
Монгол Улсын Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатын зарлигаар Отгонтэнгэр хайрхныг 1995 оны 07 дугаар сарын 28-ны өдөр анх тахиж байв. Түүнээс хойших 8 дахь удаагийн тахилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар өнөөдөр буюу 2026 оны 6 дугаар сарын 17-ны өдөр тахилаа.
Тахилгын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, Элчин сайдууд, хутагтууд, дипломат төлөөлөгчийн газрынхан, Завхан нутгийн зон олон, сүсэгтэн олон Монголчууд оролцлоо.
Ёслолын арга хэмжээг аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр нээж, тахилгад хүрэлцэн ирсэн хүндэт зочид, ард иргэдэд мэндчилгээ дэвшүүлэв.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлж, тахилгын зарлигийг Засаг дарга Г.Өнөрбаярт гардуулан өгч, аймгийн Музейд хадгалуулав.
Ерөнхийлөгчийн Тамгын газраас холбогдох байгууллагуудтай хамтран тахилгын зан үйлийг ёсчлон гүйцэтгэлээ.
Завхан аймгийн Улиастай сумын харьяат Шуурайн Бат-Эрдэнийн унаган адуу цагаан азаргыг Монгол Улсын заан М.Лхагвагэрэл хөтлөн оруулж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сэтэрлэн тавив.
Монгол түмний хүслийг шингээж шүншиглэсэн дуут сумыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Даян мэргэн харваач Завхан аймгийн уугуул Б.Ёндонд гардуулан өгч харвууллаа.
Отгонтэнгэр хайрхны тэнгэрийг тахих ёслолыг 40 гаруй мянган зочин, сүсэгтэн олон үзэж сонирхлоо.
























