2008 оноос хойш үргэлжилж байга дэлхийг хамарсан эдийн засгийн хямрал олон талт нөлөө үзүүлсэний нэг нь хүн амын шилжин суурьшилт. Үүний нэг жишээ нь 38 сая хүн амтай Польшоос зөвхөн өнгөрсөн жилийн байдлаар 2,13 сая хүн ажил хайн харийн улсыг зорьсон тухай “Rzeczpospolita” сонин мэдээлж байна.
Олон сая гэсэн үгийн цаана далдлагдаад 38 сая ба хоёр сая гэхээр “Сүртэй шүү дээ” гэж болох. Гэтэл хамгийн энгийн тооцоо хийхээр байдал тун ч түгшүүртэй санагдана.
Польшид хүйсийн тэнцвэр онц алдагдсан тухай мэдээ ирээгүй болохоор энэ тоог хоёрт хувааж үзэхээр тус бүр 19 сая эрэгтэй ба эмэгтэй хүнтэй болж таарна. Гуравны нэгээс доошгүй нь хүүхдүүд мөн өндөр настнууд байгаа. Үлдсэн хүмүүс нь ажлын чадвартай хүмүүс байгаа. Эрчүүд дийлэнх нь. Ийм нөхцөлд Польшийг жилийн дотор орхин гарч байгаа цагаачдын тоо түгшүүр төрүүлэхээр тоо.
Дээр дурдагдсан сонинд бичсэнээр бол нийт 2,3 сая хүнээс 1,4 сая нь 39 нас хүрээгүй залуучууд. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн бүтээмж, мэдлэг, чадвараар хамгийн өндөр хүмүүс. Эдний дотроо 25-34 хүртэлх насныхан 726 мянга. Гэтэл Польшид 24-34 насны хүмүүсийг тоог сүүлийг тооллогоор 6,85 сая гэж тооцсон юм байна. Тэгэхээр бодит байдал дээр Польш улсыг хөдөлмөрийн хамгийн өндөр чадвартай 10 хүн тутмын нэг нь орхин гарсан хэрэг болж таарч байгаа аж.
Ийм дүр зураг зөвхөн Польшид төдийгүй Зүүн Европын олон оронд ажиглагдаж байна. Хоёр сая гаруй хүнтэй Латвиас гурван жилийн дотор 300 мянган хүн өрнөдийн орнууд руу цагаачилсан байх юм. Өөрөөр хэлбэл, арван хүн тутмын нэг нь. Бүр нарийвчилбал насанд хүрсэн, ажлын чадвартай гурван хүн тутмын нэг нь Өрнөд Европ руу өндөр цалинтай ажил хайн гарсан байх юм. Энэ зөвхөн хамгийн том, олны анхаарлыг татаж байгаа тохиолдол.
Өрнөд Европ дахь манайхны цагаачлах дуртай орнуудын хүн амын жам ёсны хорогдол жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Энэ асуудлыг дэлхийн нийтээр байхгүй мэт явж байгаад ахмадуудын өдрөөр нэг санадаг. Гэтэл энэ ээдрээ нь олон жил дараалан үргэлжилж байгаа юм. Өрнөд Европ, Япон гэх мэт дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй орнуудын хүн амын насжилт жил ирэх тусам нэмэгдэж байгаа гэсэн бас нэг шалтгаан байна. Швейцарь, Япон гэхэд л хэдхэн жилийн дараа тэтгэврийн насны нэг хүнд ажлын чадвартай таван хүн ноогдох бөгөөд энэ харьцаа жил ирэх тусам багасна.
Өөрөөр хэлбэл, эдгээр улсад жил ирэх тусам ажлын хүчний хомсдол өндөр болно гэсэн үг. Гэхдээ өвөрмөц хомсдол. Тэр нь үндсэн хүн амын дийлэнх нь хар ажил хийх дургүйгээс үүдэлтэй. Тэнд хэцүү нэртээр олон удаа орж гарсан, дуулиантай хүн биш л бол гудамжны хог шүүрдэх, цайны газарт аяга угаах, барилга дээр элс, цемент үүрч гүйх хүн байхгүй. Хэн энэ бүх хар ажлыг хийх вэ? Польш, Латви, Литв, манай урд хөршөөс ирсэн эсвэл манай элэг нэгтнүүд л ийм ажлыг хийнэ.
Нутгийн иргэд юу хийдэг вэ? Удирдан чиглүүлээд “муу сайн юмнууд хэн та нарыг дуудсан юм бэ” гэж хальт хараагаад хянах, захирах ажлыг хийдэг. Мэргэжилтэй боловсон хүчин нь Герман, Франц, Их Британи, Австри гэх мэт улсыг илүү өндөр цалин хөөн зорьдог.
Манайд ч ийм байдал үүсээд байгааг та лав анзаарсан байх. Манайхан Солонгост очихоороо хоногт 12 цагаар борви бохис хийлгүй ажиллаад байдаг ч нутагтаа болохоор тэгэж ажилладаггүй, хөдөлмөрийг нь тэнд байгаа шиг үнэлдэггүйд асуудлын гол нь байна.
Ийм нөхцөлд яагаад хамгийн чадвартай, ажлын чадварт өндөр, санаачилгатай хүмүүс нь хилийн чанад руу, бүр нарийвчилбал Өрнөд рүү цагаачлаад байна вэ гэж гайхах хэрэггүй байх. Нийгмийн хамгийн идэвхтэй, санаачилгатай хүмүүс өндөр цалин, нийгмийн өндөр халамж хайн явах нь зүйн хэрэг.
Тэгэхээр тун удалгүй Өрнөд Европын хүн гэхээр өөр дурын газраас ирсэн хөлсний хямд ажлын хүчийг удирдан ажиллуулдаг удирдах шатны албан тушаалтан болно гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх. Манайд байгаа олон улсын том компанид ажиллаж байгаа хүмүүс ч үүнийг нотлох байх. Тэнд өндөр хөгжилтэй гэгддэг бараг л бүх орны иргэд ажилладаг.
Энэ мэтээр явсаар нэгэн төрлийн пирамид үүсдэг. Ахуйн хэрэгцээнд нь хэдий хэмжээний мөнгө шаардлагатай байдлаар тооцогдсон пирамид. Монголчууд энд авч байгаа цалингаа голоод Өмнөд Солонгос, Польш, Чех рүү гарч байна гэхэд зөрүүлээд эдгээр улсын мэргэжилтнүүд цалингаа голоод Герман, Франц, Их Британи руу гардаг байх жишээтэй. Цаашлаад энэ улсуудын мэргэжилтнүүд олон улсын төсөлд удирдах албан тушаал хийгээд явж байх жишээтэй.
Тэгээд юу гэж? манайх эсвэл манай хөршийн хүү эсвэл охин нь тэр улсад ажиллаад жил болгон тэдэн ам.долларыг гэр рүүгээ явуулдаг, үүнд буруу юу байна вэ гэсэн асуулт гарч ирэх байх. Дээр дурдсанчлан ингэж цагаачилж байгаа хүмүүсийн дийлэнх нь нийгмийн хамгийн өндөр идэвхтэй, санаачилгатай хүмүүс байгаад асуудлын гол нь байгаа юм. Тухайн улсад ажиллаад нутагтаа гологдохгүй хэмжээний цалин хөлс аваад явна гэдэг тэр улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулаад явна гэсэн үг. Үр хүүхэд, ойрын хамаатан садан нь ийм байдлыг хараад нутагтаа ажиллая гэх санаа төрөхгүй. Аль болох л боломж гарвал гадаадад гарч ажиллая гэсэн хүсэл төрөх нь мэдээж. Нийгмийг араасаа дагуулж явах ёстой олонхи нь гадаад улсыг энэ мэтээр зориод байхаар тухайн улсын хөгжилд сайнаар нөлөөлөхгүй нь ойлгомжтой. Зам тавья гэхээр бид хаа байсан Индонез эсвэл Австрийн мэргэжилтэн урьж ажиллуулах шаардлага байна уу? Нэр дурдагдсан улсуудад байдаггүй өндөр цалинтай шүү. Өндөр төвшний мэргэжилтэн байгаад тэдэнд хүрдэг мэдээлэл хомс байна.
Тэгэхээр яах ёстой вэ?
Уул уурхайгаас бусад олон салбар манай улсад байгаа юм шүү гэдгийг эргэн санах хэрэгтэй. Латви улс гэхэд л өндөр цалин, хангамж хайн гадаад руу гарсан олон зуун мянган хүнээ эргүүлэн татах хөтөлбөр хэрэгжүүлээд эхэлжээ. Энэ хөтөлбөрийн дагуу олон улсын хөдөлмөрийн зах зээлтэй мэдээлэл түргэн шуурхай солилцох. Өөрөөр хэлбэл, Австралийн компанид 2000 ам.долларын цалинитай ажилд орох гээд яваа латви инженерт нутагтаа 2500 ам.долларын цалинтай ажил хийх боломж байгааг хаягчлан хүргэх. Цаашлаад гадаадад олон жил ажиллаж амьдарч байгаа латвичуудтай нягт хамтран ажиллах. Мэргэжилтэй боловсон хүчнээ ийм хүмүүсийн дундаас хайх. Олон жил гадаадад байгаад эх хэлээ мартсан хүмүүст төрөлх хэл, түүх, соёлыг зааж сургах дамжаа, сургалт ажиллуулах гэх мэт олон талт арга хэмжээг багтаажээ.
Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсний хүчинд 2030 он гэхэд нутгаа орхин гарсан 100 мянган хүнийг Латвид эргүүлэн авчрахаар төлөвлөжээ. Алдаа дутагдалтай зүйл энэ хөтөлбөрт мэдээж олон л байгаа байх. Хамгийн гол нь Латвийн Засгийн газар гадаадад байгаа бизнесийн өндөр идэвх санаачилгатай хүмүүсээ эргүүлэн татах талаар бага ч гэсэн зүйл хийж байгаа юм. Юу ч хийдэггүй хүн л алдаа гаргадаггүй, бага ч гэлээ юм хийж байгаа бол алдаа ямар нэг хэмжээгээр заавал гардаг. Тиймээс хилийн чанадад байгаа мэргэжилтэй, туршлагатай боловсон хүчнээ эргүүлэн татах төгс биш ч гэлээ хөтөлбөрийг манай хойд ба урд хөршүүд эртнээс хэрэгжүүлээд эхэлчихсэн байгаа гэдгийг манай дээдсүүд анхааралдаа авахад илүүдэхгүй байх.