Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Амлалт л бол амлалт

Т.ЦЭЛМЭГ


Амлалт гэдэг нь зүгээр л амнаас гарсан хий биш арай хариуцлагатай үг болохыг хүн бүр мэднэ. Сонгууль гэдэг үгтэй хамгийн их хоршиж ирсэн амлалт өгөх асуудал “Бид тэгж чадна, ийм юм хийж өгнө” гэж биеждэг бол яг бодит ажил болох нь тун ховор. Тийм ч болохоор амлалт гэдэг үгийн үнэ цэнийг нь улстөрчид л хамгийн их алдагдуулдаг. Гэвч сонгууль бүрээр гоё сайхан үгэнд нь хууртаж сонголт хийгээд дараа нь харамсан халаглаж суусаар л байгаа. Хамгийн ойрын жишээ бол өнгөрсөн зургадугаар сарын парламентын сонгууль. Үнэмлэхүй олонхи болсон Монгол Ардын нам мөрийн хөтөлбөрийн амлалтуудаасаа буцаж эхэлсэн. Хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжийг бууруулахгүй, хасахгүй гэдэг амлалтаасаа няцсан гээд тоочвол цөөнгүй. Гэхдээ үүнийгээ төсөв мөнгөний боломжгүй гэдэг тайлбараараа хаацайлж буй. Удахгүй дахин нэг амлалт хоосон үг болж мэдэхээр байна.        

Тэтгэвэрт гарах нас нь болсон, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн бол нэг удаагийн тэтгэмж гэж 36 сар хүртэлх цалинтай тэнцэх хэмжээний мөнгө авдаг байсан. Харин энэ оны төсвийн тодотголоор уг тэтгэмжийг 1-12 сар болгон бууруулж, баталсан. Ингэхдээ Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулж “Ажилласан хугацааг нь харгалзан 1-12 сарын үндсэн цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно” гэж өөрчлөөд сар гаруйн хугацаа л болох гэж байна. Энэ нь маш их маргаан дагуулж, гомдол санал ч одоо хүртэл тасрахгүй байгаа. Гомдол саналаа хэлэх “11-11 төв” ч татан буугдсан учраас энэ талаар ярих хэлэх хүний үг хаданд хашгирсантай ялгаагүй боллоо. Хэдийгээр төсөв мөнгөний боломжгүй байгаа ч гэсэн тэтгэвэртээ суухдаа нэг удаагийн тэтгэмжээ авна гэж амьдрал ахуйдаа нэмэр болох өч төчнөөн ажил төлөвлөдөг. Багш нар гэхэд 18-27 орчим сая төгрөг авдаг байв. Эмч нар бол цалингийн хэмжээнээсээ хамаараад 20-30 сая төгрөг авдаг байлаа. Өнгөрсөн есдүгээр сард төсвийн тодотгол хийхдээ 1-12 сар болгон өөрчилж баталснаар тэтгэмжийн мөнгө нь дагаад буурсан. 2016 он дуустал тэтгэвртээ гарахаар болсон багш, эмч нар гомдолтой байгаа нь мэдээж.

Харин өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Ж.Эрдэ­нэ­­бат МҮЭ-ийн холбоодын төлөөлөлтэй уулзахдаа тэтгэ­вэрт гарах асуудлыг да­хиж хөндөхгүйгээ амласан. Тод­руул­бал, 36 сарын цалингаар тооцдог тэтгэмжийг 2017 онд урьдын адил олгоно. Төрийн байгууллагууд дахь албан хаагчид он гартал аль болох тэтгэвэрт гаргахгүй байх хэрэгтэй гэсэн. Хэрэв гарах хугацаа нь болсон бол 2017 он болтол шийдвэр гаргахгүй байхыг Засгийн газрын тэргүүн зөвлөжээ. Үүнийг хэрхэн биелүүлэх бол.

2017 оны төсөвтэй хамт өргөн барьсан хуулийн төслүүд дунд Төрийн албаны тухай хуульд холбогдох өөрчлөлт оруулахаар оруулж иржээ. Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйл 30.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 24.1.1 24.1.2-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жин­хэнэ албан хаагчид үндсэн ца­лингийн дунджаас нь ажил­ласан хугацааг нь үндэс­лэн тооцож нэг удаагийн бу­цалтгүй тусламж олгоно. Нэг удаагийн буцалтгүй туслам­жийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингаас хэтрэх­гүй байна. Нэг удаа­гийн буцалтгүй тусламж тоо­цох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөх­­цөлийг тодорхойлсон жур­­мыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэс­лэн Засгийн газар тогтооно” гэж өөрчлөхөөр төсөл өргөн барьсан. Энэ бол тухайн салбарын сайд шийдвэрээ гаргах эрхтэй гэсэн үг юм. Эрүүл мэндийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд нар 2017 оноос хэнийг тэтгэвэрт нь гаргаж, хэдэн сарын цалин­гаар тэтгэмжийг нь тооцож олгох бүрэн эрхтэй болох нь.

Ерөнхий боловсролын сургуульд 28500 орчим багш ажиллаж дунджаар 505,400 төгрөгийн цалин авдаг. Жилдээ 1200-1350 багш тэтгэвэртээ гарч, 36 сарын цалингийн хэмжээтэй тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг авдаг. Сургуулийн өмнөх боловсролын багш нарын тоо 6800 орчим, дундаж цалин нь 480,000 төгрөг. Тэтгэвэртээ суух цэцэрлэгийн багш нарын тоо жилд дунджаар 200-400 байдаг аж. Цэцэрлэгийн багш нар тэтгэвэртээ гарахдаа 15-21 сая төгрөгийн тэтгэмж авдаг. Энэ мөнгө нь ихэнхдээ л хүүхдүүдээ тусад нь гаргах орон сууцны урьдчилгаа төл­бөр, хашаа байшингаа өөрийн болгон авах гээд ахуйн асууд­лаа шийдэхэд ихээхэн нэмэр болдог. Насаараа ажил­ласан багш, эмч нарын хувьд энэ бол хамгийн гомд­моор шийдвэр. Нөгөө сайхан амлалт өгөөд байсан хүмүүс сонгууль болоод хагас жил ч болоогүй байхад эргэж буцаад булзааруулаад эхэлнэ гэж хэн мэдлээ. Ардын нам амлалтаасаа буцах нь алга урвуулахын дайтай амархан юм гэх нь ч байна. Ирэх оноос тэтгэвэртээ гарахаар болсон мянга мянган ахмад багш, эмч нараа бодоод амлалтаа энэ удаад нэг биелүүлээч гэж хүсье.   
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан