Дээр үед амьдралын эрхээр нялх хүүхдээ тэжээж дийлэхгүй болсон эмэгтэйчүүд хийдийн хүрдэн дээр орхидог байсан гэдэг. Одоогийнхтой адил нийгмийн халамж, хүүхдийн тэтгэлэг, бяцхан үрсийн эрхийг хамгаалах байгууллага байхгүй болохоор аргагүй биз. Тэр үеийг бодвол хамаагүй өндөр хөгжсөн гэх одоо цагт нялх хүүхдээ хайрцаг саванд хийгээд гудамжинд орхидог болж. Өсгөж тэжээж дийлэхгүй гэдгээ мэдээд ядаж л төрсний дараа эмнэлэгт байхдаа татгалзан улсын асрамжинд үлдээгээд хумсын чинээхэн ч гэлээ сэтгэл гаргасан бол өөр хэрэг. Гэтэл эх хүн болж, мах цусны тасархай болсон үр хүүхдээ гудамжинд хаясан тухай таагүй мэдээ байсхийгээд л чих дэлсэх боллоо. Гудамжинд хүүхдээ хаясан байна гэх дуудлагаар цагдаа нар очиж, хүүхдийг эмчид үзүүлэхээр гол төлөв эрүүл саруул байсан гэх.
Өнгөрсөн наймдугаар сарын 25-нд төрөөд удаагүй үрээ Цайз захын орчимд орхиод явсан хэрэг гарсан нь үүний нэг жишээ. Ийм хэрэг хийж байгаа хүмүүсийг жигшиж зэвүүцэх нь зүйн хэрэг. Монголын хуулиар хүүхдээ хаясан эхийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-ээс 250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 251-300 цаг хүртэл албадан ажил хийлгэх эсвэл 3-6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэдэг юм гэнэ. Эцэг, эхийн эрхийг нь хасах талаар ямар ч заалт байдаггүй. Гэтэл хүүхдээ тэжээж чадахгүй гээд хаяж байгаа хүн хөдөлмөрийн хөлсийг 250 дахин нэмэгдүүлсэн мөнгийг төлөх нь юу л бол? Зургаан сар баривчлагдаад, 250 цаг албан ажил хийсэн хүн гарч ирээд хаях гэж байсан хүүхдээ гэнэт хайрлаад эхлэх магадлал хэр билээ? Ийм балмад хэрэг хийсэн хүмүүст шийтгэл ногдуулах нь зайлшгүй ч “хүрдний хүүхэд”-ийн ирээдүйд бүр илүү анхаарах тавих нь зүйтэй байх. Дэлхий нийт ч сүүлийн үед ингэж гологдож “хэрэггүй” болсон хүүхдийн ирээдүйд анхаарал хандуулдаг болоод байна. Учир нь, балчир үрсийн эсрэг энэ мэт зохисгүй хэрэг гардаг улс зөвхөн манайх биш. Энэтхэг, Пакистанд шинэ бэрийн, нөхрийн ар гэрт ихээхэн хэмжээний инж төлдөг. Иймд эмэгтэйчүүд нөхөрт гарах боломжоо алдахгүйн тулд хүсээгүй жирэмслэлтээс гарсан хүүхдийнхээ амийг хөнөөх нь түгээмэл үзэгдэл гэнэ. Хүүхдээ хаясан эхчүүдэд дийлэнх орон эрүүгийн хэрэг үүсгэж, 5-6 жил хорих ял ногдуулдаг. Иймд гологдсон хүүхдээс хэл ам багатай салахыг хүсэгчид хүүхдийг амь насанд нь аюултай газар сэм орхих эсвэл бүр амийг нь егүүтгэх гэдэг. Энэ мэт хэрцгийллээс ямар ч гэмгүй хүүхдийг хамгаалахад дэлхий нийтээр анхаарч эхэлсэн гэсэн үг.
Дэлхийн олон оронд эдгээр хүүхдийн эрүүл мэнд, амь насыг аврах, боломж олгодог “Бэби бокс”, “Амьдралынх цонх” гэх мэт янз бүрээр нэрлэдэг нэгэн өвөрмөц төсөл хэрэгждэгийг судалж үзмээр санагдлаа.
“Амьдралын цонх”-ыг орчин үеийн “хүрд” гэмээр юм уу даа. Энэ нь байрны хананд байрлуулсан хоёр талаасаа онгойдог нэгэн төрлийн нялх хүүхэд хүлээн авах тасалгаа. Тасалгаа нь гудамжны талаасаа чөлөөтэй онгойдог төмөр хүрээгээр бэхэлсэн хагардаггүй вакум цонхтой, дотроосоо тусгай өлгий бүхий ортой, дулаан нь тодорхой горим тогтмол барьж байдаг. Цонхыг гудамжнаас онгойлгон хүүхдээ өлгий дээр нь байрлуулан хааснаас 30 секундын дараа түгжигдэн гаднаасаа онгойхгүй болно. Амьдралынх цонх нээгдэж хүүхэд орхижээ гэсэн тусгай дохио ирснээр эмнэлгийн ажилтнууд тасалгааны дотор талаас эрүүл мэнд, бойжилт зэргийг тогтоогоод хууль хяналтын болон халамжийн байгууллагуудад мэдэгддэг. Ийм тасалгаанд орхисон хүүхдээс хүчирхийллийн ямар нэг ул мөр илрээгүй тохиолдолд орхисон хүнд нь дийлэнх оронд ямар нэг хариуцлага тооцдоггүй. Хүүхдээ ингэж орхих амьдралын маш ноцтой шалтгаан байна гэж анхнаасаа тооцдог болохоор тасалгааны орчим камер, хамгаалалт байрлуулдаггүй.
Хаягдсан хүүхдийг хүлээж авах ийм тасалгааг Европт бүр XVIII-XIX зууны үеэс хэрэглэж байсан ч хэсэг хугацаанд орхигдоод байсан бол 2000 оноос хойш олон орон ажиллуулдаг болжээ. Орон болгон өөрийн онцлогт тохируулан “Амьдралын цонх”, “Бэби бокс”, “Тогоруун өлгий”, “Хүүхдийн амьдралын арал”, “Амьдралын өлгий” гэх мэтээр нэрлэдэг ч үндсэн зарчим нь адил. Гологдож хэрэггүй болсон хүүхдийн амийг аврах ажил хийдэг. Пакистанд үйл ажиллагаа явуулдаг 300 ширхэг “Амьдралын цонх” 16 мянган хүүхдийн амийг аварсан байна. Польшийн 47 хотод “Амьдралын цонх” үйл ажиллагаа явуулдаг. Америкт “Амьдралын цонх” гэсэн ойлголт байдаг ч, 50 гаруй мужид төрөөд 72 цагаас хэтрээгүй хүүхдийг нэрээ нууцлан эмнэлэг, гал унтраах ангиудад байрлуулсан “Намуухан зогсоол” нэртэй тусгай тохижуулсан газарт орхих хуулийг баталсан байдаг.
Юм болгон хоёр талтай болохоор “Амьдралын цонх”-ыг шүүмжлэгч олон. Юуны өмнө, өөрийн болон хүүхдийн ирээдүйд ёс бусаар хандах нөхцөл бүрдүүлж, нийгмийн ёс суртахуунд сөргөөр нөлөөлж байна гэж шүүмжилдэг. Зарим орон хаягдсан хүүхдүүд олноор бойждог байр савны эрүүл ахуй, орчны байдал, олох хүмүүжил гээд сөрөг нь эергээсээ илүү гэдэг. Мөн “Амьдралын цонх”–ыг ажиллуулснаар хаягдсан хүүхдүүдийн тоо буурах бус харин ч нэмэгддэг болохоор ажиллуулах нь ёс бус гэх нь ч бий. Ямартай ч, энэ талаар орон орны туршлагыг нарийвчлан судалж үзэхэд илүүдэхгүй байх. Удахгүй хүйтэн сэрүүний улирал эхлэх үед хэрэггүй гэж голсон хүүхдээ бороо, шороонд, гудамжны хаа нэгтээ үхэх сэхэхийг нь ч ухааралгүй хаяж байснаас энэ мэт тасалгаагаар дамжин хүн болгож байвал дээр санагдах юм...