үг сонсдоггүй байлаа. Тийм учраас сүүлдээ ажиллах идэвх үнэхээр сулардаг юм билээ. Улс компанитай байх нь буруу л даа. Аль болох хувьчлах нь зөв.

-НИК компаниас гарсны дараа та бизнест хөл тавьсан уу. “Гарьд тур” компанийг байгуулсан гэж сонссон?
-Тийм ээ. Европын их сургуулийг хамт төгссөн голланд найзтайгаа хамтарч аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар “Гарьд тур” компанийг байгуулсан. Энэ компани тэгээс л бүхнээ эхлүүлсэн дээ. Анх УАЗ-469 машинтай байлаа. Машинаа өөрөө жолоодоод жуулчдаа авна. Гадаад хэл сурсны давуу тал энд л ёстой гарсан даа. Англи, франц, орос хэлээр ярьчихна. Өөрөө галт тэрэгний буудал дээр хүлээж байгаад жуулчдыг буугаад ирэхээр нь Архангайг үзүүлье гээд аваад давхина. Ингээд зургаан жилийн дотор Монголын томоохон компани болтлоо өргөжсөн. Тэр үед та нар хэн засаг барьж байсныг мэдэж байгаа. Надад ямар нэг улс төрийн дэмжлэг байгаагүй. Ер нь, улс төр сонирдог байсан. 2001 онд АН-д элссэн юм.
Компани маань нэлээн томорч, гэр бүлээ аваад явчих боломжтой болсон. Залуу хүн нэг газар удаан ажиллахаар зэврэх тал руугаа ордог юм билээ. Компанийн үйл ажиллагаа ч тогтвортой болж, хүрэх ёстой цэгтээ хүрсэн. Уг нь, өдөр, шөнөгүй нойр, хоолгүй ажиллаж, компаниа хөл дээр нь босгочихож байгаа юм. Гэтэл нэг тодорхой төвшинд оччихсон учраас ажил, бизнес маань ч сонирхолгүй болж эхэлсэн. Яагаад гэвэл өдөр бүр нэг л зүйлээ хийнэ. Өөрөө жуулчидтайгаа харилцаад сонирхолтой ажилладаг байсан хүн чинь компани томроод ирэхийн цагт захирал боллоо. Хүмүүст үүрэг өгөөд л нэг өрөөнд суудаг болсон. Тэгээд л олон нийтийн ажил, намын ажил руу орж эхэлсэн дээ.

-Компанийг чинь одоо хэн хариуцаж ажиллуулж байгаа вэ?
-“Гарьд тур” компанийг  найзынхаа нэр дээр шилжүүлээд удаж байна. Тухайн үед бизнес хийж байхдаа охин компаниуд байгуулсан. “Хойд булаг” гэх мэт компаниуд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Мэдээж, Болор улстөрч боллоо гээд тэр хүний компанийн ажил зогсохгүй. Жишээ нь, Жорж Буш Америкийн Ерөнхийлөгч боллоо гэхэд хувийнх нь компани ажиллаж л байгаа шүү дээ. Манайхан заримдаа явцуу ойлголттой байдаг. Бизнесмэнүүд улстөрч болсон тохиолдол дэлхий даяар л байгаа шүү дээ.

-Улстөрч болчихоод өөрийнхөө компанид давуу эрх олгодог гэсэн шүүмжлэл зөндөө л гардаг шүү дээ.
-Саяхан манай улсад айлчилсан Тайландын Ерөнхий сайд эмэгтэй бизнес хийж байгаад л Ерөнхий сайд болсон шүү дээ. Улстөрч болчихоод өөрийнхөө компани руу ямар нэг байдлаар тодорхой хэмжээний зээл тусламж олгож, давуу эрх эдлүүлж болохгүй. Үүнийг зохицуулсан ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль байгаа шүү дээ.

-Таныг Гадаад харилцааны дэд сайд болж байхад “Гурван үеийн сайд төрлөө” гэсэн яриа гарч байлаа. Аавыг чинь Үйлдвэр, худалдааны сайдаар ажиллаж байсан гэж сонссон. Харин таны өвөө ямар салбар хариуцсан сайдаар ажиллаж байсан юм бэ?   
-Манайх Архангай аймгийн Чулуут сумын унаган айл л даа. Өвөө маань Архангай аймагт ажил хөдөлмөр эрхэлж байсан. Тухайн үед аймгийн бүхий л бүтээн байгуулалтад гар бие оролцож явсан төрийн томоохон зүтгэлтэн. Ой модны аж үйлдвэрийн яам, Хөнгөн хүнсний үйлдвэрийн яаманд орлогч сайдаар олон жил ажилласан Сэд-Очир гэж хүн байсан юм. Намайг хүмүүжүүлж, их зүйл зааж, сургасан даа. Дөрвөн жилийн өмнө бурхан болсон. Аав маань Баярбаатар гэж хүн байсан. Зүв зүгээр ажлаа хийж явж байгаад гэнэт нас барсан нь надад их хүнд туссан. Намайг ерөнхий  мэдлэг сайтай болгох гэж маш их анхаарал хандуулдаг байлаа. “Бүх сэдвээр хүнтэй ярьж чаддаг байх ёстой. Хүн чамтай ямар ч сэдвээр ярьсан тэр сэдвээр нь ярьж чаддаг байх ёстой” гэдэг. Тэрийгээ ч гүйцэлдүүлдэг. Бага байхад энэ нь надад их ядаргаатай санагддаг байсан юм. “Одоо энэ номыг унш” гээд л баахан ном авчирч өгнө. Үгийн сүлжээ их бөглүүлнэ. Үгийн сүлжээгээ өөрөө зохиогоод  бөглүүлнэ. Аав минь нийгмийн шилжилтийн үед  Үйлдвэр худалдааны сайдаар ажиллаж байсан. Тухайн үед маш их зүйлийг хийж бүтээсэн гавьяатай. Гэтэл төр засаг аавын минь хөдөлмөрийг үнэлж, шагнаж урамшуулж байгаагүй юм билээ. Өөрөө ч тэгж хөөцөлддөггүй, тоодоггүй бодь хүн байлаа.
Гурван үеийн сайд гэдэг хувь тохиол юм болов уу гэж боддог. Төлөвлөөд сайд болно гэж байхгүй. Бид гурав төрийн сайдын ажлыг 20, 20 жилийн зайтай хашсан байдаг юм. Сайд болох нь дээр үеийнх шиг ноёны хүүхэд ноён болно гэдэг шиг өв залгамжилсан зүйл биш шүү дээ. Аавыг минь өвөө сайд болгоогүй. Намайг аав сайд болгоогүй. Бидний хувь тохиол, зураг нь л тийм байсан байлгүй. Нам ярих юм бол тэр хоёр маань шал өөр намынх. Тэр үеийн МАХН-ын “цэргүүд” шүү дээ.
Би өвөөтэйгээ маш их маргадаг байсан юм. “Би АН-аас дэд сайд болчихоод байна. Та одоо Ерөнхийлөгчийн сонгуулиар Элбэгдоржид саналаа өгнө биз дээ” гэхэд өвөө “Үгүй. Би Энхбаяртаа л өгнө”  гээд саналаа өгч л байсан. Миний хувьд өвөө, аав хоёроороо маш их бахархаж явдаг. Зөв явах ёстой гэж их зааж сургадагсан. Зөв л явах юм бол нутаг, уул, ус чинь чамайг байнга харж явна шүү гэж захидаг байлаа. Би аав, өвөө хоёрынхоо хаана нь ч хүрэхгүй.

-Та Архангай аймгийн “Бөх билэгт” дэмжээг тэргүүлдэг. Ингэхэд өөрөө барилддаг уу?
-Миний барилдах гэж юу байх вэ дээ. Яахав, бөхийн секцэнд явдаг л байсан. Барилдана, бөх болно гэдэг чинь цаанаасаа төрдөг юм шүү дээ. Тэрнээс хэчнээн том биетэй байгаад бөх болно гэж хэзээ ч байхгүй. Бөх хүн бол цаанаасаа шал өөр. Ясны тогтолцоо, биеийн онцлог гээд бүх талаараа өөр. Би бөхийн хоббитой. Үндэсний бөхөө дэмжье гэсэн бодолтой явдаг учраас төрөлх Архангай аймгийнхаа “Бөх Билэгт” дэвжээний тэргүүнээр ажилладаг. Бөхчүүдээ дэмжих, тэднийг амжилт гаргах боломжоор нь хангах, бэлтгэл сургуулилт хийх нөхцөлийг нь сайжруулах зорилготой. Бөхчүүд их сайхан, хийморьтой. Тэдэнтэй найз нөхөд байж, холбоотой байна гэдэг нь миний хувьд том аз завшаан. Бага байхдаа бөх үзээд ямар азтай хүмүүс бөхчүүдтэй найз болдог юм бол оо гэж боддог байлаа. Гэтэл өнөөдөр ид  барилдаж байгаа бөхчүүд надтай найз, гэмгүй сайхан харилцаатай явдаг юм.

-Таныг АН-ын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооны тэргүүнээр ажилладагийг мэднэ. Үүнээс өөр ямар спорт холбоонд сонгуульт ажил хашиж байна вэ?
-АН-ын бүтцийн байгууллага Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаад гурван жил болж байна. Бидний явуулж буй үйл ажиллагаа өрсөлдөгч намуудынхаас өөр. Үйл ажиллагаа явуулдаг арга барил, ажил, санхүүжиж буй байдал зэрэг нь өөр л дөө. Монголын Жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч гэж явдаг. Гэхдээ Жүдо бөхийн холбооны ажилд төдийлэн оролцоод байж чадахгүй л байна.

-Цаг зав гаргаж, хичээллэдэг спорт гэвэл?
-Би бүх л спортыг сонирхдог. Спорт бол миний маш том хобби. Багаасаа л тийм байсан. Аав маань л ийм болгосон доо. Өвөл, зуны гэлтгүй бүх л спортоор хичээллэнэ. Хүмүүс “Энэ Болорт тоглодоггүй спорт гэж байхгүй” гэж ярьдаг л байлаа. Жишээ нь, хөлбөмбөгийн лигт тоглодог байсан гэхээр зарим хүн итгэдэггүй юм. Европын их сургуульд суралцаж байхдаа их сургуулиудын лигт тоглодог байсан. Одоо бол долоо хоногт нэг удаа найзуутайгаа сагс тоглодог. Өвөлдөө том хүүгээ дагуулаад “Скай ресорт”-д очиж цанаар гулгадаг. Цаанаар гулгахдаа тийм ч сайн биш. Харин хүү маань их сайн гулгадаг болсон. Ер нь, спортыг маш их сонирхоно. Шөнөжингөө сууж үзэх тохиолдол гарна шүү.

-Танд сонирхож цуглуулдаг зүйл бий юү?
-Надад 11 настайгаасаа хойш цуглуулсан хөлбөмбөг, хоккейчдийн зурагнууд байдаг юм. Маш олон альбом болсон байгаа. Эхэндээ сонин, сэтгүүлээс хайчилж цуглуулдаг байсан бол сүүлдээ нэрийн хуудас шиг хэвлэгдээд гарсныг худалдан авч хадгалсан. Гэхдээ сүүлийн хоёр, гурван жил завгүй болоод цуглуулгаа арвижуулж чадаагүй. Хааяа тэрийгээ үзээд суухад их сонирхолтой байдаг юм.

-Үндэсний бөх, спортоос өөр ямар хоббитой вэ?
-Гитар тоглох дуртай. Царай муутай хүн чинь гитар тоглож л охин найрахгүй бол хэцүү байлаа шүү дээ. /Инээв/ Гэрт хэд хэдэн гитар байгаа. Тэрийгээ бас цуглуулга гэж хэлж болох байх. Стресстэй, сэтгэл жаахан тиймхэн үед гэрлээ унтраачихаад цахилгаан гитар тоглох дуртай.

-Гитар тоглодог юм чинь дуу бол дуулчихна биз дээ?
-Дуулах авьяас маш муу. Хурим найран дээр тулсан үед ганц нэг дуу дуулчих л байх. Гэхдээ л хэцүү дээ.

-Та тэгвэл гитар тоглож эхнэрээ найрсан байх нь ээ?
-Манай эхнэр миний гитар тоглодог авьяасыг тоодоггүй байсан юм. Уг нь, охид гитар тоглодог хөвгүүдэд дуртай л байдаг байсан үе. Эхнэрт маань миний гитар тоглох авьяаст татагдаагүй байх аа. Би тэгж л боддог юм.

-Хэр удаан эргүүлж байж, эхнэрээ авч суусан бэ?
-Их л удаан эргүүлсэн. Тэр үед залуу ч байж. Хошин шогийн тоглолт их үзнээ. Дасах гэж олон сар, жил үерхэж нөхөрлөөд явсан даа. Өнөөдөр дөрвөн хүүхэдтэй, сайхан амьдраад явж байгааг бодоход зохицсон хосууд юм болов уу гэж боддог юм.

-Ингэхэд та эхнэрээ манай уншигчдад танилцуулахгүй юү?
-Эхнэрийг маань Энхцэцэг гэдэг. Япон хэлний орчуулагч, багш мэргэжилтэй. Мэргэжлээрээ нэг их удаан ажиллаагүй. Сүүлийн таван жилд манайх бүл нэмлээ. Бизнес хийж байх үедээ завгүй байсан учир хүүхэдтэй болох талаар боддоггүй байлаа. Нэг мэдсэн чинь нас 30 гараад явчихаж. Цаашид эхнэр маань гэр бүлийн бизнес рүүгээ түлхүү анхаарч явах байх аа.

-Та хүүхдүүдээ хэр эрхлүүлдэг вэ. Хоёулаа гадаад хэлтэй боло­хоор хүүхдүүддээ ч гэсэн гадаад хэл багаас нь эзэмшүүлэх үү. Ер нь, хүүхдүүдийнхээ боловсролд хэрхэн анхаарч байна вэ?
-Өө би бол хүүхдүүдээ найгүй эрхлүүлнэ шүү. Гэхдээ эрхлүүлэхээс илүүтэй ерөнхий мэдлэгт нь их анхаарна. Зурагтаар 50 саяын уналт гэж нэвтрүүлэг гардаг даа. Ялангуяа, хүүхэд байхаас нь л тиймэрхүү асуултын 60 хувьд нь хариулчих хэмжээний мэдлэгтэй, аль ч сэдвээр хүнтэй ярьдаг болоход нь анхаарах ёстой юм шиг ээ. Тэгээд суурь боловсролыг нь монгол хэлээр эзэмшүүлэх зайлшгүй шаардлагатай. Үүнийг би эцэг эхчүүд, найз нөхөддөө байнга зөвлөдөг л юм. Гадаад хэлийг дараа нь сурж болно шүү дээ. Дунд сургуулийн ахлах ангид ч юм уу, их сургуульдаа сурах боломжтой. Харин суурь боловсролыг нь л монгол хэлээр эзэмшүүлэх нь хамгаас чухал. Зарим хүн манай хүүхэд хятад, америк сургуульд явдаг л гэдэг. Гэтэл тэр хэлээрээ ч, монгол хэлээрээ ч ярьж чаддаггүй хүүхэд олон байгаа. Монголоор зөв бичиж чадахгүй хүүхэд олон байна шүү дээ. Тиймээс хүүхдүүдийн суурь боловсролыг монгол сургуулиуддаа эзэмшүүлэх шаардлагатай гэж боддог. Тэгээд ч би хүүхдүүдээ монгол сургууль, цэцэрлэгт явуулдаг.

Б.Алтан

0 Сэтгэгдэл
Шаагаад 3 үеээрээ сайд явсан хүний хүүхдүд гадаадад суралгүй яадаг юм
АРД ТҮМНИЙ БУЯН АЖИЛАА ХИЙ
huvi zohiol ni yah we ajilaa hgeech. arai dendej bn. songogchd chn oorii chn songoson doo haramsaad bn shuu tsaana chn bodog bol odoo utsaagaad tatchh yumsan gd...
Хамгийн их уншсан