Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“GROW WITH GOOGLE MONGOLIA” ХӨТӨЛБӨРИЙН 2026 ОНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ
76-г дугуйлах уу
Б.ШИРНЭН

Сонгууль болоход 63 өдөр үлджээ. Гэвч, сонгуулийн пропорциональ буюу намуудын жагсаалтаар 28 хүн УИХ-ын гишүүн болж байгаа нь Үндсэн хуультай зөрчилдсөн тул Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр Сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг түдгэлзээд байна.

Ингэснээр Сонгуулийн Ерөнхий хороо “тэг зогсолт” хийж, хувь тэнцүүлсэн тогтолцоотой холбоотой зохион байгуулалтын бүх ажлаа хойш тавилаа. Өчигдрийн байдлаар хувь тэнцүүлсэн тогтолцоогоор гадаад улсад байгаа сонгогчийн санал авах зохион байгуулалтын ажлууд зогссон. Тэдний саналыг авахаар гадаад улс дахь Элчин сайдын яамдад байрлаж байгаа салбар комисс ч УИХ-ын шийдвэрийг хүлээх болов.

Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгийн хэлж буйгаар УИХ шийдвэрээ гаргачихвал, зохион байгуулалт болоод бэлтгэл ажилд онцын хүндрэл учрахгүй ч УИХ асуудлыг яаралтай шийдэхгүй бол ирэх долоо хоногоос эхлэх нэр дэвшүүлэх ажил хуулийн хугацаандаа явагдаж чадахгүй болох гэнэ.

Тэгвэл Төрийн ордонд өчигдөр нам, эвслийн бүлгүүд хуваарийн дагуу хуралдахдаа дээрх асуудлыг мөн ярилцлаа. Эрх баригч болоод сөрөг хүчний бүлгийн зүгээс Цэцийн зөв, буруу гэсэн хуулийн үндэслэлтэй мэдээлэл өгөөгүй ч, жагсаалтаар бус ард түмнээс шууд сонгох нь зөв гэх ерөнхий зураглалаар нь дэмжиж байгаа бололтой.

МАН-ын бүлэг:
Хэдийгээр Төрийн байгуулалтын байнгын хороо болоод Хууль зүйн байнгын хороо Цэцийн дүгнэлтийг өнөөдрөөс хэлэлцэж, пүрэв гарагт чуулганы нэгдсэн хуралдаанд санал дүгнэлтээ оруулах ч МАН-ын бүлгийн 28 гишүүний дэмжлэг авах нь тодорхой болоод байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдааны талаар саяхан тус намын гишүүнчлэлээ сэргээсэн Х.Болорчулуун, бүлгийн дарга С.Бямбацогт болон дэд дарга Н.Номтойбаяр нар мэдээлэл өгсөн юм. Тус бүлэг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авахаар байр сууриа нэгтгэсэн бөгөөд энэ талаарх мэдээллийг С.Бямбацогт өглөө.
Тэрээр “Манай бүлэг УИХ-ын гишүүнийг шууд сонгоно гэсэн Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэхээр гарсан Цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн. Өмнө нь МАН хүнээ шууд сонгодог байх ёстой, жагсаалтын ард нуугдах нь буруу гэсэн байр суурь баримталдаг байсан. Үүний дагуу хүнээ сонгох нь зөв үү, намын жагсаалтаар сонгох нь зөв үү, гэсэн санал асуулгыг Ард нийтийн санал асуулгын хуулийн хүрээнд явуулах санаачилгыг жилийн өмнө гаргаж, хуулийн төсөл өргөн барьж байсан” гэлээ.
Харин томсгосон мажоритар байх уу, жижиг 76 байх уу гэдэг дээр асуудал яригдах тул жагсаалтын 28-ыг 26 тойрогт хуваах асуудлыг тодорхой ярих ёстой гэж санал нэгджээ. Өөрөөр хэлбэл, орон нутгийн 20 тойрогт нэг нэгээр, үлдсэн найман мандатыг нийслэлийн дүүргүүдэд хуваарилж, ингэхдээ Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт тус бүр хоёр мандат, бусад дүүрэгт нэг мандат хуваарилна гэх байр суурийг цаашид илэрхийлэх нь.

АН-ын бүлэг:
Харин АН-ын бүлгийн зарим гишүүн Цэцийн шийдвэрийг дэмжихгүй байгаагаас үүдэн бүлэг мэдээлэл хийлгүй өнжиж, байр сууриа нэгтгэхээр болсон юм. Гэхдээ мэдээлэл хийгээгүй ч, бүлгийн олонхи дэмжиж байгаа гэх албан бус мэдээлэл бүлгийн хуралдаанаас гарлаа.
Тус бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн С.Одонтуяа дэмжихгүй гишүүдийн тоонд орж байгаа бөгөөд мажоритар тогтолцоогоор сон­гууль хийвэл, улс төрийг илүү бохирдуулсан асар их мөн­гөний тэмцэл бий бол­но гэж үзлээ. Тэрээр Ард­чил­с­ан эмэгтэйчүүдийн холбоог удирддаг нь мөн эмэгтэй­чүүдийн квотын асуудлыг хөндөж, Цэцийн шийдвэрийг дэмжихгүй байх бас нэг шалтгаан болж байгаа бололтой. Түүний адилаар УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Л.Эрдэнчимэг нар ч эмэгтэй ги­шүүдийн тоо одоогийнхоос олон байх боломжтой гэж үздэг бөгөөд дан мажоритар тог­толцоо нь жендерийн харьцаанд сөргөөр нөлөөдөг гэсэн талыг баримталж болох юм.
Бүлгийн дэд дарга “11 эмэгтэй гишүүний бараг 40 хувь нь намын жагсаалтаар сонгогдсон. Энэ жагсаалт улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх тогтолцоо байсан. Мөн жагсаалтаар нам бүрээс хоёр эмэгтэй орох боломжтой болдог” гэж үзэж байгаа юм. Түүний хэлсэнчлэн холимог тогтолцоогоор АН-аас Р.Бурмаа, М.Батчимэг, МАН-аас Д.Сарангэрэл, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс З.Баянсэлэнгэ нарын таван эмэгтэй намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болж байсан юм. Тиймээс эмэгтэй гишүүд Цэцийн шийдвэрийн эсрэг “кнопдох” магадлал өндөр.

“Шударга ёс” эвслийн бүлэг:
Эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг Уур амьсгалын өөрчлөлтийн Парисын хэлэлцээрт оролцож байгаа тул бүлгийн хурал болсонгүй. Гэхдээ өнөөдөр хуралдаж, шийдвэрээ гаргах мэдээлэл байна. МҮАН-МАХН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг одоо бүлгийн босго давах хэмжээний л гишүүдтэй үлдсэн бөгөөд бүлгийн зургаан гишүүн нь 2012 онд намын жагсаалтаар сонгогдсон байдаг юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан