Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН-ын мерит мөрөөдөл болов

Б.ШИРНЭН


Эрх баригч МАН сөрөг хүчин байхдаа буюу сонгуулиас өмнө олон амлалт өгсний нэг нь Засаглалын бодлого байв. Энэ намын “луугар” гишүүн болох Ц.Нямдорж ирэх дөрвөн жилд урдаа барьж ажиллах хамгийн том баримт бичиг бол намын мөрийн хөтөлбөр шүү гэж хатуухан сануулсан нь бий. Гэвч МАН-ынхан Засгийн эрхэнд гарсан даруйдаа иргэдэд өгсөн амлалт, мөрийн хөтөлбөрийн зарим заалтыг үл тоомсорлож, хээ шаагүй аашлах боллоо. Эдийн засгийн хүндрэлээс үүдсэн зарим нэг амлалтыг түр хойшлуулж болох юм гэхэд адаглаад мөнгөгүйгээр шийдэж болох амлалтаа ч тэд гуравхан сарын хугацаанд мартжээ. Жишээ нь, МАН-ын мөрийн хөтөлбөрийн дөрөвдүгээр бүлгийн 4.1.3-т “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахыг хязгаарлана” гээд биччихсэн байна. Гэтэл бодит байдал дээр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ц.Мөнх-Оргил, Б.Чойжилсүрэн, С.Бямбацогт, Н.Номтойбаяр болон Б.Бат-Эрдэнэ нар мөрийн хөтөлбөрийн 4.1.3 дахь амлалтаа зөрчин УИХ, Засгийн газрын гишүүний албыг хавсарч байгааг юу гэх вэ.

Мөн тус намын гишүүн Ө.Энхтүвшин Ерөнхий сайдыг томилох үеэр “ах, дүү, хамаатан саднаа томилохгүй” байх утгатай үгсийг намынхандаа дайсан нь үнэ хүндээ алдаж, өнөөдөр төрийн албанд төрлөөрөө дамжуулан тонгочиж байгаа эрхэмүүд цөөнгүй бий болжээ. Уг нь, эрх баригчид сонгуулийн сурталчилгаа хийх үеэрээ “Төрийн алба төрлийн алба болсон он жилүүд” нэртэй видео хүртэл хийж, төрийн албанд төрлийн харилцаа байх ёсгүй хэмээн ард олноо тунхаглаж явсан. Энэ талаар мөрийн хөтөлбөрийн 4.2.7-д “Төрийн байгууллагыг удирдаж байгаа хүмүүс ах, дүү хамаатан саднаа ажилд авахыг хориглоно”, мөн 4.2.8-д “Төрийн албанд шат ахиулан албан тушаал дэвшүүлэх Мерит тогтолцоог дэвшүүлнэ” гэсэн байна.

Мерит гэх энэ зарчмаар бол мэргэшсэн албаны томилгоог улс төрийн хуваарилалт, захиалгаар бус, түүнээс бүрэн ангид, шударгаар өрсөлдүүлэн шалгаруулах зарчмаар төрийн албанд томилох зөвхөн хүлээн зөвшөөрөхүйц зүтгэл, үр дүн гаргасныхаа үнэлэмжээр албан тушаал дэвших тухай тогтсон үзэл баримтлал байдаг.

Гэтэл өнөөдөр эрх баригч намын олонхийн шийдвэрээр томилогддог албан тушаалуудад улстөрчдийн “цусан холбоо” зонхилж, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Б.Пүрэвдоржийн хэлснээр “Мэргэжлийн Засгийн газар юм уу, Миеэгийн Засгийн газар юм уу. Төр улсын Засгийн газар юм уу, Төв аймгийн Засгийн газар юм уу. Түмэн олны Засгийн газар юм уу, Төрөл садангийн Засгийн газар юм уу. Улс орны Засгийн газар юм уу, Ураг төрлийн Засгийн газар юм уу. Монголын Засгийн газар юм уу Морин уяачдын Засгийн газар юм уу” гэдэг нь болжээ.





Эх сурвалж: Ардчилал сонин
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан