Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мөнгөний бодлого хэлэлцүүлж эхэллээ

Б.ШИРНЭН


УИХ-ын эдийн засгийн байнгын хороо өчигдөр Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр ажлын хэсгээс ирүүлсэн болон Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулж, шийдвэрлэсэн юм.

Мөн мөнгөний бодлого хэлэлцэх үеэр байнгын хорооны гишүүд манай улсад ажилласан ОУВС-гийн мэргэжилтнүүд юу ярьсан ямар тохиролцоонд хүрсэн талаар лавлаж байв. Энэ асуултад Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг хариулахдаа “ОУВС-гийнхан хоёр долоо хоногийн турш ажилласан. Талууд эдийн засгийн өсөлт, инфляц, нөлөөлж буй хүчин зүйлс ямар байх, бодит эдийн засаг дээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр дүн ямар байх вэ зэрэг төсөөллийн тоон үзүүлэлтүүдээ тохирсон. ОУВС-гийн төлөөлөгчид энэ сарын төгсгөлд дахин ирж ажиллаж магадгүй гэдэг мэдээлэл байгаа, тэр үед бодлогын түвшний арга хэмжээнүүдийн талаар зөвлөлдөхөөр төлөвлөж байгаа” гэв.

Мөн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан төгрөг суларч байгаа нь ноцтой байдалд хүрч байгааг онцлоод, валютын ханшийг тогтворжуулах, төгрөгийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр Монголбанк, Засгийн газар хамтран ажиллах шаардлагатай гэсэн юм. “Банкны салбарт илүүдэл нөөц үүсч, энэ нь ханшид нөлөөлж дарамт үүсгэж байсан учир банкны салбарын тогтвортой байдлыг буюу бодит салбараа дэмжсэн алхам хэмээн үзэж шийдвэрлэсэн” талаар

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг хариулаа.

Харин УИХ-ын Б.Жавхлан “Энэ оны долдугаар сарын 1-ний өдрөөс хойш гурван сарын хугацаанд валютын ханшинд 20 гаруй хувийн өөрчлөлт гарсан. Валютын ханшийн  өөрчлөлт гарах эдийн засгийн гол шалтгаан нь төлбөрийн тэнцэл, урсгал байдаг. Гэтэл сүүлийн гурван сард төлбөрийн тэнцэлд дээрх хэмжээний шок үүсэх хөдөлгөөн гараагүй. Валютын ханшийн өөрчлөлтийн гол шалтгаан нь нийгмийн хүлээлт, улс төрийн нөхцөл байдал долларжих үзэгдлийг өдөөсөнтэй холбоотой. Энэ тохиолдолд Монголбанк хүлээлтийг удирдах бололцоо бий” гэв.
Энэ оны эцэст инфляцыг 7 хувьд, 2017-2018 онд 5-7 хувьд хүргэх төлөвлөгөөтэй байсан Мөнгөний бодлого хэрэгжээгүй бөгөөд жилийн инфляц энэ оны долдугаар сард улсын хэмжээнд 0.9, Улаанбаатар хотод 0.1 хувь болж, өнгөрсөн оны мөн үеэс 6, 6.6 хувиар тус тус буураад байгаа юм. Харин Монголбанкны шинэ удирдлагуудын боловсруулсан мөнгөний бодлогоор инфляцыг 2017-2019 онд найман хувиас дээшгүй барих төлөвлөгөө бий. Мөн үнийн тогтвортой байдал, санхүүгийн болон макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад мөнгөний бодлогоос гадна төсвийн нэгдсэн зохистой бодлого, макро зохистой бодлогыг хослуулан хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэж Монголбанк үзэж байгаа нь “мөнгөний бодлого”-д дан ганц найдахгүй, бусад хүчин зүйлсийг ч анхаарах ёстой гэсэн санааг дэвшүүлж байгаа билээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан