Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Эрдэнэбат: Нарийнсухайт-Шивээхүрэнгийн төмөр замын ажлыг хавраас эхлүүлэхээр төлөвлөсөн

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн амралтын өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс суманд ажиллаж, Нарийн сухайтын нүүрсний ордын уурхайнуудын үйл ажиллагаатай танилцлаа.  

П.Ганхүү: Цахилгаан станц барихад бодлогын дэмжлэг үзүүлнэ

Гурвантэс суманд хайгуулын 49 лиценз олгогдсон, нүүрсний томоохон нөөцтэй. Өнөөдрийн байдлаар нүүрсний зургаан уурхай үйл ажиллагаа эрхэлж байгаа. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Өмнийн говийн элс”, “Өсөх зоос”, “Монголын алт” ХХК-ийн нүүрсний уурхайн үйл ажиллагаатай эхлээд танилцав. Нүүрсний нөөц, экспортын хэмжээ, ажилчдын ажиллах орчин, тоног төхөөрөмж болон нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутагт хийж хэрэгжүүлсэн ажлаа тухайн компаниуд тайлагнаж, тулгамдсан асуудлаа уламжилж Засгийн газраас зарим нь дэмжлэг тусламж хүслээ. Тухайлбал, “Өмнийн говийн элс” компани 460 гаруй ажилтантай, 99 хувь нь монгол, тэдний 50 гаруй хувь нь тус аймгийн Гурвантэс, Ноён, Сэврэй, Даланзадгад сумын иргэд аж. Тус компани Овоот толгойн нүүрсний уурхайд Нойтон технологиор баяжуулах үйлдвэрээ ирэх хоёрдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Үйлдвэр ашиглалтад орсноор ажлын байр нэмэгдэхээс гадна нэгж бүтээгдэхүүний экспортын орлогыг өсгөх, нэмүү өртөг шингэх зэрэг боломжтой. Эхний ээлжинд 800 мянган тонн нүүрс баяжуулна, гурав дахь жилээс 3,2 сая тонн болгож нэмэгдүүлэхээ компанийн удирдлагууд танилцуулав.
МАК компани БНХАУ-аас 35 Кв-ын цахилгаан дамжуулах шугам дэд станц байгуулан эрчим хүч импортолж, Гурвантэс, Ноён, Сэврэй сум, Овоотын хилийн цэргийн анги зэрэг аж ахуйн нэгж байгууллагыг эрчим хүчээр хангадаг байна. Тэд цахилгаан станц барих хэрэгцээ, станцын төслөө танилцуулсан юм.
Эрчим хүчний сайд П.Ганхүү “Хятад улсаас авч байгаа эрчим хүчний өртөг өндөр. Цаашид уурхайнуудад цахилгаан тоног төхөөрөмж ажиллуулах төдийгүй эдгээр сумдад жижиг, дунд үйлдвэр байгуулахад хангалттай эрчим хүч болж чадахгүй. МАК гурван блок бүхий 196 МВт-ийн цахилгаан станц барих ТЭЗҮ гаргаж, зөвшөөрлөө яамнаас авсан. Эхний ээлжинд Нарийнсухайтын бүлэг ордод үйл ажиллагаа эрхэлж буй компаниуд болон орон нутгийн хэрэгцээг бүрэн хангах блокийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ. Станц ашиглалтад орвол уурхайнуудын олборлолтын зар­дал багасч, Баянхонгор аймагт хэрэг­жих уул уурхайн төслүүд бо­лон орон нутгийн хэрэгцээг нэмж хангаж, орон нутагт жижиг, дунд үйлд­вэрлэл хөгжих боломж бүрдэх уч­раас яам бодлогын дэмжлэг үзүүлэх нь зөв гэж үзсэн” гэж ярилаа.

Д.Ганбат: Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Нарийнсухайт-Шивээхүрэнгийн төмөр замыг тусгасан

Өмнөговь аймгийн Гурвантэс суманд нүүрсний зургаан уурхай ажилладаг. Тэд жилд 32 сая тонн нүүрс олборлож, экспортлох хүчин чадалтай хэдий ч боомтоор нэвтрүүлэх автомашины тээврийн хүчин чадал ердөө 11 сая тонн байгаа юм. Боомт руу төмөр зам тавь­чихвал Ерөнхий сайдын хэлж буй нүүрсний экспортын худалдаа, нүүрсний үнийн нэг цонхны бодлого хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа.

Компаниуд хамтраад төмөр зам барих боломжтой, та нар ойлголцож хамтарч чадвал Засгийн газар бодлогын дэмжлэг үзүүлнэ хэмээн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ. Тэгвэл уулзалтад оролцсон гурван компани хамтарч ажиллаж нэг жилийн хугацаанд Нарийн сухайт Шивээхүрэнгийн чиглэлийн төмөр замыг барьж дуусгах боломжтой гэдгээ илэрхийллээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат “Нарийнсухайт-Шивээ­хүрэнгийн чиглэлд 45,5 км хүнд даацын автомашин явах зам ашиглалтад ороод жил гаруй болж байна. Энэ замаар жилдээ хамгийн ихдээ 11 сая тонн нүүрс тээвэрлэж экспортлох боломжтой. Гэтэл компаниудын хэлж байгаагаар жилд 32 сая тонн нүүрс олборлож, экспортлох боломжтой гэлээ. Иймд экспортыг нэмэгдүүлэх гол арга бол төмөр замтай болох. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Шивээхүрэн-Сэхэгийн боомтын төмөр зам, Нарийнсухайт-Шивээхүрэнгийн төмөр замыг барьж байгуулахаар тусгасан. Нарийнсухайт-Шивээхүрэнгийн төмөр замын ажлыг ирэх хавар эхлүүлэхээр манай яам бэлтгэл ажлыг хийж байна.

Компаниудын хэлсэн хамтраад төмөр замаа барих саналыг Ерөнхий сайд дэмжихээ илэрхийлсэн. Нарийнсухайт-Шивээхүрэнгийн чиглэлийн төмөр зам бол УИХ-аас 2010 онд баталсан Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичигт хоёрдугаар ээлжинд баригдах зам гэж орсон байгаа. Эхлээд царигийн өргөн, нарийны асуудлыг шийдвэрлэх ёстой. Засгийн газраар энэ асуудлыг хэлэлцүүлж УИХ-д өргөн барьж шийдүүлнэ гэлээ. Бодлогын хувьд дэмжээд өгвөл хөрөнгө оруулалт, ТЭЗҮ /техник эдийн засгийн үндэслэл/ боловсруулах зэрэг ажлыг хувийн хэвшлийнхэн хийгээд явж байгаа. Харин төрөөс хяналтаа зөв тавих ёстой гэв. Тус чиглэлийн төмөр замын ТЭЗҮ нь 2009 онд бэлэн болсон. Өнөөдрийн нөхцөлд шинэчлэх шаардлага байгаа. Царигийн маргаан байнга гардаг. Мэргэжлийн үүднээс Хятадын талтай ярилцана, хугацаа хэлэхэд эрт байна. Монголд ашигтайгаар л энэ асуудлыг шийдэх ёстой хэмээн Ерөнхий сайд байр сууриа илэрхийлэв. 

Нарийнсухайт-Шивээхүрэнгийн 47,8 км төмөр зам баригдсаны дараа Баянхонгорын Шинэжинст суманд үйл ажиллагаа явуулдаг зургаан компани хамтраад Шинэжинст-Нарийнсухайтыг холбосон 250 км төмөр замыг өөрсдөө барих санал Зам тээврийн хөгжлийн яаманд тавиад байгаа аж. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан