Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Барцад ихтэй Л.Эрхэмбаяр генсекээ баталгаажуулж дөнгөх үү

Б.ГАНБИЛЭГ

Дотоодын нөхөн сонгуулиас болж Ардчилсан нам дотор бужигнаан, маргаан, мэтгэлцээн намжиж амжаагүй байтал дахин нэг дуулиан өндрөө авлаа. Энэ нь, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга /генсек/-ын үүрэг гүйцэтгэгч Ломбын Эрхэмбаяртай шууд холбоотой. “МАШ НУУЦ!!!” гэж гараар бичиж, хоёр талын гарын үсгээр баталгаажуулсан гэх гурван хуудас гэрээний хуулбарыг СХД-ийн намын хорооны 10 гаруй гишүүн танилцууллаа. Ардчилсан нам, Монгол ардын намын СХД-ийн сонгуулийн хороог тэргүүлж байсан хоёр эрхмийн нэг нь Л.Эрхэмбаяр бол нөгөө нь одоогийн УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар. Уг гэрээг 2012 оны аравдугаар сарын 24-нд байгуулахдаа СХД-ийн Засаг даргаас өгсүүлээд Цэргийн штаб, Ахмадын хороон дарга хүртэл 34 албан тушаалтныг хоёр нам хэрхэн хуваахыг тодотгон заажээ. Үүнд, СХД-ийн намын хорооны гишүүн П.Ариунболд, М.Мөнхжаргал, Ч.Төмөр, Д.Ганболд тэргүүтэй хэсэг хүн эгдүүцэж байгаа аж. Тэд хэлэхдээ “Өнөөдөр Ардчилсан намын гал тогоог тэргүүлж буй генсекийн үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр иргэдийн сонгох, сонгогдох эрхэнд бүдүүлгээр халдаж, Монгол Улсын хууль, намын дүрмийг зөрчөөд зогсохгүй ардчиллын үнэт зүйлд харш үйлдлийг нууцаар хийсэн” гэцгээв.

Дээрх гэрээ нь үнэн эсэхийг тодруулахаар анхдагч эх сурвалж болсон Л.Эрхэмбаяр дарга болон Д.Сумъяабазар гишүүнтэй холбогдохоор олон янзаар үзсэн ч мессежэд хариу өгөхгүй, утсаа авахгүй байсныг хэлэх нь зүйтэй болов уу. Юутай ч, гарын үсгийн эзэд тийм, үгүй гэдгээ хэлээгүй байхад эртдэж дүгнэхээс татгалзаад гэрээний заалтуудад анхаарлаа хандуулъя.

Дүүргийн намын хорооны гишүүд гэрээнээс таван зүйлийг онцолж, доогуур нь зурсан байв. Эдгээр нь, “Талуудын эрх үүрэг” хэсэгт

3.1 Засаг даргын үйл ажилллагааны хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих дүүргийн ИТХурал, дүүргийн Засаг дарга, ЗДТГазар, дэргэдэх хэлтэс, албадын удирдах бүрэлдэхүүний албан тушаалтны томилгоог Хавсралт №1 зааснаар томилно.

3.4 Дүүргийн Иргэдийн нийтийн хурлын ээлжит сонгуулийн үр дүнгээс хороодын Засаг даргаар томилуулахаар өргөн барьсан нэрсийг харьяалал харгалзахгүй батламжлах үүргийг дүүргийн Засаг дарга хүлээнэ.

3.8 Энэхүү гэрээ байгуулагдсанаас хойш Сонгинохайрхан дүүргийн Монгол Ардын нам, Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намууд нь харилцан эсрэг улс төрийн акцыг зохион байгуулахгүй байна.

3.9 Дүүргийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар ИТХ-ын Төлөөлөгчдийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бололцоог хангаж, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэж ажиллана.

3.10 Хамтран ажиллах гэрээний хүрээнд томилогдсон албан тушаалтнуудын бүрэн эрх рүү халдахгүй бөгөөд хариуцлага тооцох, урамшуулал олгохдоо шударга байдлаар харилцан зөвшилцөн шийднэ гэжээ. Эдгээр заалтыг онцлон доогуур нь зурж хэвлэлээр түгээхийг хүссэн байна.

Өөр эх сурвалжаас бидэнд мэдээлснээр бол Сонгинохайрхан дүүрэг нь Ардчилсан намын хувьд ялагдсан нутаг дэвсгэр учраас талууд харилцан ойлголцсон гэнэ. Тэр ч утгаараа дээрх гэрээг үзэглэсэн байх магадлалтай. Тодруулбал, ИТХ ба түүнд хамаарах албан тушаалтныг МАН-ынхан нэр дэвшүүлэх, Засаг дарга ба түүний шууд удирдлагын дарга нарыг АН-ынхан хүнээ томилох байдлаар зөвшилцсөн бололтой.

Гэрээний эзэд өөрсдийнх нь нэр холбогдсон асуудалд “Маш нууц гэж сүр бадраах зүйлгүй, байдаг л харилцан ойлголцол” гэж хариу өгөх болов уу гэж горьдсон ч таг дуугүй хэвээр. Нөгөө талаас, арай хийж илрүүлсэн, саяхан олсон МАШ НУУЦ тохироо гэж сүр бадраан мэдээлэх хүмүүс ч хуурамч гэрээ гаргаж ирээгүй байлтай. Хэрэв тийм бол хүн гүтгэсэн хэргээр өөрсдөө хариуцлагад татагдахаа бүхэл бүтэн дүүргийн намын хорооны гишүүний хувьд ухамсарласан гэж найдъя. Ямартай ч, гишүүдийн төлөөлөл М.Мөнхжаргал “Манай дүүргээс ҮЗХ-нд сонгогдсон 11 гишүүн Л.Эрхэмбаярыг генсекээр жинхлэн томилох тухай асуудалд дээрх үндэслэлээр эсрэг байр суурьтай оролцоно” гэдгийг мэдэгдлээ.

Ингэхэд тэд өөрсдөө...

Намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргын эсрэг ийнхүү “босч ирсэн” эрхмүүд хэн бэ гэдгийг эргэн санах шаардлагатай. Хамгийн сүүлд, СХД-ийн намын хорооны нөхөн сонгуулийг эсэргүүцэж дүүргийн намын дарга Ө.Пүрэвбаатар тэргүүтэй хүмүүс тамгаа авч зугатаад, байраа суллаж өгөхгүй тулааны дайтай юм болсон гэх мэдээлэл гарсан. Тэгвэл гол дүр нь дээрх эрхмүүд байсан аж. Нэгдүгээр сард зохион байгуулсан дотоод сонгуулийг эсэргүүцсэн байр суурьтай энэ хүмүүс өнөөдөр Л.Эрхэмбаярын эсрэг ярих нь учиртай байж болох.
Бүх зүйлийг эхнээс нь бодож үзье. Л.Эрхэмбаяр СХД-ээс хоёр ч удаа УИХ-ын гишүүн болох гэж хүч үзээд өвдөг шороодсон. Тэгвэл дүүргийн тойргоос намын даргад л УИХ-д нэр дэвших эрх олдох боломжтой. Тэр ч утгаараа Л.Эрхэмбаяр намын даргын ажлыг 2003 оноос эхэлж хашсан гэх. Гэтэл түүнийг даргын албанаас буугаагүй байхад нь намын гишүүд нь сонгууль зохион байгуулаад Ө.Пүрэвбаатар тэргүүтнийг удирдлагаар сонгожээ. Үүнийг нь, хууль бус хуралдаан, хүчин төгөлдөр биш гэж Л.Эрхэмбаярын дагалдагсад эсэргүүцэж. Энэ мэтээр нэг байсан нам хоёр болж талцаад, чулуу шидэлцжээ. Тэр үед нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас дахин нэр дэвшиж, кампанит ажилдаа орсон тул “Намыг муухай харагдуулж, нэр дэвшигчийн амжилтаас хойш татах нь” хэмээн хатуу сануулаад тухайн үеийн намын дарга Н.Алтанхуяг “Шуугианаа намжаах” үүрэг өгч. Тэгээд л шуугиан намжиж, Ц.Элбэгдорж ч дахин төрийн тэргүүн болж гарч ирлээ. Харин СХД-ийн намын дарга, удирдлагын асуудлыг дахин сөхөж, хөндсөнгүй.

Явсаар Ө.Пүрэвбаатар ба түүний дэд дарга нарт намын тамга, байр шилжив. Энэ үеэр СХД-т сонгуулийн дахин санал хураалт явуулж Л.Эрхэмбаяр, Д.Сумъяабазар нар УИХ-ын гишүүн болохоор хоёр дахиа өрөөд тун завгүй байж. Өөрөөр хэлбэл, гишүүн болоод дэвшчихвэл Л.Эрхэм­баярт намын дарга гэж зууралдах хэрэг байх­гүй, тэгээд ч ганцхан өрсөл­дөгч­тэй тул өөртөө итгэж бай­сан биз. Асуудлыг нэг тийш болгочихсон гэнэ. Харамсалтай нь, сонгино­хайр­ханчуудын сон­голт аваргын талд хэлбийж, 53 хувийн саналаар Долгорсүрэнгийн хүү парламент руу дэвшлээ. Харин Ломбын хүү дахин сонгогдсон төрийн тэргүүний зөвлөх гэдэг албан тушаалд очиж, Төрийн ордонд суух болов. Ийнхүү явсаар гурван жилийн дараа Ц.Оюундарь намын генсекийн албанаас МҮОНРТ-ийн Ерөнхий захирал болж “нисэхэд” орон зай нь эзгүйрч, намын шинэ дарга Л.Эрхэмбаяр зөвлөхийг оронд нь түр ажиллуулж буй юм. Сураг сонсоход, 3-4 дүгээр сард болох ҮЗХ-ны хуралдаанаар түүний албан тушаалыг батлан, томилох бололтой. Гэвч, “нутгийнх” нь гишүүд дэмжихгүй гээд гүрийгээд суучихаар бусад дүүргийн, аймгийн төлөөлөгч нар ҮЗХ дээр Л.Эрхэмбаярыг дэмжих үгүй нь эргэлзээтэй болчихож буй юм.

Энэ учгийг хөөгөөд явбал Л.Эрхэмбаярт хөнгөхөн “мад тавиад” дүүргийн намын хорооны дарга болчихсон Ө.Пүрэвбаатар нар хүлээн зөвшөөрөгдсөн удирдлага биш баймаар. Гэвч, намын дотоод сонгуулийг хориглоод зогсохгүй, ҮЗХ-г хуралдуулалгүй өчнөөн жил болж чадсан экс дарга Н.Алтанхуягийн ивээл дор тэд даргалсаар ирж. Өөрөөр хэлбэл, тэд “Алтангадас” фрак­цынх байж тун магад­гүй. Юутай ч, намын тол­гой солигдсон тул нам шинэч­лэг­дэх шаардлагатай гэж АН-ынхан олонхоороо хүлээн зөв­шөөрөөд намын дунд шатны дотоод сонгуулийг 2015 оны нэгдүгээр сарын 10-нд зарласан, ихэнх нь зохион байгуулсан. Гэвч бүх сонгууль будлиан, булхай гарсан гэх гомдолд дарагдсан. Үүнийг харгалзан үзээд АН-ын До­тоод сонгуулийн хорооны дар­га Д.Алтанхуягийн га­рын үсэгтэй 02 тоот тогтоо­лоор “Нийслэлийн АН-ын ... нэгдүгээр сарын 10-ны өд­рийн хуралдаан нь “Дотоод сонгуулийн хорооны журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалтыг зөрчсөн тул хуралдааныг хүчингүйд тооцсугай” гэжээ. Үүгээр нийслэлийн дүүргийн намын хороодын хуучин дарга нар цөм бүрэн эрхээ хэрэгжүүлж буй, хүчин төгөлдөр эрхтэй гэдгийг нотолжээ. Өөрөөр хэлбэл, нэгдүгээр сард СХД-ийн намын даргаар сонгогдсон Ш.Одгэрэл нар буцсан гэсэн үг. Гэхдээ л, бүр анхны будлиан болох Ө.Пүрэв­баатар, Л.Эрхэм­баярын эсрэг маргааныг хэн ч таслаагүй байгааг мартаж болохгүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан