Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шинэчлэлийн хөдөлгөөн хэзээ ч фракц болохгүй гэв

Ардчилсан намыг шинэчлэх хөдөлгөөний залуус өчигдөр мэдээлэл хийлээ. Удахгүй болох Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаантай холбоотой тэд байр сууриа илэрхийлэв. АН-ыг шинэчлэхэд дүрмээ өөрчлөх шаардлагатай гэж байгаа ч одоогоор бэлэн болсон төсөл алга гэлээ. Хэрэв дүрмийн өөрчлөлтийн төсөл байгаа бол түүнийгээ АН-ын вэб сайтад албан ёсоор ил тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх байсан. Гэтэл долоо хоногийн дараа болох ҮЗХ-ны хурлаараа ажлын хэсэг байгуулж, урьдчилж бэлтгэсэн дүрмийн төслөө хэлэлцүүлэн дэмжиж өөрчлөлт хийх нь гэж шинэчлэлийн хөдөлгөөнийхөн үзэж байна.

Тиймээс АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн төлөөлөлтэй уулзаж шаардлагаа гардуулахаар болжээ. Тэдний өөрсдийн боловсруулсан дүрмийн төсөл бэлэн болсныг уламжлах аж. Гишүүдээрээ хэлэлцүүлээгүй дүрмийн төсөл боловсруулж, тэр нь АН-ын үзэл баримтлалд огт нийцэхгүй байгааг хэллээ.

Дүрмэнд зааснаар Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг жил бүр өөрчилж байх ёстой ч хэзээ сонгогдсон нь мэдэгдэхгүй хүмүүс одоо байгаа. Үндэсний зөвлөлдөх хороо гэхэд долоон жилийн өмнө сонгогдсон бүтэцтэй. Тэр бүтцээрээ шийдвэр гаргаад явах нь гэсэн хардлага тэдэнд бий гэлээ. Энэ сарын 16-ны лхагва гарагт товлогдсон ҮЗХ-ны хурлаар хоёр ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргах таамаг тэд хийв. Арванхоёрдугаар сарын 6-нд болох АН-ын Их хурлыг зохион байгуулах ажлын хэсэг, үндсэн дүрмийн шинэчлэлийг хийх ажлын хэсэг байгуулна гэв. Уг ажлын хэсэгт шинэчлэлийн хөдөлгөөний залуусыг багтааж, АН-ын ахмад, залуу, дунд, анхдагчид гээд бүх төлөөллийг оролцуулж дүрмийн өөрчлөлтөө хийх юм бол шинэчлэл рүү явж чадна гэж үзжээ.

АН-ын шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөний зохицуулагч С.Эрдэнэболд “АН шинэчлэгдэх нь Монголын улс төрийн институц шинэчлэгдэнэ. Манай хөдөлгөөн өнгөрсөн долдугаар сарын 15-нд байгуулагдсан цагаас хойш 17 удаа уулзалт, хэлэлцүүлэг хийсэн. Намын даргад нэр дэвшиж байгаа бараг бүх хүнтэй бид уулзсан. Нэр дэвших магадлалтай гэж байгаа  С.Эрдэнэ, Г.Батхүү нараас бусад нь бидэнтэй уулзаж, санал солилцсон. Шинэчлэлийн төлөөх хөдөлгөөн учраас бид хоосон ярьж явахгүй гэж үзээд “Хөгжлийн тухай диалог” ном гаргалаа. Бид үүндээ хэрхэн шинэчилж, өөрчилж болох саналуудаа тусгасан. Бусад нам шиг идээ бээр нь бугладаггүй, шарх нь ил учраас бид АН-ыг хурдан эдгээж чадна. Шинэчлэлийн хөдөлгөөн хэзээ ч фракц болохгүй” гэлээ.

Тус хөдөлгөөний үйл хэрэг АН-ын дотоод сонгууль ил тод болдог, бодлогын нам болж шинэчлэгдсэн цагт зорилгоо биелүүлсэн гэж үзээд дуусна гэж байлаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан