Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН-ын гишүүд СЕХ-ны хуралдааны шийдвэрийг хүлээж байна
Өвөрхангай аймаг дахь УИХ-ын 10 дугаар тойрогт МАН болон АН-аас нэр дэвшигчдийн асуудал шийдэгдэлгүй нэлээд хугацаа өнгөрсөн. Удаан үргэлжилсэн маргааны эцэст АН-аас нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нар УИХ-ын гишүүнийхээ тангарагийг өргөхөөр болсон юм. Гэтэл үүнийг эсэргүүцэж МАН-ын дарга Ө.Энхтүвшин, УИХ дахь МАН-ын гишүүдийн ахлагч Н.Энхболд тэргүүтэй гишүүд СЕХ-ны байр руу дайрч хаалга үүдийг нь эвдсэн гэсэн мэдээлэл цацагдсан юм. Гэвч СЕХ-нд ямар нэгэн эмх замбараагүй зүйл үүсээгүй байлаа. Биднийг 17:00 цагийн үед очиход МАН-ын гишүүд СЕХ-ны удирдлагуудтай уулзаж, Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшсэн хүмүүсийн асуудлын талаар ярилцсан гэж байлаа. Харин СЕХ уг асуудлыг бүрэлдэхүүнээрээ хэлэлцэж байсан юм. Энэ хооронд МАН-ын дарга Ө.Энхтүвшин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж, гомдол мэдүүлэхээр явсан байлаа.
СЕХ-ны хуралдаанаас гарах шийдвэрийг МАН-ын УИХ дахь гишүүд болон нэр дэвшигч С.Чинзориг нар хүлээж байсан юм. С.Чинзоригийн хувьд хэвлэлийнхэнд ярилцлага өгөхөөс татгалзаж байв.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаас болсон асуудлын талаар тодруулахад, “Бид СЕХ-ны удирдлагад Өвөрхангай аймагт нэр дэвшигчдийн асуудлыг эргэж харах хэрэгтэй гэдгээ хэллээ. Ер нь, манай хоёр нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаанд насанд хүрээгүй хүүхэд ашигласан гэдэг худал мэдээлэл. Үүнийг нотлох баримт ч байхгүй. Гэтэл сум дундын шүүх манай хоёр нэр дэвшигчийг буруутай гэж үзсэн. Тиймээс манай хоёр хүн Өвөрхангай аймгийн сум дундын шүүхэд давж заалдах гомдлоо гаргасан. Энэ бүхнээс үндэслээд СЕХ шийдвэр гаргахдаа хуулийн хүрээнд олон талаас нь харах хэрэгтэй гэдгийг хэлсэн. Одоо бид СЕХ-ны хурлын шийдвэрийг хүлээж байна” гэсэн юм.
Хэрэв СЕХ-ноос Өвөрхангай аймгийн шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзвэл МАН-аас нэр дэвшигчид гишүүний тангараг өргөх боломжгүй болно гэсэн үг. Тиймээс нэр дэвшигчдийн хувь заяа СЕХ-ны хуралдаанаас бүрэн хамаарах болчихоод байгаа юм. Энэ цаг үед МАН-ын гишүүд СЕХ-ны хуралдааны шийдвэрийг хүлээж сууна.
УИХ-ын 10 дугаар тойрогт үүссэн маргааныг дахин сануулахад, АН-аас нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нар МАН-аас нэр дэвшсэн Н.Төмөрхүү, С.Чинзориг нарыг хууль зөрчиж, бага насны хүүхдийн сонгуулийн сурталчилгаанд ашигласан хэмээн Хан-Уул дүүргийн шүүхэд хандсан. Тус дүүргийн шүүх Г.Батхүү нарын нэхэмжлэлийг хэлэлцэж С.Чинзориг нарыг хууль зөрчсөн гэж үзсэн. Гэвч үүнийг С.Чинзориг, Н.Төмөрхүү нар эсэргүүцэж Нийслэлийн шүүхэд хандаж эл шийдвэрийг хүчингүйд тооцуулсан байдаг. Нийслэлийн шүүхийн шийдвэрийг АН-аас нэр дэвшигчид эсэргүүцэж Улсын дээд шүүхэд хандсан. Мөн Нийслэийн шүүхийн шийдвэрээс үндэслэж эл асуудлыг Өвөрхангай аймгийн шүүхэд өгсөн байсан юм. Үүний дагуу Өвөрхангай аймгийн шүүх эл асуудлыг хэлэлцэж АН-аас нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нарыг УИХ-ын гишүүний тангараг өргөх эрх зүйн үндэслэлтэй гэсэн шийдвэр гаргасан билээ. 

Г.ДАВАА
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан