Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна ОТГОНТЭНГЭРИЙН ӨВӨР, АРЫГ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭЭР БАТЛУУЛАВ Үндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ 100 айлд байрлах барилгын материалын дэлгүүр шатжээ Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна Барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болгов Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА 2026.03.17: Цахилгаан хязгаарлах байршлууд
Д.Эрдэнэбат: АН хэсэг хүний хэлснээр задардаг нам биш

Т.ЦЭЛМЭГ


Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлөөс өнгөрсөн долоо хоногт орон нутгийн сонгуулийн штабыг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатаар удирдуулан ажиллах үүрэг өгсөн. Тэгвэл тэрээр сонгуулийн асуудлаар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Аравдугаар сарын 19-нд болох сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд 7006 мандатын төлөө 15209 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлснээс 7500 орчим нь Ардчилсан намын гишүүд юм байна.

Орон нутгийн сонгууль нь МАН-ын хийсэн олон ухралтыг зогсоох, нөгөө талаас ардчиллын төлөөх бусад нам, иргэний хөдөлгөөн, төрийн бус байгууллага нэгдэн энэ бүх ухралтыг зогсоох хариуцлагатай сонгуулийн өмнө ирж байгаа. Нэр дэвшигчдийг бүртгэх хугацаанд үл ялиг шалтгаанаар нэр дэвшигчийг бүртгэхгүй байх, сонгуулийн хорооны бүтцээ нэг талыг барьж байгуулах зэргээр Сонгуулийн хуулийг зөрчих маргаантай асуудал бий. Хууль хяналтын байгууллага шалгаад шийдвэрээ гаргах байх. Тэгэхдээ сонгуулийн штаб бүх нэр дэвшигчдээ дэмжих, орон нутгийн сонгуульд зохион байгуулалттай орох бэлтгэлдээ орлоо хэмээн тэрээр мэдэгдсэн юм.

УИХ-ын сонгуулиар гарсан шилжилт хөдөлгөөний замбараагүй байдал буюу “царцааны нүүдэл” газар авсан. Үүнтэй холбоотой маргаан АН-д ирсэн байна. Орон нутгийн сонгуулиар дахин битгий гараасай, иргэд сонголтоо зөв хийх цаг үе гэдгийг тэрээр мөн хэллээ.

Сэтгүүлчдийн асуултад түүний хэрхэн хариулсныг хүргэе.

-АН-ын залуучууд фракцуудын зөрчлөөс болж 2016 оны УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн учраас тарах ёстой гэж шаардлага тавиад байгаа?
-АН бол ард түмний дундаас бий болсон, үндэсний хэмжээний нам. Нийт иргэдийн 35 хувь байдаг нам. Тийм учраас тэдний санал бодол оролцохгүйгээр задарна, тарна гэдэг ойлголт байхгүй. Фракц гэдэг ойлголтыг эрх ашгийн нэгдэл болгосон нь бидний алдаа байсан уу гэвэл байсан. Алдаагаа давтахгүйн тулд манай шинэчлэгчид арай өөр байр сууринаас хандах ёстой гэж хэлж байгаа. Залуучуудтайгаа уулзаж ярилцсан. Бодлого дээрээ нэгдсэн фракц байх нь зөв хэмээн шинэ дүрмэндээ оруулах ёстой гэж үзсэн. Тиймээс залуучууддаа “Та нар яваад сум, хорооныхоо жирийн гишүүд дэмжигчдийн үгийг сонс. Түүний дараа дахиад эрэмбэлээд ярья” гэсэн. Ингэх нь бидний хувьд зөв шийдэл. АН хэсэг хүний хэлснээр задардаг нам биш ээ гэдгийг хаа, хаанаа хатуу ойлгох ёстой.

-Намын дүрмийн ши­нэч­лэл хийх хугацаа бий юу?
-Намын дүрмийн шинэчлэлийн анхны төслийг зургаан жилийн өмнө хийсэн. Тэгэхдээ хоёр удаа орон нутгийн намын байгууллагаар хэлэлцүүлсэн. Намын Хэрэг эрхлэх газар дээр ажлын хэсэг ажиллаж байгаа. ҮЗХ-ны хуралдаанаар Их хуралд оруулах үндсэн дүрмийн шинэчлэлийн ажлын хэсгээ байгуулахаар төлөвлөж байна. Хугацаа хангалттай бий.

-ҮЗХ-ны одоогийн бүрэл­дэхүүн эрх зүйн ча­дамжгүй фракцдаа хуваагдчихсан. ҮЗХ-ны хурлаас үр дүнтэй шийдвэр гаргадаггүй гэдэг?
-Үндсэн дүрмийг өнөөгийн ҮЗХ батлахгүй. Үндсэн дүрмийн шинэчлэлийн ажлын хэсэг байгуулж, ажиллаад арванхоёрдугаар сарын 6-нд Үндсэн дүрмээ Их хурлаараа батална. Тэр үед хуучин ҮЗХ шинээр баталсан Үндсэн дүрмийнхээ хүрээнд татан буугдана. Бүх зүйл цоо шинээр эхлэх ёстой гэж харж байгаа. 16 жилийн дараа АН хоёр дахь амьсгалаа авахдаа зөв авах ёстой гэсэн хатуу байр суурьтай байгаа. Муугаар ярих юм бол АН-ыг долоон фракцтай, орон гэрээ нурааж байна гэж ярьдаг. Сайнаар ярих юм бол АН долоон өнгийн солонготой, аль алиныхаа асуудлыг нээлттэй хэлэлцэж байна гэж ярьдаг. Үүнд нь би санал нэгддэг, цаашдаа тэвчиж явна.

-УИХ дахь АН-ын бүлэг хүчгүйдээд байна уу гэж харагдаад байна?
-Парламент дахь 65, ес гэсэн тоог харьцуулаад үз дээ. Хариултыг нь хэлнэ. УИХ дахь АН-ын бүлэг буруу шийдвэрт байр сууриа хангалттай илэрхийлж байгаа. “Сайн” хөтөлбөрүүдийг зогсооход АН байр сууриа тодорхой илэрхийлсэн. “Сайн оюутан” хариуцлагын хөтөлбөр байсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Мөнгөний бодлогоор хэрэгжиж байсан зээлийн бодлого. Хэрвээ “Сайн оюутан” хөтөлбөрт оюутан хамрагдсан бол сургуулиа сонгох, мэргэжлээ сонгох эрх өөрийнх нь нуруун дээр хариуцлага болж бууж байсныг харамсалтай нь болиуллаа. Мөнгө хүүлдэг олон сургуулийг үгүй болгохын төлөө байсныг өөрчилсөн нь алдаа.

-АН-ын Гүйцэтгэх зөвлөл тарах ёстой гэх боллоо?
-АН-ын Гүйцэтгэх зөвлөл, ҮЗХ тараасай гэдэг бол хаанаас явж байгаа мэдээ юм мэдэхгүй. Манай нам дүрэмтэй, журамтай. Энэ хүрээндээ шийдээд явж байгаа.

-УИХ-ын дарга байсан З.Энхболд Тавантолгойг ард түмэндээ авч үлдлээ гэж байсан. Гэтэл “Эрдэнэс Таван­толгой” компани алдагдалтай ажиллаж бай­на. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өсөөд байгаа бо­ловч Монголын нүүрс үнэгүйдлээ.
-Анх “Эрдэнэс Тавантолгой”-н борлуулалтын гэрээг хийхдээ барьцаалж авсан зээлэн дээрээ тэгшитгэж хийсэн. Энэ тэгшитгэж хийсэн гэрээ нь өнөөдөр сөргөөр нөлөөлөх байдал үүсгэв үү гэж харж байна. Засгийн газар тодорхой хариулт өгөх байх. Үүнийг хэн нэг хүнд нааж болохгүй. АН “Анхнаасаа яах гэж хятадуудтай нийлж гэрээ хийсэн юм бэ” гэдэг байр суурьтай байсан. Тавантолгой нүүрсний уурхайг ажиллуулахын тулд үндэсний компаниа оролцуулсан консерциум хэлбэрээр гэрээ байгуулж явах ёстой гэдэг байр суурь дээрээ АН өнөөдөр ч хэвээр байгаа.

-Өнгөрсөн долоо хоногт болох байсан ҮЗХ-ны хурлыг Гүйцэтгэх зөвлөл хойшлуулах эрхгүй. Хурлын тэргүүлэгчдэд эрх байсан ч гэж тайлбарлаж байна. Үндсэн дүрэмд юу гэж заасан байдаг вэ?
-Намын дүрмэнд “Гүйцэт­гэх зөвлөл улс төр, нийгмийн асуудлаар болон өдөр тутмын асуудлаар дүгнэлт хийгээд шийдвэр гаргах эрхтэй” гэсэн заалт бий. Орон нутгийн сонгууль ойртсон учраас Гүйцэт­гэх зөвлөл хуралдаад ҮЗХ-ны хуралдааныг хойшлуулах  шийдвэр гаргасан нь зөв гэж би хувьдаа үзэж байгаа. АН орон нутгийн сонгуулийн өмнө даргаа солих нь чухал байна уу. Орон нутгийн сонгуулийн үеэр шинэчлэлээ явуулаад, энэ сонгуульд амжилт гаргах нь зөв юм уу гэдэг дээр л шийдлээ гаргасан.
Хурлын тэргүүлэгчид бол тухайн хурлын нөхцөл байдалд таарсан шийдвэр гаргах эрхтэй болохоос биш намтай холбоотой улс төрийн шийдвэр гаргах эрхгүй.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан