Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газрын 96 дахь өдрийн хариултууд

Л.НОМИН

Мэргэжлийн Засгийн газар байгуулагдаад яг 96 дахь өдөртөө хийсэн, хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа. 100 дахь өдөр нь бүх нийтээр амрах өдөр буюу 31-ний ирэх даваа гарагт тохиож буй учир өчигдөр Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдтай танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ сэтгүүлчидтэй уулзсан нь энэ. Хэвлэлийнхэнтэй хагас жилдээ нэг удаа уулзаж, сонирхсон асуултад хариулт өгөхөө Ерөнхий сайд амлалаа.

Гурван сар гаруйн хугацаанд Засгийн газар ямар ажил амжуулаад байгаа талаар танхимын тэргүүн эхлээд мэдээлэл өгсөн. Тухайлбал, татварын өртэй 3993, нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй 373 компанийн дансыг нээж, бизнес эрхлэгчдийн дарамтыг бууруулж байгаа аж. Эдийн засгийн хүндрэлээс гарах онцгой хөтөлбөрөө бэлэн болгож, өргөн барихаар болсноо Сангийн сайд дуулгав. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн  яам харьяа салбар бүртээ шалгалт хийж дуусгаад удахгүй нэгдсэн мэдээллийг нийтэд өгөхөө салбарын сайд нь хэллээ. Монгол Улс аялахад таатай орнуудын жагсаалтын зургадугаарт орсон гэдгийг тус салбарыг хариуцаж буй сайд онцлоод, улс орноо сурталчлах ажилд хэвлэлийнхнээс тусламж хүссэн юм. Харин сэтгүүлчид эдийн засаг, нийгэм, бизнес, эрчим хүч, уул уурхай, байгаль орчин, эрүүл мэнд, дэд бүтэц зэрэг олон салбарт тулгамдаж буй асуудлыг хөндөж, сайд нараас хариулт хүслээ.


Богино хугацаанд хурдтай ажиллах хэрэгтэй байна гэв  

Эдийн засаг, төсвийн хүндрэлээс гарахын тулд хоёр жилийн хугацаа шаардлагатайг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сангийн сайд байхдаа хэлж байж. Гэхдээ аажмаар гарахгүй бол нийгэмд хүндээр тусна. Хамгийн богино хугацаанд бүрэлдэж, хамгийн хурдан асуудлаа шийдүүлдэг нь одоогийн Засгийн газрын нэг давуу тал гэлээ. Тэгвэл Сангийн сайд Б.Чойжилсүрэн төсөв санхүүгээ хэмнэх олон санал оруулахад УИХ буцаасан эсвэл дэмжээгүй гэж ч учирласан. Үүнийг нь сөрөг хүчнээс улстөржүүлж буй хэмээн тодотгосон. Цалин тэтгэмжийг хасах зэргээр төсвийн зардлаа танах бодлого баримтлахад илүүтэй мэдрэгдсэн гэлээ. Урьд өмнөхөө ярихгүйгээр одоо яах вэ, өр зээлээ хэрхэн төлөх вэ гэдэг асуудалд анхаарал хандуулан ажиллахаа илэрхийлэв. Эдийн засгийн хямралаас гарах хөтөлбөрөө хэрэгжүүлэх даалгавар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгчээ. Тиймээс тус хөтөлбөрөө УИХ-д өргөн барьсан гэв.

Ам.долларын ханшийн өсөлт бол өмнөх Засгийн газрын үед хэрэгжүүлсэн Үнэ тогтворжуулах хөтөл­бөр­тэй холбоотой гэдэг тайлбарыг Ерөнхий сайд хэлсэн.  Мөн “Сайн” тодотголтой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд маш их хэмжээний мөнгө гаргаж, Ирээдүйн тэтгэврийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэхээр маш их хэмжээний мөнгө хэвлэсэн нь ам.долларын ханшийг өсгөсөн гол шалтгаан. Хэрэв энэ хөтөлбөрүүдийг зогсоогоогүй бол валютын ханш 2360 буюу одоо байгаагаас ч өндөр болох байсан гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тайлбарлалаа. Валютын нөөцөө өсгөхийн тулд экспортоо нэмэгдүүлж, гадаадын хөрөнгө оруулалт татах, хамгийн муу хувилбар болох зээл авах хэрэгтэй байгаа гэв. Тэгвэл хямралаас гарах хөтөлбөрийг 18 сарын хугацаанд амжилттай хэрэгжүүлж чадах юм бол ам.долларын ханшийн өсөлтийг бууруулах боломж бүрдэхийг Б.Чойжилсүрэн сайд хэлсэн. 

Экспорт нэмэгдээд бай­хад орлого муу байгаа нь Оюутолгойтой холбоотойг эртнээс ярьсан, хүн бүр мэдэж байгаа учраас давтан ярих шаардлагагүй. 2040 он хүртэл Оюутолгойгоос ашиг хүртэхгүй байдал үүссэн гэдгийг ч хөндөв. Нэмэлт төлбөр, борлуулалтын орлогоос рояалтийн татвар авах хэрэгтэйг Ерөнхий сайд хэллээ. Оюутолгойгоос зөвхөн татвараа авч байгаа. Цаашдаа төр бизнес рүү хэтэрхий орохгүй гэдэг байр суурь Засгийн газар баримтлах гэнэ. Гацууртын ордын хувьд нэмэлт рояалти авах байдлаар ажлыг нь явуулахаар болжээ.


Тавантолгойг төмөр замтай хамтад нь шийднэ

Ж.Эрдэнэбат сайд “Өмнөх Засгийн газар тендер зарлаад консорциумыг нь шалгаруулсан. Манай Засгийн газраас маш хурдтай ажиллахыг ард иргэд, хэвлэл мэдээлэл хүсч байгаа. Тиймээс өмнөх хэлэлцээрийг үргэлжлүүлэх асуудлыг судалж үзэх ёстой. Гэхдээ өмнөх хэлэлцээрт байсан алдаануудыг залруулж, Монгол Улсын эрх ашигт нийцсэн байх шаардлага тавьж байна. Бид Монгол Улсын эрх ашигт нийцсэн зүйл заалтууд оруулаад зөвшөөрөөгүй тохиолдолд дараагийн шатны арга хэмжээг авна. Зөвшөөрвөл үргэлжлүүлээд явна. Төмөр замын эх үүсвэрийг босгох, дэмжлэг үзүүлэх, зээл олгох бололцоотойгоо илэрхийлсэн санхүүгийн байгууллага, улс орнууд ч бий. Тавантолгойн орд төмөр замын ашиглалтыг цогцолбороор нь шийдэх ёстой” гэж байр сууриа илэрхийлсэн. Экспортын гол түүхий эд болох нүүрсний үнийг хэрхэн өсгөх талаар сэтгүүлчид тодруулав. Үүнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж ажлын хэсэг ажиллаж байгаа, цаашид нүүрсний үнийг жигд болгох боломжтой гэдэг хариулт өгөв. Эцсийн хэрэглэгчид очиж байгаа үнэ нь 200 ам.доллар. Хэрэв Монголд нүүрсээ боловсруулаад тээвэрлэж, Хятадын хилээс цааш 1500 км-т дахин тээвэрлээд эцсийн хэрэглэгчид хүргэх юм бол 200 ам.доллараар өгнө гэдэг тооцоо хийжээ. Энэ бүх зардлуудыг хасаад тооцоход уурхайн амнаасаа 27 ам.доллараар өгч байсан нь нэмэгдээд 33 ам.доллар болсныг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тайлбарлаад удахгүй үнийн тооцоог танилцуулна гэлээ.

 
“Эрдэнэт”-ийн захирлыг удахгүй томилно

Засгийн газар байгуулагдаад удалгүй “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг шилжүүлж авсан асуудлыг хянах таван сайдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан. Засгийн газрын зүгээс өмнө нь гаргасан хууль бус шийдвэрүүдийг хүчингүй болгож, бүх талын арга хэмжээг авч ажиллажээ. Холбогдох шийдвэр, албан тушаалтан хууль зөрчсөн байж болох үндэслэлийг Засгийн газраас гаргаад шалгаж тогтоолгохоор хууль хяналтын байгууллагад ханджээ. Тус үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулж, төрийг төлөөлөх хүмүүсийг томилсон бол удахгүй үйлдвэрийн ерөнхий захирлыг томилохоор болсон байна. Ажлын туршлага, мэргэжил зэрэг шалгуур тавьж байгаа томилогдсон хойно танилцах боломжтой гэв. Засгийн газраар 49 хувийг шийдвэрлэхдээ ямар алдаа зөрчил гаргасныг шалгах ажлын хэсгийг ахалсан Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Гэрээнд заахдаа УИХ-аар зөвшилцөх ёстой гэсэн ч түүнийг нь хийгээгүй байсан” гэж хариуллаа. “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явж буй. Төрийн өмчийн 51 хувь үрэгдэж үгүй болсон зүйл байхгүй. Татварын тухайд 2015 онд 2016 онд төлөх татварын урьдчилан авсан байж хэмээсэн бол Засгийн газрын өмнөх шийдвэрийг хаалттай байсныг ил болгосон гэж Ерөнхий сайд тайлбарлалаа. Гэхдээ “Жаст” компанийн өрийг хэрхэн шийдэх, Оросын талд явуулсан гэх бичиг ямар учиртай байсан гэх мэтээр “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой олон асуулт сэтгүүлчдээс ирсэнд тодорхой хариулт өгөөгүй юм.

 
Ипотекийн зээлийг зогсоогоогүй

Өмнөх жилүүд шиг ипотекийн зээлийг үргэлж­лүүлэх юм бол Монголын эдийн засаг даахгүйг Засгийн газрын тэргүүн ярилаа. Одоогоор зээл үргэлжилж байгаа ч зээлийн сангийн эргэн төлөлтийн орлогоор санхүүжих маягаар явж буй гэв. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Ипотекийн зээл огт зогсоогүй. Эх үүсвэр нь 8 хувь, магадгүй бүр 4 хувиас доош байж сангаа бүрдүүлэх бололцоо бүрдэнэ. Зөвхөн ганц улсын биш хэд хэдэн санхүүгийн байгууллага, улс орноос босгох боломжуудыг хайж байна. Энэ чиглэлээр нааштай шийдвэрүүд гарч байгаа. Үргэлжлүүлэхдээ өмнөх хэлбэрээр биш арай өөр байдлаар хэрэгжүүлнэ” гэлээ. Тэгвэл малчид орон сууцны зээлэнд хамрагдаж чадахгүй байгааг яаж шийдэх боломжтойг асуухад Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр “Мэргэжлээр нь ялгаж зээл олгоно, олгохгүй гэдэг заалт журамд байхгүй. Орон нутгийнхан нийслэлд ирээд зээл авч байгаа. Цаашдаа орон нутагт орон сууцны зээлэнд хамрагдах боломжоор хангах талын судалгаа хийж байгаа” гэв.

Гэр хорооллын газрыг орон сууцаар солих тухай асуудал яригдсаныг хэрхэн шийдэхээр болсныг салбарын сайд зөвхөн тодорхой байршилд ярьсан хэмээн тайлбар­лалаа. Төрийн орон сууцны корпорацын 200 орчим орон сууц борлогдоогүй байгааг нисэх орчмыг айлуудад газраар нь солих асуудал яригдсан байна.

 
Гадаадын банк оруулах уу

Салбар бүрийн төлөө­лөлтэй уулзаж, хүндрэл бэрхшээл шийдэх асуудлыг ярилцаж, ажлаа эхлүүлжээ Ерөнхий сайд. Үүн дотор банк санхүүгийн салбарын бүх уулзалтаар гадаадын банк оруулж ирэх асуудлыг хөндсөн. Юуны өмнө эрх зүйн орчноо бүрдүүлж байж хаанахын ямар банк оруулах талаар ажлын хэсэг судалгаа хийж байгаа аж. Ажлын хэсэг санал дүгнэлтээ гаргасны дараа шийдвэр гаргана хэмээн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хариулт өглөө. Үүн шиг судалж, шалгаж, нягталж буй асуудлууд цөөнгүй байгаа нь уулзалтын үеэр хөндөгдсөн. Зээл авах, хөтөлбөрт хамрагдах, ипотекийн зээлийг санхүүжилтийг яаж хийх, ам.долларын ханшийн өсөлтийг зогсоох боломжтой эсэх гээд шийдлээ хүлээсэн олон асуудал бий. Гэхдээ түүнийг нь ингэж шийднэ гэсэн эцсийн гарц, гаргалгаа одоохондоо бэлэн биш аж. 

Намын шийдвэрээр дэд сайдтай байна гэснийг улс төрийн намууд засгийн эрхийг авч байж бодлого, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг жамтай. Дэд сайд бол хамгийн хэрэгтэй. Тэгээд ч МАН-ын биш АН-ын үед дэд сайд нарыг гаргаж ирсэн. Сонгуулийн өмнө л зөвхөн дэд сайдгүй ажилласан гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тодотгож байлаа. Зарим салбарт онцгой байдал, шинээр цэцэрлэг байгуулагдсан учраас цөөн тоогоор төрийн албан хаагч нэмэгдэж байгаагаас бус бүтцээр нь орон тоо бий болгоогүй гэсэн юм. Ирэх оны төсөв дээр төрийн албан хаагчдын цалин гэж нэмэгдэж орж ирсэнд ийм хариулт хэлсэн. Малчдын тэтгэврийн насыг наашлуулахаар Засгийн газраас хуулийн төсөл боловсруулаад УИХ-д өргөн барьсан гэнэ. 65 гишүүнтэй МАН-ын бүлэг ажиллаж байгаа парламент ямар ч байсан мөрийн хөтөлбөртөө тусгасан асуудлыг хэрэгжүүлэхээ амлалаа. Ямар ч байсан Засгийн газрын шийдвэрүүд УИХ дээр очоод гацаж, сааталгүй хурдан шуурхай шийдэгдээд явах нь гэдэг ойлголт өгсөн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан