Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.Нямцэцэг: Ажил, амьдралын мөч бүрт чин сэтгэлээсээ л хандах ёстой

Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Т.Нямцэцэгтэй ярилцлаа.

-Орон нутгийн сонгууль бол төр иргэн хоёрыг холбох гүүр, таны дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэж ажиллах хүнээ сонгох явдал. Тиймээс та иргэдээ сайн сайханд хөтлөх их үйлсэд мордож буйтай адил юм уу даа?
-Дүүрэг, орон нутгийн сонгууль бол Баянгол дүүргийн 2490 га нутаг дэвсгэрт амьдарч буй 208 мянга гаруй иргэдийнхээ сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой, тэднийхээ эрх ашгийг хамгаалах үүрэгтэй нутгийн өөрөө удирдах байгууллага.
Баянгол дүүргийн хэмжээнд сонгогдох 41 төлөөлөгч нь дүүргийн хөгжлийг тодорхойлж, төсвийг хэлэлцэн баталдаг. Иймд Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хороо, дүүргийнхээ тулгамдсан асуудлыг маш сайн мэддэг, мөн хүний төлөө чин сэтгэлээсээ зүтгэх хүмүүс сонгогдох ёстой. Мөн иргэдтэйгээ эргэх холбоо сайтай, хариуцлагатай хүн сонгогдвол дүүргийн маань хөгжлийн хурд нэмэгдэнэ гэж боддог доо.

-Баянгол дүүргийн зургаадугаар хороог сонгож дүүргийн ИТХ-д нэр дэвшсэн нь цаанаа учиртай байх, тийм үү?
-Бусад 22 хороотой харьцуулахад зургаадугаар хороо нь хамгийн их хүн амтай, нутаг дэвсгэр томтой, орон сууцны хороолол юм. Иймээс шийдэх асуудал их байдаг.
Би сургууль төгсч ирснээсээ хойш буюу сүүлийн 21 жилийн турш Баянгол дүүрэгт амьдарчээ. Амьдралынхаа ихэнхи он цагийг Баянгол дүүрэгт өнгөрөөснийхөө хувьд, мөн ЗДТГ-т дөрвөн жил ажилласныхаа хувьд дүүрэгт маань хаана, хэнд ямар асуудал тулгардагийг дэндүү сайн мэднэ. Тиймээс дүүрэг хорооныхоо иргэдийнхээ төлөө  өөрийн сурсан мэдсэн зүйл ажилласан туршлагаа дайчлан ажиллах үүрэгтэй хэмээн өөртөө хариуцлага өгсөн. 

-Хүн амьдралын ханиа, ажил мэргэжлээ сонгож, ирээдүйгээ тодорхойлдог л доо. Харин улс төрийн намыг сонгоно гэдэг их сонихон санагддаг. Дэлхий дахинаа гайхан шагшдаг, магтан дуулдаг ардчиллыг сонгосон замналыг тань сонирхож болох уу?
-Манай дунд сургуулийн ангийн багш Баярцогт намайг ардчилалд хөтөлсөн. Багш маань ардчиллыг анхнаас нь дэмжсэн бөгөөд бидэнд үнэ цэнийг нь тайлбарлан хэлдэг байсан. Үүнээс гадна манай ээж надад их үлгэр дуурайл үзүүлсэн. Миний ээж хэний ч өмнө үгээ хэлчихдэг, шударга зантай хүн. Ээж маань ардчиллыг анхнаас нь тууштай дэмжсэн хүн л дээ. Харин би 2003 оноос ардчилсан намын халуун тогоонд буцалж эхэлсэн дээ. Ардчилал гэдэг бол хүн төрлөхтөнд агаар мэт хэрэгтэй зүйл гэж хувь хүнийхээ хувьд боддог.

-Та улс төрийн сонголтондоо сэтгэл хангалуун байдаг уу?
-Цаг ямагт сэтгэл хангалуун байж ирсэн. Яагаад гэвэл Ардчилсан нам иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг хүртээмжтэй болгох тал дээр илүү сэтгэл гаргаж ажилладаг. Жишээлбэл, Монгол Ардын нам 2008-2012 онуудад турш төр барихдаа нэг хороонд 50 хүүхдийн багтаамжтай ганцхан цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад оруулсан байдаг. Гэтэл 2012-2016 онд Ардчилсан нам төр барихдаа 7 шинэ цэцэрлэг, 4 өргөтгөл, эрүүл мэндийн төв, хүүхдийн эмнэлгийг ашиглалтад оруулж, иргэдийнхээ сурч боловсрох, эрүүл мэндийн үйлчилгээ авах нөхцөлийг сайжруулж иргэддээ үйлчлэх чадамжаа дээшлүүлсэн гэх мэт олон ажлын ард гарчээ. Энэ бол Ардчилсан нам иргэдийнхээ төлөө сэтгэл гарган ажилласны үр дүн гэж Баянгол дүүргийн жирийн иргэнийхээ хувьд бодож явдаг.

-Энэ бас эмэгтэйчүүд шат шатны төр засгийн байгууллагад орж ажилласны үр дүн байх, тийм үү?
-2012-2016 онд дүүргийн иргэдийн хурлын 41 төлөөлөгчийн 40 орчим хувь нь эмэгтэйчүүд байсан. Хамгийн гол нь эмэгтэйчүүд хүүхэд, гэр бүлийн асуудал дээр төвлөрч шийдвэр гаргаж чаддаг. Цаашдаа ч эмэгтэй төлөөлөгч нарын үүрэг оролцоо дүүргийн хөгжлийг тодорхойлох, нийгмийн салбарт хөрөнгө оруулалтыг түлхүү татах тал дээр өндөр байна байх аа.

-Одоо таны тухай номын хуудсуудыг нээе. Аав, ээжийн алтан сургаалийг зүрхэндээ хадаж монголчууд хүн болж төлөвшдөг. Таны хүүхэд нас, амьдралд баримталдаг алтан зарчмын тухай хуучилъя?
-Миний хүүхэд нас Дарханд өнгөрсөн. Манайх хоёр охинтой айл л даа. Манай аав их ажилсаг хүн байсан. Хашаа дүүрэн цэцэг, ногоо, мод тарьдаг байлаа Аав маань бидэнд хоол хийсэн ч чи өөрөө л иднэ, хувцас угаасан ч чи өөрөө л өмсөнө, тийм учраас өөрийгөө битгий хуур гэдэг байсан. Юмыг их чанартай хийлгэх гэж ийнхүү багаас нь сургадаг байжээ. Ааваасаа өвлөсөн энэ зарчмыг амьдралдаа баримталсаар ирсэн. Би төрд ажиллаж, тангараг өргөсөн гэдгээрээ үргэлж бахархаж, өөртөө ирж буй үүргээ ухамсарладаг. Тиймээс хамт ажиллаж буй хүндээ өндөр шаардлага тавьдаг. Монголчууд бид цөөхүүлээ учраас хүнлэг, шударга, бие биенээ гэсэн сэтгэлтэй, өмнөх ажилдаа эрчтэй, хүчтэй, зүтгэлтэй, бүтээмжтэй байж чадвал Монгол улс хөгжинө гэж боддог. Хүн хамгийн эхлээд өөрийгөө дараа нь гэр бүлээ, хамт олноо хайрлах ёстой. Амьдралд ч, хийж буй ажилдаа ч чин сэтгэлээсээ хандах ёстой гэдэг зарчимтай хүн дээ.

-Одоо ч бас таныг өнөр бүлийн эзэгтэй гэж сонссон?  
-Манай гэр бүлийн хүн бас төрийн албан хаагч. Бид дөрвөн хүүхэдтэй. Хоёр нь бүр том болсон. Харин хоёр бага нь ид шуугьдаг насан дээрээ байна. Бага хүүдээ аавынхаа хэлж захиж байсныг дандаа уламжилдаг юм. Ийм л аз жаргалыг өөрөөсөө ургуулан соёолуулж явна даа. Дахин хэлэхэд, амьдралд ерөөсөө хүнийг, хамт олноо л хайрла. Хүнд мэддэг чаддагаа хуваалцдаггүй байж болохгүй. Мэдэхгүйгээ ч бас асуух ёстой. Хүн гэдэг чинь дэм дэмэндээ л амьдардаг шүү дээ.
 
-Ингэхэд та найз нөхдийн хүрээлэл өргөнтэй юу?
-Хамгийн азтай нь би олон сайхан найзтай. Тэднээсээ үргэлж үлгэр дуурайл авдаг. Би цэцэг тарих дуртай. Одоо манай хамт олон бие биенээсээ суралцсаар бүгд цэцэгчин болсон шүү дээ. Хүн ер нь өөрийгөө бусдад хэрэгтэй хүн болгож өөрийгөө бэлтгэх ёстой. Ингэж чадвал хожим таны үр хүүхдэд дуурсагдах хөшөө босч буй явдал юм.

-Эмэгтэй хүн яг цэцэг шиг. Нэг өдөр ургана, дэлбээлнэ, цэцэглэнэ. Заримдаа гундана, гуниглана. Та амьдралд юунаас эрч хүч авдаг вэ?
Баярлаж хөөрөх үед минь хамтдаа баярлаж амьдралын хатуу хөтүү, жаргал зовлонг хамтдаа хуваалцаж буй гэр бүл, үргэлж урмын үгээр тэтгэж зааж байдаг хамт олноосоо эрч хүчийг авдагдаа.
 
-Төрд ажиллана гэдэг иргэн бүрийнхээ өмнө хариуцлага хүлээхийн нэр гэж дээр ярилцсан. Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдож, сайн сайхан нийгмийг цогцлоох их үйлсэд туулсан амьдрал, төлөвшсөн бодь хүний чанар тань хамгийн их тохирох юм шиг санагдлаа. Танд амжилт хүсье.   
-Баярлалаа. Эцэст нь хэлэхэд, миний хувьд хуульч эмэгтэйчүүдийн холбоо, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн холбоо, эмэгтэйчүүдийн сан зэрэг төрийн бус байгууллагуудаар дамжуулан хүний амьдрал ямар хэцүү юм бэ гэдгийг ойлгож ухаарсан. Тэгэхэд бид хоёр хөл хоёр гартай мөртлөө цаг зуурыг аргацааж өнгөрөөж болохгүй гэж үздэг болсон. Хорвоод хүн болж ирсэн л юм хойно өөрөө амьдралд зөв явж ээж аавыгаа баярлуулж, эх орноо хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах хэрэгтэй гэж боддог учраас ийнхүү дүүргийнхээ ИТХ-д нэр дэвшиж түмэн олныхоо төлөө зүтгэхээр сэтгэл шулуудаад байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан