
Их-Уул сум Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээнээс эрчим хүчээ авдаг Завхан аймгийн ганц сум. Холоос эрчим хүчээ авдаг, энэ чиглэлийн цахилгаан хангамжийн сүүлийн суурин учир тогны хүчдэл маш бага байдаг нь Их-Уул сумынхны тулгамдсан асуудал байв. Цахилгааны ердийн хэрэгцээг ч хангаж чадахгүй, хүчдэл унах, тог тасрах зэрэг асуудлаас үүдэж тус суманд үйлдвэрлэл хөгжүүлэх боломжгүй байсан. Энэ асуудал шийдвэрлэгдэж Их-Уул сум АУЭХС-ний 35 кв-ын цахилгааныг Тосонцэнгэл сумаас авах төслийн нээлт боллоо. Уг төслийн 9.5 тэрбум төгрөгийн төсвийг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн Эрчим хүчний сайд байхдаа Улсын төсөвт суулгасан юм.
Нийт 45 км цахилгаан дамжуулах агаарын шугам татаж, дэд станц байгуулах төслийн нээлтэд УИХ-ын гишүүн Д.Чойжилсүрэн, Б.Түвшин, аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, Эрчим хүчний яамны ахлах мэргэжилтэн М.Балдорж, Их-Уул, Тосонцэнгэл сумын удирдлагууд, гүйцэтгэгч компанийн төлөөлөл, сумдын иргэд оролцлоо.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн дэмжлэгээр Завхан аймгийн 10 суманд 0.4 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам тавих ажил хийгдэж байна. Мөн Хилийн цэргийн 0277 дугаар ангийн 4 заставыг эрчим хүчээр хангах ажлыг хийгээд байна.
Тэрээр нээлтийн арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн Б.Түвшин, аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр нартай хамтран Завхан аймагт эрчим хүч болон бусад салбарт хийхээр төлөвлөсөн ажлуудаа шат дараатайгаар хэрэгжүүлсээр байх болно гэлээ.
























