Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Болд: МАН одоо нэрээ Монголчуудыг ангилдаг нам гэж өөрчлөх хэрэгтэй
Жилийн борлуулалтын орлого нь 1,5 тэрбум төгрөгөөс ихгүй, хүнсний үйлдвэрлэл, хувцас, нэхмэлийн үйлдвэрлэл, барилгын материалын болон газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн татварыг 90 хувь хөнгөлөх хуулийн төслийг УИХ хэлэлцэж эхэлсэн. 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дөрвөн жилийн хугацаанд нэг хувиар албан татвар ногдуулж, 90 хувийг нь хөнгөлөх юм. Бүх салбар биш заримыг нь ялгаж орууллаа, өөр салбарыг нэмэх ёстой гэсэн шүүмжлэл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гарсан.

УИХ-ын гишүүн О.Батнасан “Мод үржүүлэг, загасны аж ахуй эрхлэгч, жижиг дун бизнес эрхлэгчдийг 1 хувийн татварын хөнгөлөлтдөө оруулах хэрэгтэй” гэсэн бол Ж.Ганбаатар “Жижиг үйлчилгээний байгууллага хамрагдана. Найман нэрийн барааны дэлгүүр ч хамрагдаж чадахгүй. Тиймээс үйлчилгээний салбарыг 1 хувийн татварын бодлогод оруулж өгөөч ээ” гэлээ. Үе шаттайгаар салбаруудыг хамруулах болно гэдгээ ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Ж.Мөнхбат хэлээд үйлдвэрлэгчид, импортлогчдыг дэмжихээр эхлээд дөрвөн гол салбарыг оруулж байгаа гэж тайлбарласан.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Өмнөх хийсэн ажлыг үгүйсгэж байна. Явуулдаг үйл ажиллагаагаар нь ялгаварлажтатвар ногдуулж байснаас татвараа тэглэчихвэл яасан юм бэ. Татварын  90 хувийг хөнгөлж болж байгаа юм чинь нэгмөр “0” болгочих” гэж саналаа хэлсэн. Үүнд ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайдЖ.Мөнхбат “Хувийн хэвшлийнхэнтэй уулзаж ярилцсан. Өнгөрсөн хугацаанд татвар аваад буцаагаад өгдөг процесс яригдаж байсан юм билээ. Процесс дамжлага ихтэй юм. Харин энэ 1 хувийн татварыг Засгийн газар гэхэсээ хувийнхан өөрсдөө оруулж ирсэн” хэмээн хариулсан ч сөрөг хүчний гишүүд үе шаттай гэхээсээ илүү үйл ажиллагаагаар ялгалаа гэж шүүмжилсэн.

 УИХ-ын гишүүн Л.Болд “1 хувь гэдэг нь ямар учиртай юм. Энэ татвараас хэдэн төгрөг олох гээд байгаа юм. Төрөл төрөгсдөө төрийн албанд их томилж байгаа шигээхамаатан садан, найз нөхдийнхөө бизнесийг 1 хувийн татварт хамруулах гэж байгаа юм уу. Хийж байгаа ажил, нас, хүйсээр л ялгаж байна. Хөргөгчтэй бол хүүхдийн мөнгөнөөс хасагдаж, хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байгаабол муухай байна гээд болиулж байна. Энэ ялгадаг шийдвэрүүдээ эргэж хараач ээ, МАНчууд аа. Эсвэл Монголчуудыг ангилдаг нам гээд нэрээ өөрчлөх хэрэгтэй” гэж нэлээд бухимдсан.

Ямар нэг байдлаар ялгаагүй, татварын хөнгөлөлтийг шатлалаар нь эхлээд экспортыг орлох үйлдвэрүүдээ дэмжих хэрэгтэй байсныг Хуульзүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хэллээ. Тэрээр “Татварын шатлалыг өнөөдрийн нийгэм, эдийн засгийн байдалтай уялдуулж байгаа. Өнгөрсөн жилүүдэд энэ хуулийн төслийг хэлэлцээгүй өдийг хүрсэн. Тиймээс Засгийн газар 1 хувийн татвар оруулж ирсэн. Нийт 4700 аж ахуйн нэгжээс 340 тэрбум татварын орлого авахаар тооцсон” гээд эдийн засаг сайжрах хандлага руу орохоор бүх салбарыг хамруулах талаар авч үзнэ хэмээв.

Зөвхөн сөрөг хүчнээс шүүмжилсэнгүй. Олонхийн бүлэгт ч цөөн хэдэн салбарыг ялгаж оруулсан бодлого гэж тодорхойлсон. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “86 мянган аж ахуй эрхлэгчээс 4500 нь л хамрагдах юм байна. 30 тэрбум төгрөгийн татвар төлдөж аж ахуйн нэгжүүдийн хүрээнд. Тэгэхээр үүнээс 27 тэрбум төгрөгийн татвар нь хөнгөлөлтөд орохгүй юм байна. Хамрагдах нь гурван тэрбум болно. Мөрийн хөтөлбөрт 1,5 тэрбум төгрөгийн жилийн орлоготой аж ахуйн нэгжүүдийн татварыг 1 хувь болгон гэж тусгасан. 1,5 тэрбум төгрөгийн орлоготой бүх аж ахуйн нэгжийг хамруулна гэж бодсон. Ажлын хэсгийн түвшиндээ ямар салбарыг хамруулахаа дахиж авч үзээч. Мод тарьдаг аж ахуйгдэмжих хэрэгтэй. Импортыг орлох үйлдвэрлэлийг хамруулсан гээд дөрөвхөн салбар л багтсан. Ажлын байр яаж бий болгож байгааг хамруулж болохгүй юм уу. Хамгийн гол нь ажлын байр хадгалж үлдэх нь чухал” гэж саналаа хэлсэн бол УИХ-ын гишүүн Д.Ганболд аж ахуйн нэгжүүдийг ялгасан татварын бодлого явуулж болохгүй гэв.

Ингэж нэлээд шүүмжлэл өрнүүлсэн ч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан