Сурагчийн дүрэмт хувцасны чанар ба үнэ, хийцийн эерэг ба сөрөг талын тухай маргаан дэлхийн олон оронд олон арван жилийн турш үргэлжилж байна. Энэ маргааны эхлэлийг нь тавьсан, өөрөөр хэлбэл анх сурагчдыг жигд нэг загвартай хувцас өмсгөсөн улс нь Их Британи гэдэг. 19 дүгээр зуунд Их Британийн эзэнт гүрэн дэлхийн талыг бүрхэж, ноосон давуу, оёдлын үйлдвэрүүд нь тэр хэмжээгээр бүтээгдэхүүнээ борлуулж байсан цаг. Тэгэхээр Их Британи нь сурагчдыг жигд дүрэмт хувцастай болгох шийдвэр гаргасан нь нэг сумаар олон туулай буудсан алхам болсон гэж болно.
Нэгдүгээрт, үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ, нэг загварын хувцас олноор үйлдвэрлэснээр зардал хэмнэнэ, эцсийн бүтээгдэхүүний үнийг бууруулах боломжтой, дээрээс нь Их Британийн эзэнт гүрний харьяат гэдгийг хаанаас ч хараад таних болохоор үзэл суртлын агуулгатай. Өнөөдөр ч нэгэн цагт Их Британийн эзэнт улсын колони байсан Энэтхэг, Ирланд, Австрали, Сингапур, Кипр, Гонконг улсад дунд сургуулийн сурагчид нь жигд нэг загвартай хувцас өмсдөг уламжлалтай. Тэгэхээр британичуудын эхлүүлсэн дүрэмт хувцасны үлгэр жишээг дэлхийн орнууд янз бүрээр хүлээн авсан гэж болно. Манайх хойд хөршөөсөө хуулбарласан. Харин манай хойд хөрш британичуудын жишээг дагаж байгаад 1917 оны хувьсгалын дараа нэг загвартай дүрэмт хувцас өмсөхийг зогсоосон ч 1948 оноос сэргээж, Зөвлөлт задрах хүртэл хатуу баримталсан. Зөвлөлт задарсны дараагаар шинээр бий болсон 15 улс дуу дуугаа авалцан зөвлөлтийн үеийн сурагчийн дүрэмт хувцаснаас татгалзсанд гайхах зүйлгүй. Зөвлөлтийн гэсэн юм болгоныг үгүй хийх, устгах бодлого явагдаж байсан тул өөр яах ч билээ. Гэтэл тодорхой хугацааны дараа жигд хувцаслах нь өөрийн давуу талтай болох нь ойлгомжтой болсон тул зарим орон дунд сургуулийн сурагчдыг нэг загварын дүрэмт хувцастай болгох шийдвэр гаргажээ.
Сурагчийн дүрэмт хувцасны нэгдсэн загвар гаргах нь цөөнгүй давуу талтай болохоор л тэр. Юуны өмнө хүүхэд болгон адил хувцас өмсөнө гэдэг тухайн хүүхдийг нэгэн юмны хэсэг гэсэн мэдрэмж төрүүлж, сахилга бат, багаар ажиллах, нийтийн зорилго гэх мэт зүйлсийг ойлгож мэдрэхэд маш их дөхөм болж өгдөг. Цаашлаад сурагчдыг эцэг, эхийн орлогоор хэмжигдэн хувцаслаж, улмаар баян ядуугаар ялгарах, хувцаслалттай холбоотой өрсөлдөөн, атаархал бий болохоос сэргийлнэ. Төрийн хэмжээнд сурагчийн дүрэмт хувцасны нэгдсэн стандарт, хэв маягийг батална гэдэг цаашид загвар өөрчлөгдсөн ч хүүхдийн эрүүл мэнд, ариун цэвэрт нийцсэн хувцас гарах баталгаа болж өгнө. Цаашлаад дээр дурдагдсан үндэсний үйлдвэрлэлийг дэмжих асуудал аяндаа ороод ирнэ.
Дэлхийн хэмжээнд энэ давуу талыг эсрэг гэж болохоор хоёр байр сууринаас ашигладаг. Элит, тусгай гэгддэг хувийн сургуулиуд нь өөрийн онцлог байдлыг тодотгох зорилгоор баг болж бусдаас ялгарах, тухайн багийн гишүүн гэдгийг онцлохын тулд өөрийн гэсэн дүрэмт хувцасны загварыг бий болгодог.
Улсын өөрөөр хэлбэл нийгмийн дундаж ба дундажаас доод давхаргын хүүхдүүд суралцдаг үнэгүй сургуулиуд сурагчдын гэр бүлийн орлого, баян ядуугийн ялгааг анзаарагдахгүй болгох, хүүхэд сурлагаас өөр зүйлд сатаарахгүй байх нөхцөлийг хангахын тулд нэг загварын дүрэмт хувцсаар жигдрэх гэдэг.
Ийм ч болохоор ОХУ энэ оны есдүгээр сарын 1-ээс эхлэн сурагчдын дүрэмт хувцсаар жигдрэхээр шийдсэн нь үүний жишээ. Гэхдээ ОХУ нь олон үндэстэн ястныг нэгтгэсэн том улс болохоор улсын хэмжээнд нэг загварыг хүчээр тулгасангүй. Муж, нутаг, хот болгоны удирдлагууд өөрийн гэсэн нэгдсэн загвар батлахыг зөвшөөрсөн. Хувцас үйлдвэрлэгчид нь Оросын оёдлын компаниуд байх нь ойлгомжтой.
Казахстан яг адил арга хэмжээ авч улсынхаа хэмжээнд дунд сургуулийн сурагчдыг нэг загварын дүрэмт хувцас өмсдөг болгохоор болов. Гэхдээ сурагчдыг дээрээс өгсөн тушаалаар нэгдсэн журмаар хувцаслахдаа үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжих гэсэнгүй. Хүүхдийн эрүүл мэнд, хэрэглээний нөхцөлд хамгийн тохиромжтой гээд Туркт хувцсаа захиалсан байх юм. Казахстаны төрөөс баталсан дунд сургуулийн сурагчийн дүрэмт хувцасны үнэ 13 мянган тэнге. Манай мөнгөөр бол 130 мянган төгрөг орчим.
Казахстанд дунд сургуульд суралцагчдын тоо 2,7 сая орчим байдаг тул ямар хэмжээний мөнгө Туркийн оёдол ба даавуу үйлдвэрлэлийн компаниудын дансанд орж байгааг тааж ядах зүйлгүй. Өөрсдөө оёж чадахгүй мэт гадаадад асар их хөрөнгө цацан хүүхдийн хувцсыг оёулж байгаа нь Казахстаны оёдлын компаниудад таалагдаагүй нь мэдээж. Тиймээс Казахстанд сурагчийн дүрэмт хувцас тойрсон маргаан есдүгээр сарын 1-н дөхөх тусам улам газар авч байна гэж болно. Казахын компаниуд нь хамаагүй хямд зардлаар, Туркид оёсноос дутахааргүй дүрэмт хувцас оёх чадвартай гэдгээ батлах гэж байгаа ч эрх баригчид нь нэгэнт баталсан шийдвэрээ өөрчлөх гэж яарахгүй байна.
Дунд сургуулийн сурагчдыг нэг загвараар жигдрүүлдэг улсыг тоочвол хамгийн нэгдүгээрт дээр дурдагдсан Их Британийн дараа Япон орох байх. Дараа нь Куба, Хойд Солонгос орно. Боловсролын төдийгүй, нийгмийн тогтолцоо, хувь хүнд хандах тэс өөр хандлагатай нийгмүүд нь сурагчийн дүрэмт хувцасны асуудал дээр нэгдсэн байдаг нь сонин.
Герман, Францад гэхэд дунд сургуулийн сурагчдын нэг загварын хувцас гэж байхгүй. Энэ хоёр улсад зарим нэг хувийн сургууль л сурагчдын оролцоотойгоор нэгдсэн загварын хувцас өмсөхийг албаддагийг эс тооцвол хүүхдүүд сургуульдаа жирийн хувцастай ирэхийг зөвшөөрдөг. АНУ, Канадад хувийн сургуулиуд л дүрэмт хувцас өмсдөг бол улсын мэдлийн сургуулиудад сурагчид жирийн хувцастай ирэх боломжтой.
Гэхдээ юм болгон хоёр талтай байдаг болохоор сурагчдыг нэг загварын дүрэмт хувцсаар жигдрэхийн сөрөг талууд ч гэж байна. Хамгийн таагүй нь НҮБ-аас баталсан хүүхдийн эрхийн конвенцид хүүхэд болгон өөрийн давтагдашгүй онцлог байдлаа өөрт байгаа бүх боломжийг ашиглан илэрхийлнэ гэснийг зөрчиж байгаа явдал юм. Нэг дүрэмт хувцсаар жигдэрнэ гэдэг хүүхдийг өөрийн бодол санаагаа хувцсаар дамжуулан илэрхийлэх боломжийг боодог гэж үздэг. Мөн сурагч болгоныг нэг адил загварын хувцас өмсөхийг албадна гэдэг сургуулийн ажилтнуудад дүрэмт хувцсаа өмсөөгүй хүүхдийг өөр ямар нэг бодит үндэслэлгүйгээр шахан гадуурхах боломж олгодог аж.
Сурагчийн дүрэмт хувцасны сөрөг талыг америкчууд хамгийн соргогоор мэдэрсэн байдаг болохоор улсын мэдлийн дийлэнх сургуулиудад сурагчид ямар нэг дүрэмт хувцас өмсдөггүй. Өдөр тутмын хувцастайгаа ирэхийг зөвшөөрнө. Америк гэхээр л уухайн тас хуулбарлах гээд байдаг хүмүүст анхааруулахад өдөр тутмын хувцас гээд юу дуртайгаа өмсөхийг зөвшөөрөхийн нэр биш. Юу өмсөхийг зөвшөөрдөг, юуг хориглодгийг заасан заалтуудтай. Энэ бол ядаж сургуульдаа нүцгэн ирэхийг хориглодог гэсэн үг.