Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Японтой давхар татварын хэлэлцээр хийх сонирхолтой байна
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Япон Улсад айлчилж байна. Тэрээр өчигдөр тус улсын парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошимад бараалхажээ.

Энэ үеэр Т.Оошима “Засгийн газар эдийн засгаа дахин сэргээж чадна гэдэгт итгэлтэй байгаа. Японы нэр нөлөөтэй, хүчтэй улстөрчид Монгол Улсыг бүх талаар дэмждэг. Манай хоёр улс ардчилсан засаглалтай, чөлөөт зах зээлтэй, ижил үнэт зүйлтэй. Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсад гурван удаа айлчилсан нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа ямар өндөр түвшинд байгаагийн илэрхийлэл. Хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаанд улс төрийн тогтвортой байдал хамгийн чухал, тогтвортой байдлаас тогтмол үр дүн гарч, итгэлцэл бэхжинэ. Мэргэжилтэн бэлтгэх, техник технологи нутагшуулах, харилцан ашигтай ажиллах нь Японы хөрөнгө оруулалтын үндсэн зарчим бөгөөд ийм харилцаанд суурилсан хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг амжилттай үргэлжлүүлэх улс төрийн орчин Монгол Улсад бий болсон” гэж тэрээр хэлжээ.

Харин Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Сүүлийн жилүүдэд Монгол, Японы өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамж ойртож, энэ хэрээр харилцаа, хамтын ажиллагаа хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна. Худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг улс төрийн харилцааны адил өндөр түвшинд хүргэх нь Монгол Улсын Засгийн газрын зорилго. Монгол Улсын анхны чөлөөт худалдааны хэлэлцээр болох Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хоёр орны эдийн засаг, хөрөнгө оруулалтын харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Энэ хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлж, худалдааны эргэлтийн хэмжээг дорвитой нэмэгдүүлэх шаардлага байгаа. Тиймээс юуны өмнө Давхар татварын хэлэлцээрийг байгуулах асуудлыг ойрын хугацаанд шийдэх эрмэлзэлтэй” байгаа тухай ярьжээ.

Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр хүчин төгөлдөр болж, хэрэгжүүлж эхлэхтэй холбогдуулан хоёр орны Засгийн газрын төлөөлөл оролцсон Хамтарсан хорооны анхдугаар хурал 2016 оны зургадугаар сарын 7-ны өдөр болж тус хэлэлцээр албан ёсоор хэрэгжиж эхэлсэн байдаг. Энэ хүрээнд Монголоос Япон руу хөнгөлөлттэй тарифаар экспортлох 9300, Японоос Монгол руу импортлох 5700 барааны жагсаалтыг баталсан байдаг.
Зарим барааны гаалийн тарифыг харилцан тэглэсэн бөгөөд энэ нь аль аль талын бизнес эрхлэгчдэд дэмжлэг болж байгаа юм. Харин Давхар татварын хэлэлцээрээр аль нэг талдаа татварын ашиггүй байгаа асуудлыг цэгцэлж, татвараа хэн нь аль талдаа төлөх вэ, зэрэг асуудлыг шийдэх боломжтой болох юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан