Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА 2026.03.17: Цахилгаан хязгаарлах байршлууд
Ц.Элбэгдорж: 40 хүн шинээр орж ирлээ гээд өмнөх УИХ-ын бүх зүйлийг буцаах юм уу

Б.ШИРНЭН

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг одоогийн парламент дахь сөрөг хүчин болох АН өнгөрсөн оны арванхоёрдугаар сард баталсан юм. 13 жилийн дараа хийгдсэн Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг дагаад процессын таван хуулийг мөн шинэчлэн найруулсан байдаг. Гэвч, хуулийг ёсчилох ажил хийгдээгүй гэдэг шалтгаанаар өнөөдрийн эрх баригчид буюу МАН  дээрх таван хуулийг хууль санаачлагчид нь буцаасан юм. Хэдийгээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хуулиудыг буцаах тухай УИХ-ын 26 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан ч УИХ-ын чуулганаар хоригийг хүлээж авсангүй.

ХУУЛИУДЫГ БУЦААХ ШАЛТГААН БУЮУ ХУУЛЬ ЁСЧИЛОХ ГЭЖ ЮУ ВЭ

Эрүүгийн хуулийн өөрчлөлт нь өмнөх хоёр ч парламент дамнан яригдаж, өнгөрсөн арванхоёрдугаар сард батлагдсан юм. Энэ хоёр хуулийг хэрэглэхийн тулд заавал дагалдах хуульд өөрчлөлт оруулах ёстой байдаг. Эдгээрийг процессын хууль гэж нэрлэдэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудын шинэчилсэн найруулга юм.

Тэгвэл дээрх таван хуулийг ёсчилоогүй буюу албажуулаагүй гэдэг шалтгаанаар буцааж байгаа юм. Энэ нь дагалдах таван хуулийг ёсчилоогүйгээс болоод албажсан хоёр том хуулийг хэрэгжүүлэх боломжгүй болсон анхны тохиолдол. Мөн УИХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан шинэ УИХ өмнөх УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд хийж гүйцэтгэх “ёсчилоогүй” хуулийг хэрхэн шийдвэрлэх асуудлыг Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудаар зохицуулаагүй бөгөөд энэ асуудал нь манай улсын парламентын түүхэнд үүсч байгаа анхны тохиолдол болж байгаа юм. Харин энэ тохиолдлыг МАН-ын эрх баригчид хууль санаачлагчид нь буцаах замаар шийдвэрлэж байна.

Гэхдээ сөрөг хүчин бо­лох АН-ынхан хуулийг энэ парламент ёсчилон, албажуулах боломжтой гэж үзсэн. Учир нь, тэд УИХ-ын чуулганы санал хураалтаар хуулийг олонх дэмжиж баталсан тул хууль хүчин төгөлдөр гэж үзсэн юм. Харин “ёсчилох” гэдэг талаар судалбал,

1.    УИХ хууль, УИХ-ын бусад шийдвэрийн эцсийн найруулгатай танилцсанаас хойш ажлын гурван өдрийн дотор УИХ-ын дарга уг шийдвэрт гарын үсэг зурж ёсчилдог байна.
2.    Харин дараа нь  УИХ-ын шийдвэрийг ёсчилсноос хойш 24 цагийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгчид илгээдэг.
3.    Ерөнхийлөгч УИХ-ын дарга гарын үсгээ зурж ёсчилсон хуулийг хүлээн авснаас хойш ажлын таван өдөрт багтаан хориг тавих эсэхээ шийдвэрлэдэг аж. Хэрэв энэ хугацаанд Ерөнхийлөгч хориг тавиагүй бол уг хууль хүчин төгөлдөр болох дараагийн шатандаа ордог байна.
Тиймээс МАН-ынхан өмнөх эрх барчигид хуулийг баталж үлдээснээс биш дээрх процессын ажлууд хийгдээгүй гэж үзсэн юм.

ЭНЭ ПАРЛАМЕНТ ХУУЛИЙГ ЁСЧИЛОХ БОЛОМЖТОЙ БАЙСАН УУ БУЮУ ХУУЛИЙГ ТОГТООЛООР БУЦААСАН МАРГААН

Тэгвэл сөрөг хүчний бүлгээс одоогийн УИХ хуулийг ёсчилох боломжтой гэж үзсэн. Мөн нэгэнт УИХ-аар батлагдсан хуулиудыг тогтоолоор буцаасан нь хууль дээдлэх зарчмыг алдагдуулсан явдал гэж буруутгав.

Учир нь, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16.8-д зааснаар “Байнгын хороо, нам, эвслийн бүлэг хуулийн төслийг хэлэлцээд тухайн асуудлаар хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр гаргах шаардлагагүй, эсхүл өргөн мэдүүлсэн төсөл нь боловсруулалтын шаардлага хангаагүй буюу хэрэгжих боломжгүй” гэж үзвэл төслийг хууль санаачлагчид нь буцаадаг байна. Үүнээс өөрөөр УИХ олонхиороо баталсан хуулийг тогтоол гаргах замаар буцаах хуулийн зохицуулалт байдаггүй аж.

Мөн МАН-ын гишүүд уншиж үзээгүй хуулийг ёсчилж, өмнөх парламентын хийлгүй үлдээсэн ажлыг хийхгүй гэж үзэж буй. Тэгвэл хуульчид, “Ёсчилох нь өөрөө шинэ парламент байна уу, хуучны парламент байна уу гэдгээс үл хамааран УИХ-ын хуулиар хүлээсэн үүрэг” гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, одоогийн УИХ өмнөх парламентын ёсчилоогүй үлдээсэн хуулийг ёсчилоод дараа нь хэрэгжих хугацаанд нь өөрчлөлт оруулах замаар хуулийн хэрэгжилтийг хойшлуулах бүрэн боломжтой байсан гэж үзсэн юм.

Мөн болж буй үйл явдал нь өмнө нь парламентын түүхэнд болж байгаагүй үзэгдэл тул МАН хуулийг ёсчилоогүй, тогтоолоор буцааснаар буруу жишиг тогтоолоо хэмээн Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх буруутгасан юм.
 
ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХУУЛИЙН ЗАВХРАЛД БУРУУТГАВ

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт “Нэгдсэн хуралдаан энэ хуулийн 24.3-т заасны дагуу санал хураалт явуулж дууссаны дараа хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулах бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бол хууль батлагдсанд тооцно” гэж заасан байдаг. Энэ үндэслэлээр хууль батлагдсанд тооцох тул УИХ-ын хуулиудыг буцаах тогтоолд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хориг тавьсан юм. Тэгвэл чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, дэмжсэнгүй.
Харин энэ үеэр МАН-ын урдаа барьдаг хуульч, УИХ-ын Ц.Нямдорж энэ бүх завхралд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж буруутай хэмээн хэлсэн юм. Тэрээр “Цаашид бид хууль батлаад гарын үсэггүй, ёсчилоогүй, редакц сонсоогүй юм Ерөнхийлөгч рүү явуулж байя. Алх цохиод л баталсан бол хууль болчихдог гэж яриад байна. Тиймээс Төсвийн тодотголыг гарын үсэггүй явуулчих. Юу гэхийг нь харъя” хэмээн бухимдав. Мөн “Энэ таван хуулийн редакцийг сонсох, ёсчилох сарын хугацаа байсан. Тиймээс хариуцлага асуух гэж байгаа бол өмнөх УИХ-аасаа асуу. Оролцоогүй бүрэн эрхгүй байсан хүмүүс энэ хуулийн редакцийг яаж батлах юм” хэмээн Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэнгүй.
Мөн “Энэ хоригийг хүлээж авч болохгүй. Та нар 2009 оноос хойш шүүхийн шинэчлэл хийж байна гэж Монголын Үндсэн хууль, хуулийн системийг самарсан. Давж заалдах шатны шүүхийг байхгүй болгосон. Энэ улсад бий болсон замбараагүй нөхцөл байдал, задгай зайдан явдал Ерөнхийлөгчтэй холбоотой шүү. Та нар Монголын төрийг хэзээ самарч дуусах вэ. Эзэнгүй юманд хариуцлага хүлээлгэх гэж хориг тавьж давхиад байх юм” гэсэн юм.

ЕРӨНХИЙЛӨГЧ ХАРИУ БАРИВ

Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж орой нь сэтгүүлчдийн шилдэг бүтээл шалгаруулах “Балдорж” ёслолын арга хэмжээнд оролцож, хоригийг хүлээж аваагүйд бухимдаж байгааг илэрхийлсэн юм. Тэрээр “...Ер нь тэгээд намын дарга нь парламент, УИХ-ын дарга байх нь хаашаа ч юм. Сая энд  нэг сэтгүүлчийн “Тааруу парламент, таарсан дарга” гэсэн материал харагдана лээ. Өмнөх УИХ-ын дарга нь тэр олон мянган хүний олон жилийн хөдөлмөрөөр бүтсэн хуулийг ёсчилоод, Их Хурлаа ёс төртэй хаагаад  явахад яадаг байна аа. Өнөөгийн УИХ гарч ирээд манай гишүүдийн 40 нь шинээр орж ирсэн. Шинэ парламент. Тийм учраас үүнийг бид буцааж байгаа юм гэсэн. Би Ерөнхий сайд, УИХ-ын даргад хэлж байсан. “Бодлогын залгамж, төрийн залгамж гэдэг бол хүнээр явдаггүй, бодлогоор явдаг юм. Та нар буруу үйлдэл хийж байна. Маш буруу. 40 хүн шинээр орж ирсэн гээд өмнөх УИХ-ын бүх зүйлийг буцаах юм уу. Өнөөдөр мөнгө, эдийн засаг хэцүү байна. Үүн дээрээ нийлээд ажиллая. Та нар дахиад нэг муу нэр авч яах юм бэ. Хуулийн шинэчлэлийг буцаасан гэсэн нэр авч яах юм бэ” гэж хэлж байсан. Зарим нэг хүний шүд зуусан, олон жил энэ шинэчлэлийн эсрэг эсэргүүцсэн эсэргүүцэл, хорсолд заавал автах хэрэггүй. Бүр мэнгээ донгио болтол шүд зуусан ганц нэг хүн бий. Мэнгэ нь дөнгө болсон. Хуулийн шинэчлэлийг эсэргүүцдэг. Түүгээр заавал явж яах гэсэн юм. Энэ ард түмний эрх ашгийн төлөө, тэр муу хар хуулиас, тэр ард иргэдийн иргэний эрхийг зөрчдөг хуулиас салах хэрэгтэй. Яг хүмүүсийн төлөө, жирийн иргэдийн төлөө хийж байгаа шинэчлэл шүү дээ...” гэсэн юм.

Мөн “УИХ өнөөдөр миний тавьсан хоригийг хүлээж авсангүй. Би их цөөхөн хориг тавьсан. Сая нэг чухал асуудлаар хориг тавилаа гэж бодсон. Бухимдсан шалтгаан нь олон мянган хүний, олон жилийн, ер нь бол 96 жилийн мөрөөдөл байсан. Социализмын үед бид 70 жил явсан. Сайн, саар зүйлүүд байсан. Хэлмэгдэл, хүнд зүйлүүд байсан. Түүнээс гарахын тулд бид хуулийн салбараа өөрчилье л гэсэн юм. 70 жил үүнд бэлдсэн. Тэгээд хувьсгал хийсэн. Ардчиллын 26 жилийн хугацаанд, одоо ч гэсэн хүмүүсийг барьж шийтгэж байна. Үндэслэлгүй хорьж байна гээд янз бүрийн зүйл байдаг. Үүнийг засахын тулд Эрүүгийн байцаан шийтгэх хууль, өнөөдрийн буцаасан таван хуулийг ярьж хийсэн. Дарга нар бэлтгэл хангаагүй гэсэн. Би өөдөөс нь “Монголын ард түмэн 96 жил цус, хөлс, хүч, хөдөлмөрөөрөө энэ бэлтгэлийг хангасан юм шүү. Ясандаа тултал ойлгосон байгаа шүү. Энэ өөрчлөлтийг хийх хэрэгтэй” гэсэн ч хуулийг хүлээж авсангүй. Мөнгө, санхүү байхгүй гээд олон зүйл ярьж байгаа. Харж байхад мөнгөгүй хийх хамгийн чухал өөрчлөлт энэ юм” гэлээ.
0 Сэтгэгдэл
уг нь ч Нямдоржийн яриад байгаа үнэний ортой шүү. Энэ хуулиас болоод муу түүх үлдвэл энэ ИХ-ын гишүүдийн нэр холбогдоно байх шүү. Одоогийн УИХ-ын гишүүд редакц хийсний дараа дахин баталдаг юм бол яаж батлах юм бэ
Ер хуулийг батлах хэрэгжүүлэх тухай ямар хууль дүрэм байдаг юм тэр журмаараа л явах хэрэгтэй ш дэ. Түүнээс биш нээг их ард түмэнд хэрэгтэй байсан юм гэх мэт яриа бол хэрэгүй ш дээ. том дарга ч байсан хуулиа мөрдөх хэрэтэй
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан