Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хэл амтай сонгууль өндөрлөж 9 дүүргийн парламент энэ долоо хоногт хуралдана

Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн дүнг тав хоногийн дотор өргөн мэдүүлж, долоо хоногийн дотор нийтэд мэдээлэхийг Сонгуулийн тухай хуульд тусгасан. Сонгуулийн санал хураалт аравдугаар сарын 19-ний өдөр болж, нийслэлийн долоон дүүрэгт нэмэлт санал хураалт 23-ны өдөр явуулж, дүнгээ гарган эцэслэн мэдээлсэн. Сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд 13 нам, хоёр эвсэл оролцож, 152 тойрогт нийт 295 хүн нэр дэвшин өрсөлдсөн юм. Үүнээс 49 нь бие даагч. Гэхдээ сонгогчид хоёрхон бие даагч, Ардчилсан нам, Монгол ардын намаас нэр дэвшигчдийн төлөө  л саналаа өгчээ.

Товчхондоо 152 тойргийн 295 мандатын 195 нь МАН-ынх, 98 нь АН-ынх, хоёр нь бие даагчийнх болсон. Үүнээс дөрвөн жилийн өмнө сонгуулийн дүн ямар гарч байв. 152 тойргийн 295 мандатын 167 нь АН-ынх, 115 нь МАН-ынх, 13 нь МАХН-ын байж, нэг ч бие даагч сонгогдоогүй. Тэгвэл энэ жилийн сонгуулийн нэг онцлог нь бусад намуудад сонгууль хаалттай болж ирж байгааг сонгуулийн дүн харууллаа. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 24 нам үйл ажиллагаа явуулж, 13 нь дангаараа, хоёр эвсэл болж оролцоод улаан, цэнхэр гэсэн хоёрхон сонголтод төвлөрсөн.

Энэ долоо хоногт буюу арваннэгдүгээр сарын 8-ны дотор дүүргүүдийн шинээр бүрдсэн ИТХ-ын анхдугаар хуралдааныг хийж, төлөөлөгчдөө батламжилж, Засаг дарга, ИТХ-ын даргаа сонгох учиртай. Гэвч өчигдрийн байдлаар нийслэлийн зургаан дүүргээс тав нь хурлаа товлоогүй,нэгийнх нь хурал саатсан байгаа юм. Сонирхолтой нь эрх барьж буй МАН-ынхан голдуу асуудал үүсгэж, хэрүүл шуугиан тарьжээ. Ингээд хаана ямар асуудал үүссэн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.

Баянгол дүүрэг

Баянгол дахин дөрвөн жил АН-ынх засаглалтай байхаар болсон. ИТХ-д Ардчилсан нам олонхи байж, Засаг даргаар Д.Оросоо ажилласан. 2012 оны орон нутгийн сонгуулийн дүнгээр 30 суудлыг АН, хоёр нь МАХН, ес нь МАН-аас сонгогдож байсан юм. Харин энэ удаагийн сонгуулиар 41 мандатын 31-ийг нь АН авч, дахин олонхио бүрдүүүлэв. Үлдсэн нь МАН-ын суудал. Анхдугаар хуралдаанаа өнөөдөр хийхээр тов гаргаж. Тус дүүргийн АН сонгуульд оролцохдоо олонхийн суудал авбал дүүргийн Засаг даргаар С.Одонтуяаг сонгоно гэдгээ зарласан билээ. УИХ-ын гишүүнээр өмнөх дөрвөн жилд ажилласан С.Одонтуяатай өрсөлдөгч байхгүй гэдгээ ил зарласан нь энэ. Харин дүүргийн ИТХ-ын даргад хэнийг нэр дэвшүүлэх нь өнөөдөр тодорхой болох юм байна.

Баянзүрх дүүрэг

28 хороотой буюу энэ тооны тойрогт 41 мандатын төлөө нэр дэвшигчид өрсөлдсөн. Нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдээлснээр 22 суудлыг АН-ын нэр дэвшигчид авсан. 19 нь МАН буюу маш ойрхон зөрүүтэй. Гэтэл өнгөрсөн долоо хоногт Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны дарга О.Бат-Өлзий дур мэдэн тогтоол гаргаж АН-аас нэр дэвшиж өрсөлдөөд сонгогдсон зургаан нэр дэвшигчийг хассан.

Үүнийг нь хууль бус хэмээн эсэргүүцсэн АН-ынхан хоёр хоног дүүргийнхээ үүдэнд жагсаал хийв. Олонхи болсон АН-д дахин дөрвөн жилээ алдахгүй гэсэн үү МАН-ынхан янз бүрийн аргаар үзэж байна. Өмнө нь хууль бус тогтоол гаргасан бол өчигдөр гэхэд ИТХ-ын анхдугаар хуралдааныг хийлгэхгүй, саад болжээ. Анхдугаар хуралдааныг 15 цагт зарласан ч МАН-ын төлөөлөгчөөр сонгогдсон хүмүүс хурал үймүүлж, тасалдуулан улмаар маргаан үүсгэжээ. Өнгөрсөн дөрвөн жилд 41 суудлын 32-ыг нь АН, долоог нь МАН, хоёр нь МАХН-ын төлөөлөгч авч,Засаг даргаар нь Д.Пүрэвдаваа ажилласан. Тэдэнд сонгогчдын тавьсан дүн харамсалтай нь МАН-ынханд таалагдахгүй байгаа аж.

Сонгинохайрхан дүүрэг


Сонгинохайрхан бол нийслэлийн олон хүн амтай дүүргийн нэг. Нийтдээ 32 хороонд 41 суудлын төлөө өрсөлдсөн. 41 мандатын 39-ийг нь МАН авч үнэмлэхүй олонхи болсон. АН-аас нэр дэвшин өрсөлдөж олонхийн санал авсанБ.Баярбат, Л.Буянтогтох гэж хоёрхон сөрөг хүчний төлөөлөгчтэй дараагийн дөрвөн жилд ажиллах нь. Засаг дарга, ИТХ-ын даргыг МАН-аас нэр дэвшүүлэн томилох бүрэн эрхтэй. Өмнөх дөрвөн жилд уг дүүрэгт олон Засаг дарга сольж, засаглалын хувьд багагүй асуудалтай явж ирсэн. Яагаад гэвэл суудлын тоо ойролцоо байсан учир нам харгалзахгүй лоббинд орж Засаг даргаа алга урвуулахын дайтай огцруулж байв. МАН 22 суудал, АН 17 суудал, МАХН хоёр суудалтай ажилласан. Дөрвөн жилийн хугацаанд тус дүүрэгт Р.Дагва, М.Чинболд, Ж.Сандагдсүрэн гэсэн гурван Засаг дарга ажиллалаа. Ж.Сандагсүрэн нь саяхан буюу сар гаруйн өмнө л томилогдсон ч одоогийн шинэ ИТХ-даа төлөөлөгчөөр сууж, Засаг даргаараа улирах сураг байна. Сонгинохайрханыхан анхдугаар хуралдаанаа хараахаан товлоогүй ч тэдэнд саад тогтгор учрах эрсдэлгүй болохоор нэг л яарахгүй байгаа бололтой.

Чингэлтэй дүүрэг

МАН-аас 22, АН-аас 11, МАХН-аас хоёр төлөөлөгч Чингэлтэй дүүргийн ИТХ-д өнгөрсөн дөрвөн жил ажилласан. Олонхийг бүрдүүлсэн МАН-аас сонгогдсон Засаг дарга Д.Ганболд УИХ-ын гишүүн болоод буй. 2016 оны сонгуулийн үр дүнгээр35 мандатын 30-ыг МАН авч маргаангүй олонхийг бүрдүүлж байгаа. АН цөөнх ч гэсэн бүлэг байгуулах тооны төлөөлөгчтэй. Хяналтаа тавьж ажиллах үүрэг тэдэнд ногдож буй.Анхдугаар хурлын тов тодроогүй, өчигдөр бүрэн эрх нь дуусаагүй ИТХ-ын тэргүүлэгчид хуралдсан юм. Харьцангуй маргаан асуудал гардаггүй гэж хэлж болох дүүрэг бол Чингэлтэй.

Сүхбаатар дүүрэг

Өмнөх дөрвөн жилд АН-ын олонхи байж, 35 суудлын 19 нь АН, 15 нь МАН, нэг нь МАХН-ын суудал байсан Сүхбаатар дүүрэгт энэ тооны харьцаагаа бараг хадгалж үлдсэн. Д.Бадарсан Засаг даргаар ажилласны дүнг сонгуулиар тавиулж, урьдын адил олонхи боллоо. Анхдугаар хуралдааны тов мөн л тодорхой бус байв. Дөрвөн суудлын зөрүүтэй Сүхбаатар дүүргийн Засаг дарга, ИТХ-ын дарга хэн хэн болох тодорхой бус. Засгийн эрх авахаар болсон олонхи дунд л маргаан, үл ойлголцол гардаг бол эсрэг үйл явдал тус дүүрэгт өрнөж байна.Нэгэнт олонхи биш учраас эсвэх боломжоо эвтэйхэн ашиглахын оронд МАН-ынхны дотоод зөрчил ил болж, зөвшилцөл саатсан бололтой. Дүүргийн МАН-ын дарга УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар залуучуудтайгаа үл ойлголцсон байна. Сонгуулиас өмнө нэр дэвшүүлэхэд, кампанит ажлын үеэр, үр дүн гарсан хойно ч гэсэн энэ маргаан дуусахгүй улмаар МАН-ын Тусгаар тогтнолын ордонд хүртлээ ширүүссэн аж. Тэдний маргааныг энэ долоо хоногтоо багтаан эцэслэхгүй бол Сүхбаатар дүүргийн Засаг дарга, ИТХ-ын даргын аль нэг ч үгүй үлдэж мэдэх нь.

Хан-Уул дүүрэг

Хан-Уул дүүрэгт 35 төлөөлөгчтэйгээс 29 нь АН буюу олонхи, дөрөв нь МАН, хоёр нь МАХН-ын суудалтай 2012-2016 онд ажиллаж байжээ. Засаг дарга Ж.Ганхуяг УИХ-ын сонгуульд өрсөлдөж, сонгогчдын олонхийн санал авч чадаагүй.Өмнөх найман жил цэнхэр байсан дүүрэг энэ жил алаглаж, улаан давамгайлахаар боллоо. 18 суудал МАН-ынх болж олонхийг бүрдүүлж, АН 15, бие даагч нь хоёр суудал авсан.Одоогоор Хан-Уул дүүргийн ИТХ-ын анхдугаар хурлын тов гараагүй байгаа. Гэтэл өчигдөр МАН-ын анхдугаар хуралдааныг товлохгүй цаг алдаж байна гэх утга бүхий шаардлага дүүргийн ИТХ-д хүргүүлж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл дуудаж сүрийг үзүүлжээ. Уг нь энэ долоо хоногт багтааж хуралдах чиглэлээ баримталж, тэргүүлэгчид нь хуралдахаар болж. Хууль зөрчиж хурлаа товлохгүй байгаа асуудал гараагүйг ч ИТХ-ын ажлын албанаас хэлсэн юм. Шаардлагыг төлөөлөгчөөр сонгогдсон МАН-ын 18, бие даагч хоёр хүргүүлж гарын үсгээ зурсан байлаа. Сонирхолтой нь нийслэлдээ хоёрхон бие даагч төлөөлөгчид АН-аас ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан юм.

Улаан дүүргүүд

25 төлөөлөгчтэй Багануур дүүргийн ИТХ-д өмнө нь МАН 13, АН 12 суудалтай байсан бол энэ удаагийн сонгуулийн үр дүнгээр улаан тойрог болсон. Дөрвөн жилийн хугацаанд М.Гончигжав, Б.Бямбадорж, Ц.Сандаг-Очир гэсэн гурван Засаг даргын нүүр үзсэн дүүрэг.Суудлын тооны харьцаа ойролцоо учир огцруулах, томилох зэрэг тогтворгүй ажилладаг сөрөг талтай. Үүний нэг жишээ байсан Багануурт дараагийн дөрвөн жилд ийм байдал гарахгүй биз. 25 суудал МАН-ынх учраас.

Өнгөрсөн дөрвөн жилд тус дүүрэгт МАН 12, АН 5 суудалтай ИТХ ажилласан Багахангай дүүргийн хувьд 17-уулаа МАН-ын төлөөлөгч болж мөн л улаан болоод буй.Гэхдээ тус дүүргийн сонгуулийн хороо АН-ын нэр дэвшигчдийг гарын үсэг зураагүй, мэдээлэл дутуу зэрэг үндэслэлээр бүртгэхээс татгалзаж үндсэндээ МАН-ын нэр дэвшигчдэд давуу байдал олгосон гэж үзэж байгаа. Энэ талаар мэдээлэл хийж, нийтэд мэдээлж байсан ч сонгуулийн тойргийн хороо асуудлаа шийдэх ёстой гээд хэт нэг талд үйлчилсэн байдлаар сонгууль зохион байгуулсан гэхэд буруудахгүй болов уу. Тус дүүргийн Засаг даргаар С.Эрдэнэбаяр ажиллаж байгаа.

Алслагдсан гэхээргүй Налайх дүүргийн хувьд мөн л суудлын тооны харьцаа нэгийн зөрүүтэй өнгөрсөн дөрвөн жилийг үдсэн. АН 12, МАН 11, МАХН хоёр суудалтайгаар ажилласан. Х.Болдбаатар Засаг даргаар ажиллах хугацаанд МАН-аас огцруулах асуудал оруулж бас л багагүй улстөрждөг байсан дүүрэг. Тэгвэл хэдхэн хоногийн өмнөх сонгуулиар 25 суудлын 21-ийг нь МАН авч, дөрвийг нь АН авч, бүлэг байгуулж чадахааргүй болжээ. Гэхдээ Багахангай, Багануур хоёрыг бодвол улаан тойрог болчихоогүй.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан