Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Чуулган завсарлах цагаар гадаад айлчлалууд хөвөрч эхэлнэ
УИХ дахь МАН болон АН-ын бүлэг энэ сарын 7-ны өдөр УИХ-ын дарга М.Энхболдод намрын ээлжит чуулганыг түр завсарлуулах хүсэлт тавьжээ. Монгол Улсын 2017 оны төсвийн төслийг иргэдэд тайлбарлан таниулах, төсөлтэй холбоотой санал хүсэлтийг сонсох шаардлага гарсан учир ийн хүсэлт гаргасан байна. Уг хүсэлтэд УИХ-ын дарга өчигдөр гарын үсэг зурж баталгаажуулав.

Ингээд энэ сарын 11-18-ныг хүртэл УИХ-ын намрын чуулганыг түр завсарлуулж байгаа юм. Сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал хураах өдөр ирэх лхагва гарагт болно. Түүнээс өмнө гишүүд тойрогтоо, орон нутагт ажиллаж сонгуулийн сурталчилгааны ажилтай байгаа болохоор албан ёсны чөлөө өгсөн бололтой. УИХ-ын гишүүд, сайд нар орон нутагт ажиллаж, иргэдтэй уулзаад завгүй яваа. Энэ нь сонгуулийн сурталчилгааны нэг хэлбэр тул өнгөрсөн долоо хоногоос хойш чуулганыг түр завсарлуулах тухай яригдаж байсан. Нэгэнт Байнгын хороод хуралдах ирц бүрдэхгүй байгаа нь үнэн. Олонхийн бүлэг 65 гишүүнтэй ирц бүрдэхгүйн зовлонгүй ч...

Монгол Улсын 2017 оны төсвийн төсөл, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах /дөрвөн салбарт 1 хувийн татвар ногдуулах/ асуудлыг хэлэлцэхээр Байнгын хороод, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны хуваарь энэ долоо хоногт гарсан. Төсвийн төслийн хэлэлцэх эсэхийг өнгөрсөн долоо хоногт шийдэж эхэлсэн. Мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтөслийн хэлэлцэх эсэхийг шийдэж, холбогдох Байнгын хороодод шилжүүлсэн.

Харин Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг ч авч хэлэлцээгүй. Ирэх оны төсвийг дөрвөн хэлэлцүүлэг дамжуулан арваннэгдүгээр сарын 15-ны дотор багтаан хэлэлцэж батлах хуультай.

Намрын ээлжит чуулганы түр завсарлага 20-ны өдөр эхэлснээр 2017 оны төсвийг батлахад 18 хоног үлдэж байгаа юм. УИХ дахь АН-ын бүлгийнхэн ирэх оны төсвийн төсөлд нэлээд хэдэн хасалт таналт хийхээр тусгасан нь ард иргэдийн халаас руу хэт орсон шинжтэй байгаа учир намрын чуулганыг завсарлуулаад сонгуулийн дараа шийдэхээр болсонтой холбоотой гэж тайлбарласан удаатай.

Хөдөө орон нутгаар намын дарга, УИХ-ын даргынхаа ажлыг хийж явсан спикер энэ долоо хоногт урд хөршийг зорихоор болжээ. Арваадхан хоногийн өмнө БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төв хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга Лю Юньшан манай улсад айлчлал хийсэн. Энэ бол анхны уулзалт биш байлаа. 2016 оны гуравдугаар сарын сүүлчээр Хятадад М.Энхболд тэргүүтэй МАН-ын гишүүд айлчлахдаа Лю Юньшантай уулзжээ. Монгол Улсад хэдхэн хоногийн өмнө ирэхэд нь эдийн засгийн үр өгөөжтэй томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтарч хэрэгжүүлэхэд тааламжтай нөхцөл бүрдүүлж харилцан ашигтай хамтран ажиллах талаар ярилцжээ. Урт хугацаатай хөнгөлөлттэй зээл тусламж авах, своп гэрээний хугацааг сунгах, орон сууцны ипотекийн зээлийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хүсэлт Хятадын талд тавьсан албан мэдээ бий. Лю Юньшан талууд хөгжлийн стратегиэ уялдуулан давуу талуудаа ашиглаж хамтран ажиллах шаардлагатай, нөхцөл боломж бийг хэлсэн байдаг. Засгийн газрын түвшинд хамтын ажиллагааны баримт бичиг байгуулах нь чухал гэж нөгөө талаас саналаа хэлжээ.

Тэгвэл УИХ-ын дарга М.Энхболдын хариу айлчлалаар Хятадын талд тавьсан саналдаа нааштай хариу сонсч, гэрээ байгуулж ч магадгүй нь. Урд хөрш эдийн засгийн хувьд туслалцаа үзүүлэхэд хэзээд бэлэн гэдгээ илэрхийлдэг учраас Монгол Улсын Их хурал, Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хуралтай хамтын ажиллагааны хоёр дахь уулзалтыг энэ жилдээ багтаан Бээжин хотод зохион байгуулахаар айлчлалаар төлөвлөсөнийг сар хүрэхгүй хугацаанд багтаан ажил хэрэг болгон хэрэгжүүлэхшийдсэн бололтой. Спикер зээл тусламж гуйх, своп гэрээний хугацааг сунгах, ипотекийн зээлийг хэрэгжүүлэхэд дэмжлэг хүсэн гэсэн гурван чиглэлээр Хятадыг зорих нь тодорхой.

УИХ-ын даргатай бараг зэрэгцээд шахуу Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат маргааш Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр явна. Анхны айчлал нь “гуравдагч хөрш” Японоос эхэлж нэлээд ач холбогдол өгч байгаа тухай албан мэдээ гаргасан билээ. Дөрөв хоногийн айлчлалын үеэр“Монгол, Японы худалдаа, хөрөнгө оруулалтын форум”-д оролцож, Монголын эдийн засгийн байдал, хөрөнгө оруулалтын орчин, хамтын ажиллагааны боломжуудын талаар тус улсын бизнесийнхэнд танилцуулж, санал солилцохоор төлөвлөжээ. Мэдээж, Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ-тай албан ёсны хэлэлцээ хийж, ирэх жилүүдэд баримтлах Монгол, Японы Стратеги түншлэлийн агуулга чиглэлүүдийг тохирох аж.

Монгол Улсын өрийн тааз ДНБ-ий 55 хувьтай тэнцэж байгаа. Харин УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдааны үеэр өрийн таазыг ДНБ-ий 88 хувьд хүргэхээр шийдсэн. Өөрөөр хэлбэл, улсын өр дээр Монголбанк, Хөгжлийн банкны зээл, арилжааны банкууд, аж ахуйн нэгжүүдийнгадаад өр зэргийг нийлүүлээд тооцохоор ийм тоонд хүрч буй. Тэгвэл жил ч хүрэхгүй хугацааны өмнө МАН-ынхан сөрөг хүчин байх үед АН-ын Засгийн газраас өрийн таазыг ДНБ-ий 70 хувьд хүргэх талаар санал гарахад ийм байж болохгүй гэж эсэргүүцэж байсан. Гэтэл 2017 онд 90 хувь, 2018 98,5 хувь, 2019 онд 105 хувь, 2020 онд 100 хувьд өрийн таазыг хүргэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Энэ бол нэмж өр зээл авах хөрсөө аль хэдийнэ бэлдсэн гэсэн үг.Тийм ч болохоор сонгуулийн өмнө энэ мэтчлэн эсрэгцсэн бодлогуудаа ил гаргаж, шүүмжлүүлэхгүй тулд нам гүмхэн шиг долоо хоногийн өнгөрүүлэхээр болсон ч байж болох.

Нэгэнт нэр хүнд нь огцом унаж эхэлэн МАН-ынхан орон нутгийн сонгуулийн үеэр нэмж оноо алдахгүйн тулд намрын чуулганаар төсөв хэлэлцэлгүй, элдэв шүүмжлэлд өртөхгүй байх нь илүү дээр хувилбар болсон. Долоо хоногийн хугацаанд УИХ-ын дарга, Ерөнхий сайд нь анхныхаагадаад айлчлалд мордож, бадар барин сюрпиз болгон хувиргахаар зэхэж буйг ч хэн байг гэхэв. Юм бүхэн учиртай гэдэг шиг ямар нэг шийдвэрийг алсаа бодохгүй, зүгээр ч нэг гаргадаггүй.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан