Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тэвдсэн хүмүүсийн тэргүүний төлөөх тулаан

Б.БАДРАЛ


Нийгмийн амьдралд тулгардаг эдийн засаг, улс төрийн аливаа хямрал нь дараахь гурван дүгнэлтийг гарцаагүй дагуулдаг. Үүнд: 1. Хямралаас өмнө ноёлж байсан үзэл санаа, явуулж байсан бодлого алдаатай эсвэл бүр худал байж. 2. Хямралаас гарах, алдаагаа ахин давтахгүйн тулд аль болох богино хугацаанд алдаагүй, шинэ, бодит үзэл санаа, бодлого боловсруулах шаардлагатай. 3. Тэр үзэл санаа, бодлогыг өөрсдөө шинээр боловсруулах уу эсвэл хөндлөнгөөс заалгаж дагах уу?
Төр, нийгэм, эдийн засгийн талаарх түгээмэл ойлголтыг тулгуурладаг жирийн хүний толгойд энэ гурав нь “Хэн ч гарсан ялгаагүй луйварддаг нь үнэн юм байна. Шинэ гарсан хэд ч ялгаагүй цагаан чулуу атгуулж таарах биз. Ер нь дээгүүр байгаа хэд эцсийн дүнд ганц ишигний гарзгүй гардаг. Харин би яах вэ? Миний гэр бүл, үр хүүхэд яах болж байна? Хэн надад зааж зөвлөх бол? Хэнийг түших вэ? Түшиг болох хүн олдохгүй бол яах вэ? ” гэсэн хэлбэртэй болно. Дараа нь өмөг түшиг болж ухаантай зөвлөгөө өгөх хүмүүсийг хайж эхэлнэ. Хамгийн гол нь энэ хайлт хэр удаан үргэлжлэхийг хэн ч мэдэхгүй. Үзүүрт нь гэрэл харагдахгүй хонгилоор лаа бариад бүдчин алхахтай адил. Ийм хүнд маргаашдаа, ирээдүйдээ итгэх итгэл гэж бараг байхгүй шахуу. Өнөө маргаашаа аргалсан төдийд буюу хонгилоор нэвт үлээх салхинд лаагаа унтраалгачихгүй явбал болох нь тэр. Эндээс л тэвдсэн хүмүүсийн тэргүүний төлөөх тулаан эхэлнэ. Тэвдэж сандарсан тэр олон хүний ухаан санаанд эзэн сууж өөрийгөө бурхан гэж итгүүлж, үнэмшүүлж чадвал хүмүүс хэдий гуйлагчин, ядуу байлаа ч хамаг байдгаа бариад гүйлддэг болохоор элдэв луйварчдын дунд амаргүй тулаан эхэлнэ.  

Жирийн хүмүүс буюу нийгэмд үнэмлэхүй олонх болж байдаг хүмүүс эдийн засаг, улс төр, санхүү, мөнгөний бодлого, олон улсын харилцаа энэ тэрийн талаар нарийн мэдлэг байхгүй. Тиймээс баталгаатай эх сурвалжаас 2х2=4 гэсэн хариулт авахыг хичээнэ. Гэтэл улс төр, эдийн засгийн янз бүрийн үзэл баримтлал бүхий ухаантанууд нэгнийгээ үгүйсгэсэн ухаантай зөвлөгөө мэдэгдэл хийж хүмүүсийн толгойг улам эргүүлнэ.Үр дүнд нь хоёрын квадрат язгуур нь иррационал тоо байдаг тул 4 гарах ёсгүй эсвэл монгол бичгийн уламжлалаар бичих нь зөв, эсвэл бүр “х” гэсэн тэмдэг нь юмыг үгүйсгэсэн утгатай тул үржүүлэх үйлдлийг тал бүр тийш цацран баяжихыг бэлэгдсэн “*” гэсэн тэмдгээр ямагт бичих ёстой, эсвэл латин тоогоор II*II=IV гэх ёстой гэх мэдээллийн угаадсаар тархи угааж эхэлдэг. Улс төр, эдийн засагчдын элдэв маргаан мэтгэлцээнээс ард олон туйлдаа хүртэл залхаад бодит байдлаас зугтаж, энгийн бөгөөд ойлгомжтой зүйлсийг хүсч эхэлдэг. Иймд үед л “2х2=4 гэдгийг Будда эсвэл Исус, Хөх тэнгэр надад өөрөө мессежээр бичиж явуулсан” гэх мэт зүйлс ярьдаг элдэв луйварчид  гарч ирдэг.

Их Хямралын үеийн ажилгүйдэл. Цаасан дээрх бичээс: Би гурван мэргэжилтэй, гурван хэл мэддэг, гурван жил дайтаж байсан, гурван хүүхэдтэй. Надад хэрэгтэй ганц зүйл-ажил
-------------------------------------------------------------------------------------
Эдийн засгийн хүнд хямралын үеэр жирийн иргэд юу хүсч байдгын жишээ болгож 1929-1939 онуудад АНУ-ыг дайрсан Их хямралын үеийн зарим статистик баримтыг сонирхуулъя. Ямаршуу аймшигтай хямрал байсныг ойлгуулахын тулд зарим тоо баримт дурдах хэрэгтэй байх. 1929 оны аравдугаар сарын 29-ны мягмар гарагт  эхэлсэн хямралаар Америкийн зах зээл ганц өдрийн дотор 14 тэрбумыг алдаж, дараагийн долоо хоногийн дотор 30 тэрбум ам.долларын алагдал хүлээсэн нь тухайн үеийн төсвөөс арав дахин их үзүүлэлт байв. Үүний үр дүнд үйлдвэрлэл нь 46 хувиар огцом унаж, дөрвөн хүн тутмын нэг нь  буюу хөдөлмөрийн чадвартай хүмүүсийн 25 хувь нь ажилгүй, ахин 25 хувь нь бүрэн бус цагаар ажиллан өчүүхэн бага цалин авдаг байж. Сургуульд сурах боломжгүй болсноор 3 сая гаруй хүн сургуулиа хаян гарсан. Хоёр хүн тэжээж чадахгүй гэсэн шалтгаанаар 1,5 сая гаруй эмэгтэйчүүд нөхөртөө хаягдсан гээд таагүй тоо баримт их. Гэтэл энэ үеэр Америкийн хүн амын 65 хувь нь тогтмол кино үздэг байж. Кинонд сайн тал нь ямагт ялна, ядуу хүн гэнэт баяждаг, дорд айлаас гаралтай залуу баян хүнтэй гэрэлдэг гээд бодит амьдрал дээр хэзээ ч боломжгүй олон сайхан зүйлс харуулдаг болохоор аргагүй биз. Долоо хоног болгон бодит амьдралын хүнд бэрхээс цуцаж зугтсан 80 сая гаруй америкчууд кино театруудад тухлан мөрөөдлийн ертөнцөөр аялдаг байж. Энэ үед америкчуудын тоглох хамгийн дуртай тоглоом нь “Монополи”. Ядаж тоглоомонд ч болов саятан болоход буруудах юм байхгүй. 1932 оны шилдэг дууны жагсаалтад Бинг Кроссбийн дуулсан “Анд минь 10 цент зээлэхгүй биз” гэсэн дуу тэргүүлж байх жишээтэй. “Уншаад 10 хувь хуулж бичээд тараавал баяжиж аз жаргалтай болно” гэсэн заавар бүхий “Аз жаргалын захиа” гэгч зүйл мөн л Их Хямралын үед гарч дэлхий даяар тархсан байдаг.

Хүмүүс бодит байдлаас ингэж ихээр, идэвхтэй зугатаж байгаа үед баяжуулна, ажлыг бүтээнэ, аз авчирна, өвчнөөс салгана гэх мэтээр итгэмтгий олны халаасыг хоосолсон Библь судар, Христийн нэрээр бамбай хийсэн эсвэл сүнс дууддаг, далдыг хардаг гэх мэт дүвчингүүд олноор гарч ирсэн нь мэдээж. Хямралын үеэр Нью-Йоркийн хөрөнгийн биржийнхэн костюмныхаа энгэр дээр тусгай шившлэгтэй хээ угалзтай  “Ажил бүтэмжтэй явж байна” гэсэн бичээс бүхий тэмдэг зүүдэг болсон юуны нөлөөгөөр вэ гэдгийг тааж ядах юмгүй.

Манайд ч энэ мэт байдал үүсээд байгааг та лав ажигласан байх. Жишээлбэл, “Facebook”-ээр “лайк дараад шэйр хийвэл мөнгөтэй болно”  гэсэн заавар бүхий мөнгөний эсвэл бурханы зураг давалгаа шиг л их явж байна. Энэ бол 1930-аад онд Америкийн Их хямралын үеийн “Аз жаргалын захидал”-ын орчин үеийн хувилбар. Цаашилбал, элдэв янзын бөө, зайран удганууд байна. Залуусыг “мөнх амьдрал”, “аз жаргалаар” гогдоод “Аав аа намайг ашиглаач ээ” гэж хэлдэг болтол үнэмшүүлсэн цуглаан ч байна. “Монополь” тоглоом, кино урлагыг авьяастан шалгаруулдаг реалити шоу, миссийн тэмцээнүүд орлосон.

“Хямралаас гарахын тулд эрдэм ном, уйгагүй ажилсаг байдал, ур чадвар, зарчимч шударга зан  гэсэн дөрвөн бурханд л залбирах ёстой. Тэгэж чадвал чамайг дэмжинэ, түшнэ. Бид өөрсдөө ч энэ дөрвөн бурханыг тахидаг” гэсэн мессежийг УИХ, Засгийн газар, аймаг, дүүргийн дарга нараас эхлээд хувийн компаниудын боссууд хүртэл эгэл иргэдэд хүргээгүй цагт элдэв шашны нэрээр луйвар хийгсдэд урхидуулсан хүний тоо цөөрөхгүй. Гэтэл төр засгаас эхлээд хувийн компаниуд хүртэл  “Манай намынх биш бол зайл” эсвэл “Даргын хамаатан биш бол зайл” гээд байхаар ямар ч ур чадвартай, эрдэм мэдлэгтэй байсан маргаашдаа итгэх итгэл алдарч л таарна. Итгэл алдарна гэдэг луйварчдын урхинд орж бүхнээ алдахын эхлэл.

Эрх мэдэл эд баялагтай болох зорилгоор хүмүүсийн тэргүүн дэх сэнтийд залрах хүсэлтэй элдэв бүлэглэ­лүүдийн зүгээс тархи угаахдаа хэрэглэдэг арга мэхийг Амери­кийн сэтгэл зүйч Р.Ж.Лифтон тодорхойлсон байдгийг мэдэж авахад илүүдэхгүй байх.

Шашнаар бамбай хийсэн луйварчдын тархи угаах аргууд:

1.Орчин нөхцлийг хатуу хяналтад оруулах. Энэ аргыг хэрэглэх үед хүмүүс хоорондын харилцааг нарийн хянаж, хөндлөнгийн бүх  мэдээллийг хатуу шүүдэг болно. Жишээлбэл, өөр шашин шүтлэгтэй хүмүүстэй уулзахгүй, харилцахгүй байхыг шаардах эсвэл зурагтаар тодорхой мэдээллийг, сувгийг үзэхгүй байхыг тулгах гэх мэт. Эсвэл бүр гэр бүлийн хүмүүсээ тухайн бүлэглэлд элслүүлэхийг уриалах.

2.Нууцлаг, ер бусын зүйлсээр шүүмжлэлт сэтгэлгээг дарах. Нууцлаг, ер бусын, ид шидийн гэж ойлгогдох нөхцөл байдлыг бий болгох, эсвэл санамсаргүй үүссэн нөхцөл байдлыг ид шидийн мэт харагдуулан тайлбарлах замаар шүүмжлэлтэй сэтгэх чадварыг дарах. Жишээлбэл, махнаас татгалзан зөвхөн цагаан хоолонд шилжих үед ямар ч хүнд аяндаа үүсдэг биеийн болон сэтгэл санааны өөрчлөлтийг “бузраас саллаа” эсвэл “ариун сүнс хишиг хайрлаж байна” гэж тайлбарлах.

3.Зөвхөн “ариун” зүйлийг шаардах. Орчин тойрны бүх зүйлсийг ариун ба бузар, сайн ба муу, манай тал ба дайсны тал гэх мэтээр эрс хатуу хуваан зааглах. Тухайн шашны бүлэглэл, урсгалыг сайн бөгөөд ариун харин бусад нь бүгд муу бөгөөд бузар гэж ялгахыг шаардана.

4.Нүглээ наминчлахыг нэн тэргүүнд тавих. Хувь хүнийг бусдаас ялгаж, гадны нөлөөнөөс хамгаалж байдаг заагийг арилгах, ямагт буруу зүйл хийсэн мэт гэмшдэг болгохын тулд уулзалт, мөргөл болгон дээр хийсэн нүглээ олны өмнө тод дуудан наминчилж уучлалт хүсэх, олны өмнө дэлгэж болохгүй зүйлсийг ил тод хэлэхийг шаардах. Жишээлбэл, “бузар номлолыг дагадаг хүнтэй уулзаж нүгэл хийлээ өршөө” гэж хэлүүлэх.

5.”Ариун номлол”-ыг тун­хаглах. Тухайн сурталчилж байгаа номлолыг цорын ганц үнэн зөв гэх. Энэхүү номлолтой зөрчилд­сөн бүх төрлийн мэдээл­лийг худал, хуурмаг гэж зарлан тунхаглах. Бусдад хүлээц­тэй, тэвчээртэй хандах байд­­­­­лыг үгүй хийж байгаа хэрэг.

6.Далд агуулга бүхий өвөрмөц хэллэгээр харилцах. Бүлгэмийн дотор харилцдаг, зөвхөн өөрийн хүмүүс ойлгодог тусгай хэллэг, бэлэг тэмдэг зохиох замаар бие даан чөлөөт сэтгэлгээ, шүүмжлэлтэй хүлээж авах чадварыг үгүй хийдэг.
7.Номлол ямагт хувь хүнээс дээгүүр гэх. Номлол цор ганцаар бодит бөгөөд үнэн тул хувь хүн, түүний амьдралын явцад олсон туршлага ба мэдлэгээс ямагт илүү дээгүүр.

8.Амьдрах, орших эрхийг ялгавартай болгох. Зөвхөн тухайн бүлэгт элссэн, тухайн шашныг дагасан хүн амьдрах эрхтэй бусад нь бузар, хуурамч зүйлийг дагаж байгаа тул амьд явах эрхгүй гэж номлох. Ингэснээр өөр үзэл бодолтой хүмүүсийг хоёрдугаар зэрэглэлийн хүмүүс гэж үзэн дээрэнгүй, ёс бус харилцах боломжтой гэдэгт итгүүлдэг.

Энэ бүх зүйлс нийлээд ирэхээрээ юу болдог вэ? Зөвхөн тухайн бүлэглэлд элсвэл үхлээс аврагдаж, баяжина гэдгээр бүх зүйл эхэлнэ. Аврагдахгүй хүмүүс бузартсан, чи аврагдах болохоор ариун. Цаашдаа ариун байдлаа хадгалах ёстой тул бузар хүмүүстэй харилцах, бузар мэдээлэл унших, сонсохоос зайлсхий гэнэ. Эцэг, эх, ах дүүгийн холбоос хамаагүй. Гэр бүлээрээ элсвэл бүр сайн гэнэ. Гэр бүлийн аль нэг гишүүн элсэхгүй гэвэл тэр хүнийг хөөх, ганцаардуулах арга саам хэрэглэнэ. Нэгэнт л номлол нь ариун, цор ганц үнэн тул урьд сурч мэдсэн бүхэн хамаагүй. Өдөр болгон нүгэл хийлээ, миний буруу, намайг өршөө гэхэд бүлэглэлийн удирдагч өршөөл хайрласаар яваандаа өршөөл хайрладаг өөгүй бурхан мэт хүн болно.

Ийм хүний үгийг үг дуугүй дагах ёстой гэдэгт эргэлздэггүй болно. Мөн нүглээ наминчлах явцад маш нарийн нууцаа дэлгэхийг шаардах бөгөөд дагагч хүн хожим урвахад хүрвэл эргээд илчлэхээр сүрдүүлнэ. Энэ мэт явсаар тархиа бүрэн угаалгахаар номлол чухал хувь хүн юу ч биш, номлолоо тарааж олон хүнийг аврах хэрэгтэй гээд шинэ хүн элсүүлэх ажилд явуулна. Хувь хүн юу ч биш бүлэглэл, номлол чухал, олон хүнийг номлолдоо элсүүлж “аврах”-ын тулд бүлэглэл нь тасралтгүй үйл ажиллагаа явуулах шаардлагатай, харин тасралтгүй үйл ажиллагаа явуулахад хөрөнгө мөнгө илүүдэхгүй. Иймд нэгэнт л аврагдах болохоор ачийг хариулаад өмч хөрөнгөө хандивлан өргөх нь зүйтэй гэдгийг ойлгуулна. Эцсийн дүнд аврал эрж элссэн хүн тархи нь гашилсан, өмч хөрөнгөгүй, гэр бүлгүй, найз нөхөдгүй, тэр бүлэглэлээс өөр юмгүй болж хувирдаг.

Хүн төрөлхийн сониуч, тэр тусам маргаашдаа итгэх итгэлээ эгүүлэн олж авахыг хүсч байгаа хүн янз бүрийн номлол, шашинтай танилцаж л таарах байх. Танилцах явцад эдгээр найман зүйлсийн дийлэнх нь ажиглаад ирвэл тэргүүндээ залахын өмнө сайтар эргэцүүлэн бодоход илүүдэхгүй байх. Монголын нэгэн кинон дээр гардаг шиг “Лавлаа” Даш болж, юм болгоны жа гээд алга хавсран хүлээн авахын өмнө сайтар эргэцүүлэн бодож, шүүмжлэлтэй хандаж байх хэрэгтэй.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан