Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГИШҮҮД ЭЭ! ГОРИМЫН САНАЛ БАЙНА
УИХ-ын өнөөдрийн чуулга­наар тамхины эсрэг хууль /албан ёсны нэр нь: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруу­лах тухай хуулийн төсөл/-ийг хэлэлцэнэ. Хууль батлуулахын өмнө Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны хурлаар хэлэлцэж усыг нь шахав. Усыг нь шахах ч гэж дээ. УИХ-ын гишүүд нэг л амьдралд буухгүй зүйл ярьж, хэдэн тал болж хэрэлдэнэ билээ. Хавар, намар түймэр гардаг учраас хөдөө хээр малаа хариулаад явж байгаа хүнийг тамхи татуулахгүй ч гэх шиг. Хэн ч сонссон хаана, хэнд зориулсан хууль хэлэлцээд байгаа нь нэг л тодорхой бус. Дээрээс нь эмэгтэйчүүд эл хуулийг санаачилсан болоод ч тэр үү, хууль хэлэлцэхээсээ илүүтэй хэрүүл хийж байгаа юм шиг л харагдаж байв.
Яг үнэн хэрэгтээ хөдөө малаа хариулаад явж байгаа 80 настай Балдан гуай, адууны бэлчээрт дүнсэн тамхи ороож, эцэг, эхээсээ нууцаар татаж суугаа 15 настай Бат хүүг, яаж харж цагдан хянах юм бэ. Гишүүдийн ярьж байгаагаар бол тэднийг байгаль хамгаалагч нь хянах ёстой гэнэ. Хотын ногоон бү­сэд самар түүж яваад түй­мэр тавьсан этгээдийг олж чад­даг­гүй байгаль хамгаалагч хөдөө хээр мал ха­риу­лаад явж байгаа хүний тамхи татаж байгааг илрүүлнэ гэдэг ёстой Мянгуужингийн үлгэр болох байлгүй. Бас болоогүй ээ, түймэр гарах нөхцөл нь бүрдсэн үед гэж хуульд тусгах нь хэр оновчтой вэ. “Эрхэм тамхичид аа, та бүхэн өвөл, зундаа түймэр гардаггүй цагт хөдөө хээр хэдэн ч хайрцаг тамхи татаж устгасан болно шүү” гэж хэлсэнтэй яг адилхан сонсогдохгүй байна гэж үү.
Хотын төвийн гудамжаар тамхиныхаа ишийг хаа сайгүй хаяж, нулимж явдаг танхай этгээдүүдийг яах вэ. Хууль санаачлагчид НББСШУБ хо­роо­­­гоор уг хуулийн эцсийн хэлэл­цүүлгийг хийхдээ тамхи татахгүй байх газруудыг то­дот­гож тусгасан. Уг нь, жи­рийн иргэд бидэнд Байнгын хо­рооны хуралдаанд санал бод­лоо илэрхийлэх боломж бай­даг бол хэдэн санаа хэл­чих­мээр л байлаа. Даанч тийм боломжгүй болохоор та на­рын амьдралаас тасарсан зүйл ярьж хэрэлдэж байгааг сонсоод хөх инээдээ барьж ядан сууна. Тиймээс горимын санал байгаагаа хэлэх гэсэн юм.
Уг хуульд “Агаарын хөлөг, зорчигч тээврийн галт тэрэг, зочид буудал, цэцэрлэг, бүх шатны сургууль, сургуулийн до­туур байр, тэдгээрийн гад­­нах орчин, нийтийн зо­риу­­лалттай орон сууцны байшин­гийн орц, цахилгаан шатанд утаат тамхи татахыг хориглоно” гэж заахаар санал хурааж дэмжүүлсэн. Тэгвэл миний ойлгож байгаагаар энэ газруудад утаа гаргадаггүй, электрон тамхи гээчийг татаж болно гэсэн үг үү. Насанд хүрээгүй жаахан хүүхдүүд тамхи татаж байхыг хараад бид жигшдэг хэрнээ утаат бус утаагүй тамхи /электрон тамхи/ татаад “алив, нэг сороод үзье” гээд булаацалдаж байгааг хараад л өнгөрөх нь.
Бас дээрээс нь автобусны буудал, олон нийтийн газар тамхи татахыг хориглож байгаа юм билээ. Тэгвэл Багшийн дээдийн автобусны буудлаас Мөнгөн завьяагийн автобусны буудал хүртэл алхахдаа хэдэн ч тамхи татаж болох нь ээ. Яагаад гэвэл явган хүний зам дээр тамхи татахыг хориглоно гэж хуульд заагаагүй юм чинь. Тэгэхээр тамхи татахыг хориглосноос өөр газар тамхи татсан гээд явган хүний замаар тамхи татаад явж байгаа хүнийг хараад өнгөрөх бус тэдэнд хариуцлага тооцдог байхын тулд эхний ээлжинд нийслэлд тамхи татдаггүй бүс байгуулчихвал яасан юм бэ, гишүүд ээ.
Бага тойруу ч гэдэг юм уу, зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам хүртэлх талбайд тамхигүй орчин бий болгох зорилго тавьж, хязгааралтын бүс бий болгох нь эхний алхам яагаад байж болохгүй гэж. Хязгаарлалтын бүсэд тамхи татсан хүнийг ёстой хуульд заасанчлан 50 мянган төгрөгөөр торгодог байвал дээргүй юү. Түүнээс хаа байсан Хайлаастын эцэст автобусны буудал дээр тамхи татаад зогсч байгаа иргэний халааснаас 50 мянган төгрөг гарна гэж үү.
Тэгэхээр эхний ээлжинд хязгаарлалтын бүс тогтоож, түүнийхээ хүрээг аажим аажмаар тэлж иргэдээ тамхинаас холдуулбал яасан юм. Хотын төвд ажиллаж, амьдардаг хүн, хотын захад очиж нэг ширхэг тамхи татчихаад ирнэ л гэж байхгүй нь лавтай. Тэгэхээр тамхиа хаяхаас өөр аргагүйд хүрэх нь лавтай.
Мөн эрхэм гишүүд та бүхний ярьсан нэг зүйл бол бага насны хүүхэд тамхи татаж байгаад баригдвал эцэг эх, асран хамгаалагчид нь хариуцлага тооцно гэсэн байх аа. Хэрэв эцэг, эхгүй, орон гэрээсээ дайжиж траншейгаар гэр хийж, орц хонгилоор хоног төөрүүлдэг халтар жаалууд тамхи татаж байвал яах вэ. Тэдэнд ямар арга хэмжээ авах вэ. Торгуулийн мөнгөгүй тэднийг шоронд хийх үү. Эсвэл асран хамгаалагч нь гээд “Хүүхдийн хаяг тогтоох төв”-ийнхөнд торгууль ногдуулах уу. Тэгэхээр эл хуулиа түүхийгээр нь яаран батлах бус, илүү дутуу ус, шүүсийг нь шахах хэрэгтэй юм бус уу.

Тамхичдад өгөх зөвлөгөө

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл парламентаар хэлэлцүүлэгт орж байна. Мэдээж хууль болон батлагдах нь дамжиггүй. Дамжиггүй гэдгийн учир ямар ч хууль байсан МАН-ынхны гомдоллоод байгаа шиг олонхи нь хүч түрээд товчлуураа гялс дараад ч юм уу баталчихдаг. Гэхдээ хууль батлагдлаа гээд тэр өдрөөс хойш таныг тамхи татаж болохгүй гэж байгаа юм биш. Энэ хууль хэрэгжих гэж бас таван сар дуншина. Өөрөөр хэлбэл, энэ хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, хууль сахиулах ёстой байгууллагууд нь бэлтгэл ажлаа хангах ёстой гэнэ. Магадгүй автобусны буудал дээр бужигналдсан олон хүнээс тамхи татаж байгааг нь ялгаж харах сургалт явуулах биз. Эсвэл гудамжинд тамхи зараад сууж байгаа хүнийг хэрхэн барьж авах, яаж торгох гээд төрөл бүрийн арга тактик зааж өгөх бололтой. Тиймээс хуулийг ирэх оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлнэ гэнэ. Тэр болтол тамхичид минь дуртай газраа тамхиа татаж болох нь.
Гэхдээ хууль хэрэгжиж эхэлснээс хойш тамхи татахыг хориглосон дээрх газруудад тамхи татаж харагдвал 50 мянган төгрөг салхинд хийсгэж байна гэж ойлгоорой. Нээрээ, бас нэг зүйлийг хэлье. Тамхи татаж байгаа хүмүүст хяналт тавих эрхийг жирийн иргэн, төрийн бус байгууллагуудад олгох гэнэ. Тэгэхээр тамхины эсрэг байцаагч та нарын дунд л гэмгүй царайлж байгаад л гэнэт гарч ирээд бариад авна гэсэн үг шүү дээ. Ганц ширхэг “утаа уусныхаа төлөө” 50 мянган төгрөг салхинд хийсгэнэ гэдэг харамсалтай хэрэг бус уу. Таныг олон нийтийн газар тамхи татлаа гэж хэн ч адлахгүй. Тиймээс төрөөс зөвшөөрч өгсөн 0,07 га газар дээрээ  тамхиа урдаас нь сорно уу, хойноос нь сорно уу таны эрх.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан