Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ААВ”-ЫН АЖИЛ

08.10 цаг

“Хангарьд” ордон. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба энд бий. Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн даваа гариг бүрт болдог учраас Д.Оросоо дарга хар шилэн ордонд ирсэн нь энэ.

08.30 цаг

Хурал эхэллээ. Хотынхны төлөө сэтгэл, ухаанаа чилээх болсон шинэ дарга нарын томилгооны талаар товч танилцуулж, Улаанбаатар хотын захирагчийн өгсөн үүрэг, даалгаврыг холбогдох хүмүүс хэрхэн гүйцэтгэснээ тайлагнасны дараа нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл ажлаа сайн хийсэн нэгнийг сайшаан, талархаж, урагшгүй байсан зарим “цэргээ” шүүмжилж, бас жаахан “маажиж, малтаад”, тэднийг донгодохоо ч ил тод хэлээд авсан. Сүүлийн үед хот маань улам өнгөжиж буй ч хогондоо дарагдсан газар мэр сэр байсаар. Тэгвэл нийслэлийн “аав” энэ асуудлыг шийдэх шинэ гарц олжээ. Тэрбээр хог новшиндоо дарагдсан дүүрэг, хорооны даргыг торгох журмыг тун удахгүй мөрдөх болсноо дуулгалаа.

Даваа гариг бүрийн эл хурлаар нийслэлийн удирдах ажилтнууд алдаа, оноогоо ярилцахын зэрэгцээ ээдрээтэй, гацаанд орсон асуудлаа шийдүүлэх гарц, боломжийг эрж хайдаг учраас Д.Оросоо дарга тулгамдаад буй гурван “зовлонгоо” Үүл даргад тоочив.

Өнгөрсөн сарын 22-нд Баянгол дүүргийн 96 дугаар цэцэрлэгийн халуун, хүйтэн усны хоолой задарчээ. Үүнийг засахад 30 сая төгрөг шаардлагатай байгааг Засаг дарга дуулгаж, пүрэв гаригт хуралдах нийслэлийн Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэх болов. Харин дахин төлөвлөлтөд хамруулахаар шийдвэрлэсэн хуучны хэд хэдэн орон сууцыг буулгах зардлын асуудлыг хэрхэх нь асуултын тэмдэгтэй үлдлээ.

10.20 цаг

Шуурхай зөвлөгөөн өндөрлөж, Оросоо дарга ажил руугаа хөдөллөө. Замд түгжирч явсаар 11.20 цагт гэхэд Төмөр замын эмнэлэгтэй бараг хаяа дэрлэн байрлах Баянгол дүүргийн ЗДТГ-т хүрэв. Түүнийг өрөөндөө орохтой зэрэгцэн туслах нь бөөн бичиг баримт оруулж ирлээ. 11.40 цагт нэг хуралтай тул амжиж эдгээртэй танилцаж, баталгаажуулах учиртай. Ер нь долоо хоногийн эхний өдөр ихэнхдээ уулзалт, хурал, зөвлөгөөнтэй байдгаас гадна иргэдийн өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэсэн баримт бичгүүдэд гарын үсэг зурах ажил ч давхацдаг бололтой. Тэрбээр 20 гаруй захирамж, өргөдөл, хүсэлттэй танилцаж, мутраа тамгалав.

Бэх нь хатаж амжаагүй шахуу тэдгээр хуудас бүрийн цаана хүний амьдрал шийдэгдэж, ажил урагшилж буй. Энэ өдөр долоон өнчин хүүхэд өөрийн гэсэн гэр бүлтэй боллоо. Тэднийг үрчлэн авахыг хүссэн аав, ээжүүдийн өргөдөл, хүсэлтийг Оросоо дарга эцэслэн шийдэж, тамгалахдаа “Эдгээр хүүхдийг сайхан ирээдүй угтах болтугай” хэмээн ерөөв. Гурван хүүхдийн аав болсон энэ залуугийн чин сэтгэлийн ерөөл биелэх болтугай.

Хүүхдийг зайлшгүй дагадаг цэцэрлэг, сургууль зэрэг боловсролын байгууллага, бүтээж туурвих ордон, эрүүл, өв тэгш өсөн, хөгжихөд нь зориулсан эмнэлэг, сувиллыг шийдэж явах ёстой. Энэ бол төр, засаг, удирдлагуудын чухал ажил, үүрэг билээ. Тус дүүрэгт сүүлийн гурван жилд долоон цэцэрлэг барьж, дөрвийг өргөтгөжээ. Энэ оны байдлаар сургуулийн өмнөх насныхныг ясли, цэцэрлэгт 94 хувь хамруулсан гэнэ. Мөн өдөрт 200 хүртэл хүүхэд, багачуудад үйлчлэх хүчин чадалтай амбулатори, 150 ортой хүүхдийн эмнэлэг ч тус дүүрэгт баригджээ. Ингээд зогссонгүй, өдөрт 700 хүнд үйлчлэх хүчин чадал бүхий Эрүүл мэндийн төв, залуучуудад, ахмадуудад зориулсан эмнэлгүүдийг ч тус тусад нь барьсан юм байна. Хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах зорилгоор хувийн цэцэрлэг байгуулах, хүүхэд харах үйлчилгээ явуулах хүсэлтэй иргэдээ дэмжиж ажилласан талаараа Засаг дарга ярилаа.

11.50 цаг

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах угсармал орон сууцны дулаан, техникийн шинэчлэлийн төслийг иргэд, хороодын дарга нарт танилцуулах уулзалт Нутгийн удирдлагын ордны хурлын танхимд эхэллээ.

Тухайн үед Октябрийн район буюу одоогийн Баянгол дүүргийн III, IV хороолол бол манай улсын хувьд орон сууцны анхны цогц бүтээн байгуулалт болсон түүхтэй. Мөн нийслэлийн хэмжээнд нийт угсармал орон сууцны 43 хувь буюу 465 байр тус дүүргийнх гэсэн судалгаа байна. Тэгэхээр дулаан, техникийн шинэчлэл хийх шаардлагатай олон орон сууц, бүр хороолол ч Баянголд байгаа. Энэ утгаараа 2006 оноос яригдсан угсармал орон сууцны дулаан, техникийн шинэчлэлийн төслийг тус дүүргээс эхлэх болжээ. Өнгөрсөн тавдугаар сард НИТХ-аар Дулаан, техникийн шинэчлэлийн үйл ажиллагааны журам баталж, саяхан төслийн нэгж байгуулсан аж. Энэ хүрээнд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, НОСК-ынхан тус дүүргийн хорооны дарга нар болон иргэдийн төлөөлөлд мэдээлэл өгсөн юм.

13.00 цаг

Эл арга хэмжээ өндөрлөж, залгаад нэг хурал болсон нь ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн орон сууцыг дахин төлөвлөн, шинэчлэх төсөлтэй холбоотой. Баянгол дүүргийн хэмжээнд “өвгөрч, өгөршсөн” 60 орчим орон сууц бий бөгөөд үүнээс арваадыг нь буулгаж, шинэ байр барих ажил эхлүүлсэн юм байна.

I, IV хорооны иргэд оролцсон хурлын үр дүнд олон асуудлыг нааштай шийдэх боломж бүрдсэн. Жишээ нь, төсөл хэрэгжүүлэгч “Алтан трейд“ компани иргэдээс байрных нь гэрчилгээг авчихсан хэрнээ өдий хүртэл барилгынхаа суурийг ч тавиагүй, удирдлага нь байгаа, эсэх зэрэгт бухимдаж буй талаараа хүмүүс гомдоллосон ч, дахин итгэл хүлээлгэж, гэрээгээ үргэлжлүүлэх сонирхолтойгоо дуулгасан. Дүүргийн Засаг дарга энэ бүхэнд “эвлэрүүлэн зуучлагч” болж, иргэдийн дунд үүссэн үл ойлголцлын зангилааг тайлахыг төсөл хэрэгжүүлэгчдэд үүрэгдэв.

Ер нь иргэд, гүйцэтгэгчдийг ийнхүү уулзуулж, санаа оноог нь сонсдог арга хэмжээг сар бүр зохион байгуулдаг талаараа Оросоо дарга ярьсан юм.

Загатнасан газрыг нь олж маажсан хурлаас сэтгэл хангалуун гарсан иргэдийн хажуугаар шуртхийн, өрөө рүүгээ яаран шогших Оросоо даргыг хоёр хүн “олзлоодохов”. Дээрээ хүүхдийн тоглоомын талбай бүхий, газар доор байгуулах авто машины зогсоолын зураг, төслөө танилцуулсан тэднийг гурван талт гэрээгээ хийгээд ирвэл асуудлыг батламжлахаа хэлээд үдсэн Засаг дарга уг нь баасан гариг бүрт иргэдийг хүлээн авдаг цагийн хуваарьтай юм билээ. Гэсэн ч энэ мэтээр зам зууртаа “саатуулагдах” тохиолдол байнга гардаг гэсэн.

14.20 цаг

Дараагийн ажил мөн л шуурхай зөвлөгөөн, уулзалт байлаа. Зам засвар, үйлчилгээний компаниудын төлөөлөл Оросоо даргын өрөөнд хэдийнэ цуглажээ. 2016 онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар дөрвөн тэрбум төгрөгөөр Баянгол дүүргийн хороолол дундах замуудыг засахаар шийдвэрлэсэн бөгөөд энэ ажлыг 10 гаруй компани гүйцэтгэж буй аж.

Өглөө болсон нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр энэ асуудлыг хөндөж, зам засварын ажлын явц, гүйцэтгэл, хөдөлмөрийн аюулгүй байдлыг дээд зэргээр ханган ажиллуулахыг Улаанбаатар хотын захирагч үүрэгдсэнийг Оросоо дарга уламжлаад, төлөвлөсөн хугацаандаа ажлаа дуусгахыг сануулсан. Зам засварынхан гүйцэтгэлээ тайлагнангаа ажилд нь тээг болж буй зарим нэгэн асуудлыг шийдэж өгөхийг дүүргийн удирдлагуудаас хүслээ.

Ер нь Баянгол дүүргийн зам, уулзваруудын талаар сүүлийн үед иргэд ам сайтай байгаа нь “Гудамж” төслийн хүрээнд хийсэн ажлын үр дүн гэнэ.

Талууд ярилцаж байх хооронд бид Оросоо даргын өрөөг “тандав”. Ширээн дээр нь өдөр тутмын хэвлэл, ном товхимол, гарын авлагууд өрөөстэй байна. Тэр дундаа хууль, эрх зүйн ном түлхүү байгаа нь энэ хүн хуульч гэдгийг “хэлэх” аж. МУИС-ийг энэ чиглэлээр төгсөж, 2012 онд Засаг даргаар томилогдохоосоо өмнө 10 гаруй жил иргэдэд хуулийн зөвлөгөө өгөх, өмгөөлөх зэргээр мэргэжлээрээ ажиллаж, багшилж байсан Оросоог манай хэвлэл мэдээллийнхэн эртнээс мэддэг. Учир нь тэрбээр “Глоб интернэйшнл” ТББ, “Нээлттэй нийгэм” хүрээлэнгээс хэрэгжүүлсэн “Хэвлэл мэдээллийн эрх зүйн шинэтгэл”, “Олон нийтийн мэдэх эрх ба мэдээллийн эрх чөлөө” төслийн багийн хуульчаар ажиллаж байсан юм. Мөн 2006-2007 онд МҮОНРТ-ийн орон тооны бус зөвлөлийн гишүүн байсан нэгэн.

“Үндсэн хууль бол уншаад барагдахгүй оюуны өв” хэмээсэн энэ хүний ширээн дээрх “Нийтийн сэтгэхүйг жолоодох нь” ном, жаазлан, өлгөсөн “JCI leader 2012” гэсэн бичигтэй өргөмжлөл анхаарал татлаа.

2012 онд “JCI Монгол” ТББ-ын “JCI лидер” салбарын ерөнхийлөгчөөр сонгогдон, ажиллаж байсан түүнээс “Бусдыг удирдах чадвар хүнд бүрэлдэн төлөвшдөг үү, эсвэл төрмөл чанар уу” гэж асуухад “Бусдыг удирдан, залах нь хүнтэй зөв харилцах ухаан гэж боддог. Албан тушаалд дөрөөлж бус, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж, ухаанаараа удирдаж, манлайлан, үлгэрлэсэн цагт ажлын үр бүтээл илүү байна” хэмээн хариулсан юм.

15.50 цаг

Дүүргийн хороодын Засаг дарга нар хурлын танхимд цугласныг туслах нь мэдэгдэхэд Оросоо дарга бас нэгэн шуурхай зөвлөгөөнд оролцохоор хоёр давхар руу буулаа. 17.000 гаруй аж ахуйн нэгжийн амьдралын ундарга болсон Баянгол дүүрэг 50.000 гаруй өрх, 23 хороо, 180 СӨХ-той аж.

Тулгамдсан асуудлаа хэлэлцэх хорооны дарга нарын хүргэх “хов”-ыг сонсох тусам дүүргийн Засаг дарга бол ундарсан ажил, асуудалтай “аймаар” айлын тэргүүн гэдгийг улам ихээр мэдэрлээ.

Дүүргийн даргаа үе үе “Хөөрхөн хүү шүү” хэмээн өхөөрдөн, элгэмсэх ахимаг насны “хүүхдүүд” нь “Дарга аа, манай худгийг яасан бэ”, “Манай явган хүний шинэ зам дээр машин тавиад байна, яах вэ”, “Усан оргилуур маань ажиллахгүй болчихлоо”, “14 дүгээр хорооны гэрэлтүүлгүүд асахгүй байна”, Дарга аа, манай цахилгаан шат, гараашийг шийдээд өгөөч”, “Хархорины орчим гар дээрээс ил задгай наймаа хийж байгаа хүмүүсийг нэг тийш нь болгож, хориглох шийдвэр гаргана уу” гэхчилэн хүч хавсруулах хүсэлтээ хэлэв. Энэ бүхнийг тэвчээртэй сонссон “аав” дор бүр нь шийдвэрээ гаргаж, зарим нэгнийг нь холбогдох хүмүүстэй уулзуулахаа амлалаа. Хархорин захын гадна гар дээрээс худалдаа хийж байгаа асуудлыг жин банг нь тааруулсан хяналттай ажиллахгүй бол олон хүний амьжиргаа хумигдаж, хэцүүдэхийг ч тэрбээр сануулаад авсан. Харин авто машин ил задгай угаалгахгүй байхыг анхааруулаад шуурхай зөвлөгөөн тарав.

16.50 цаг

Хоол идэх ч завгүй байсан Оросоо даргын өрөөнд туслах нь хэдэн хуушуур оруулж өглөө. Дараагийн хурал тулсан учир хам хум хооллоод тэрбээр долоон давхар руу гүйлээ.

17.10 цаг

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах угсармал орон сууцны дулаан, техникийн шинэчлэлийн төсөлтэй өглөө танилцсан хороодын дарга нар холбогдох СӨХ-ны удирдлагууддаа дуулгаж, албаны хүмүүсээс дэлгэрэнгүй мэдээлэл авах хурал зарлах үүрэг авсан юм. Энэ дагуу дүүргийн ЗДТГ-ын байран дахь Нутгийн удирдлагын ордны хурлын танхимд СӨХ-ны дарга нар цуглажээ. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, НОСК-ын төлөөллүүд ч иржээ. Эл төслийг хэрэгжүүлснээр III, IV хороололтой дүйх өөр нэгэн хорооллыг дулаанаар хангах хэмжээний хэмнэлт хийхийг ойлгосон дарга нар айл өрхүүддээ мэдээлэл түгээж, энэ сарын сүүлч гэхэд санал хүсэлтийг нь нэгтгээд, техникийн шинэчлэл хийлгэх саналаа дүүргийн “аав”-даа уламжлахаар тогтлоо.

Ингэснээр Оросоо дарга “дулаан хувцастай болгох” байрнуудын эрчим хүчний алдагдлыг тогтоолгох, газар хөдлөлтөд тэсвэртэй байдлын үнэлгээ гаргуулах зэрэг бэлтгэл ажлаа амралт, айрагны цаг эхлэхээс өмнө базаагаад, намар гэхэд гүйцэтгэгчдийг сонгон шалгаруулж, өвлөөс урьтан ажлаа амжуулахаар шуурхай, шахуу төлөвлөгөө боловсруулахаар тохиролцоод салцгаав.

“Ажил, албан тушаал бол мөнхийн зүйл биш. Харин эзэмшсэн мэргэжил, боловсрол, мэдлэг, туршлага, судалгааны ажил нь эзнээ үргэлж “дагадаг” хэмээсэн энэ залуугийн даваа гаригийн ажил шуурхай зөвлөгөөнөөр эхэлж, СӨХ-ны дарга нарын хурлаар ийнхүү өндөрлөхөд цагийн зүү 19.30-ийг зааж байлаа. Ажил уг нь 17.30 цагт тарах учиртай ч, энэ мэтээр сунаж ажиллах тохиолдол бараг өдөр бүр гардаг юм байна.

Нийслэл хот маань есөн дүүрэгтэй. Тэдгээрээс хамгийн өнгөлөг, бас хамгийн хөлтэй нэгэн дүүргийг “үүрч дүүрч”, залж залуурдаж яваа залуу удирдагчийн ажлын нэг өдөр ийм бөлгөө. Бусад дүүргийн Засаг дарга нар ч ийнхүү цаг нартай уралдан ажилладаг нь гарцаагүй. Тэгж байж улс маань хөгжиж, урагшилж байгаа гэж итгэнэм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан