Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мандуулсан даргын манарсан үгс

Т.ЦЭЛМЭГ

Эрх баригч намын ээлжит Бага хурал өчигдөр болов. Ардчилсан намын VI Их хурлын сенсаацад дарагдав уу, нэг л сонирхолгүй, жигдхэн нижигнэх алга ташилтын нэг хэмнэлтэй уйтгартай байлаа. Сүр дуулиан багатай, чимээ аниргүй шахам эхэлсэн Бага хуралд намаа 2016 оны сонгуульд бүх шатанд ялуулсан дарга нь улс төрийн илтгэлээ сонордуулсан. МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболдын улс төрийн илтгэл эхнээсээ дуустал өнгөрсөнтэйгээ зууралдаж, ирээдүйн тухай төсөөлөлгүй урссаар өндөрлөв. 

“Ирээдүйнхээ төлөө эргэлт буцалтгүй хийсэн сонголт нь бүхэлдээ монгол түмний ялалт байлаа” гэж МАН-ын дарга М.Энхболд эхэнд нь онцолсон. Гэвч ирээдүйнхээ төлөө хийсэн сонголтдоо иргэд эргэлзэж эхлээд удаж буй. “Цаг алдаж байна, алгуур удаан байна” гэсэн шүүмжлэл Засгийн газр олон нийтийн зүгээс ирж байгааг хүлээн зөвшөөрөв. Гэхдээ хөрөнгө мөнгө хомсдсон нь гар хүлээтэй мэт байдлыг бий болгож байгаа ч нөөц бололцоогоо дээд зэргээр шавхан дайчлах гэнэ. УИХ-ын сонгуулиар парламентын 85,5 хувь буюу 65 суудлыг, аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нийт бүрэлдэхүүний 70 хувь буюу 809 суудлын 566-г, сум, дүүргийн ИТХ-ын 7296 мандатаас 4401 буюу 60,3 хувийг МАН-ын гишүүд авчээ. Сүүлийн арван жилд гаргаагүй том амжилт аж.  Харин сонгуулиас хойш тэд юу хийж амжив.

Татварын өртэй 3993 аж ахуйн нэгжийн данс, мөн нийгмийн даатгалын өртэй 373 аж ахуйн нэгжийн дансыг нээж, жилийн 1,5 тэрбум төгрөгөөс ихгүй борлуулалтын орлоготой дөрвөн салбарын татварыг хөнгөлөхөөр болсон. Хүнсний, хувцас, барилгын материалын болон газар тариалан, мал ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бол орлогын 1 хувийн албан татвар ногдуулахад 4700 аж ахуйн нэгж хамрагдах юм. Гэвч уг хуулийн төсөл хэлэлцүүлгийн явцдаа өөрчлөгдсөн тул Засгийн газар арваннэгдүгээр сарын 4-ний өдөр буцаан татсан.
122 мянган ахмадад жилд 100-500 хүртэлх мянган төгрөг олгох “Насны хишиг”-ийг олгохоор шийдвэрлэсэн гэв. Засгийн газар 65-аас дээш насныханд жилд хоёр удаа мөнгөн тэтгэмжийг 2017 оноос олгож эхлэхээр төсөвт 21 тэрбум төгрөг тусгасан. Малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулах, тэтгэврийн зээлийн хүүг бууруулахаар УИХ-д төсөл өргөн бариад байгаа. Боловсролын зээлийн сан байгуулж, оюутнуудад сургалтын төлбөрийн зээл өгөх, орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлж найман хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдах талбайг 80 ам.метр байсныг 100 ам.метр болгохоор шийдсэн гэх зэргээр хийсэн ажлаа тайлагнажээ. Харамсалтай нь, дурдсан ажлаас шийдэгдсэн нь тоотой хэд л харагдана. “Насны хишиг” гэхэд ахмадуудыг насаар нь ялгалаа. Сургалтын зээлийн санг байгуулаад зээл өгөөд эхэллээ гээд байсан ч одоог болтол арилжааны банкууд журмаа батлаагүй л байна. УИХ хүртэл уртын амралт авсан аятай хуралдаж, цуглаж чадахаа больж, УИХ-ын гишүүд нь 20-30-уулаа гадаад айлчлалд мордох болов. Нэг их зүйл хүлээх хэрэггүйг засгийн эрх атгаад хагас жил болсон ч дорвитой ажил хийгээгүй шалтаг шалтгаан тоочиж суугаа эрх баригчдаас хангалттай харж болох. Хөгжүүлээд, сэргээгээд өгөхөө хэдхэн сарын өмнө амлаж байсан МАН-ынхан өнөөдөр унтаж байна уу гэлтэй чимээ аниргүй болцгоожээ. Өмнөх УИХ, Засгийн газрын үед батлагдсан хууль, шийдвэрийг буцааж, зүсийг нь өөрчилснөө тоочоогүй нь авууштай.    
  
М.Энхболд дарга “Улс төрийн сонгуулийн үр дүнгээр хийж байгаа албан тушаалын томилгоог дуусгаж, төр, засгийн байгууллагууд өмнөө тавьсан зорилтоо биелүүлэх, улс орны эдийн засаг, нийгмийн амьдралыг тогтворжуулах ажилдаа ханцуй шамлан орох хэрэгтэй байна” гэжээ. Төрийн албыг төрлийн болгож, томилгоо хийж, бужигнуулж, бужигнасаар байгаа тухай дурдсангүй. Төрлийн алба болгож ар гэрийнхэн, хамаатан саднаа МАН-ынхан төрийн албан томилуулсан жишээ баримтаар АН-ын гишүүн О.Магнай ном эмхтгэл хүртэл гаргасан. Яам, агентлагийн газар, хэлтсийн дарга болоход 50 сая төгрөг, бодлогын яамдад мэргэжилтэн болоход таван сая төгрөгөөс эхлээд төрийн албыг наймааны хэрэгсэл болгож байгаа тухай иргэд ярьж, хэвлэлүүд бичсээр л. Ардчилсан намын дарга З.Энхболдын улс төрийн илтгэлд төрийн 12  мянган албан хаагчийг ажлаас нь халсан гэж дурдагдсан. МАХН-ын дарга Н.Энхбаяр “Зөвхөн нийслэлд төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр худалдчихаж. М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нар Монголын төрийг ам.доллараар бол 30 саяар л худалдачихаж. Төр тэдний гарт орвол 60 тэрбум төгрөгөө 600 тэрбум төгрөг болгож авч чадна” гэж мэдэгдсэн удаатай. Харин МАН-ын өчигдрийн Бага хурал дээр дарга М.Энхболдын амнаас “Төрийн алба цомхон, чадварлаг, тогтвортой, мэргэшсэн байх нь манай намаас баримтлах зарчмын чухал асуудал. Сүүлийн жилүүдэд Засгийн газар солигдох бүрт төрийн албанд өөрчлөлт орж, төрийн төлөө тогтвортой зүтгэх албан хаагчдын итгэл үнэмшил алдагдсаар байна. Манай нам эрх барьж байх үедээ энэ гажуудлыг засч, Төрийн албаны тухай хуулийг шинэчилнэ” хэмээв. МАН-ын нэрээр төрийн албанд томилогдсон албан тушаалтнууд хууль зөрчих, авлига авах, намынхаа нэр хүндийг сэвтээх юм бол хатуу хариуцлагыг цаг алдалгүй тооцох юм гэнэ. Өнгөрсөн долоо хоногт Сүхбаатар дүүргийн МАН-ынхан зодолдож, нэгэн эмэгтэйг гэмтээсэнд хариуцлага ярьсан болов уу. Хариуцлагатай засаглалын жинхэнэ өнгө төрхийг Засгийн газар, Засаг дарга нар бий болгох ёстойг тэрээр цохон тэмдэглэн байж хэлэв. Тэгвэл баасан гарагт ажил тараад явахад цэнхэр байсан хаягаа даваа гарагт ирэхэд улаан өнгөтэй болгож солихын төлөө төсвийн хөрөнгө зарцуулдаг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлантай хатуухан үг сольж амжаа болов уу. Дүүргийнхээ хаягийг “АН-ын цэнхэр” байсныг “МАН-ын улаан” болгож солиход есөн сая төгрөг зарцуулсан тухай мэдээлэл ч тараад амжсан шүү М.Энхболд дарга аа.  
Хамгийн хачирхалтай нь парламентад есхөн суудалтай болсон АН-ынхан руу дайрсан үгс эрх баригч намын даргын амнаас нэг бус гараатахлаа. “Намаа төвхнүүлж чадахгүй байж, төрийг төвхнүүлэх гээд бүтэлгүйтэж буй зарим улс төрийн хүчний жишгээс бид ангид байх учиртай” гэдэг нь шинэчлэгдэх тухай асуудал МАН-д байх ёсгүй гэсэнтэй ялгаагүй сонсогдлоо. Намаа засаад төрөө засч чадах нь МАН-ынхан гэж хэллээ. 

Засгийн газрынхаа өргөн барьсан хуулийн төслүүдийг УИХ нь буцааж, заримыг нь шүүмжилж бүр болоогүй хоорондоо зөрчилдөх болсон. Засгийн газар УИХ-ынхаа барьцаанд орсон тухай УИХ-ын гишүүдээс эхлээд эрх баригч намынхан өөрсдөө ил тод ярьж буй. Парламентын спикер, МАН-ын даргад даанч энэ нь харагдахгүй, нүднийх нь хажуугаар өнгөрдөг бололтой. Эдийн засгийн цөөнгүй шийдвэр Засгийн газраас УИХ-д ирээд буцаан татагдсан жишээ хэд хэд бий. Нэгэнт олонхи учраас Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, Сонгуулийн хууль Төрийн албаны тухай хуулийг өөрчлөхөө М.Энхболд дарга хэллээ. Энэ бүхэнд нь намынхнаа олон таван үггүйгээр зүгээр л чуулганы кнопоо дар гэх өнгө аяс бүхий үг ч дуулдав. Тэрээр “Манай намаас УИХ-д сонгогдсон эрхэм гишүүд улс орны хөгжлийн асуудалд өөрийн мэргэшсэн чиглэлээр идэвхийлэн оролцож, хамтын оюун ухаанаар бодлогын шийдэл гаргахад хүчин чармайлт тавих хэрэгтэй бөгөөд зоргоороо ярьдаг, дуртайгаа хийдэг, хувь улстөрчийн ганцаарчилсан тоглолтод цаг заваа илүү зарцуулдаг байж таарахгүй” гэсэн.

Сангийн сайд Б.Чой­жилсүрэн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь нарыг огцруулах асуудал саяхан УИХ дахь МАН-ын бүлэгт яригдсан мэдээлэл гарсан. Тэгвэл намын дарга нь Засгийн газраа тогтвортой ажиллуулна шүү гээд сануулаад авна билээ. Засгийн газраа тэгэхдээ хариуцлагатай байж, сонгуулийн амлалт, үйл ажиллагааны хөтөлбөрөө биелүүлэхээр үр дүнтэй ажиллах цаг болсон хэмээн анхааруулав. Засгийн газрын зөвийг дэмжиж, бурууд хатуу хандах намын бодлоготой гэсэн үгс ар араас нь урсгасан. “Би та нарт сайн санаж явсан, муу санаж бас чадна шүү” гэдэг Итгэлт баяны үгийг санагдуулах аж. 
 
Бүх шатанд олуулаа болсныхоо хэргийг гаргая гэж ямар утгаар нь уриалсан юм бол. Төрийн ажил ч яахав, намаа бодохгүй байж болохгүйг хатуу сануулсан нь олуулаа болоод төрд гарсных нь хэрэг юм болов уу. “Төрд ажиллаж байгаа улс төрийн зүтгэлтнүүдийн төрийн ажил үүргээс гаднах хоёр дахь чухал үүрэг бол намын нэр хүндийг байнга өргөж байх явдал юм. УИХ-ын 65 гишүүнээс эхлээд Засгийн газрын бүх гишүүн, дэд сайд нар, бүх түвшний ИТХ-ын төлөөлөгчид, Засаг дарга нар намын ажлын тодорхой үүргийг өөртөө хүлээх ёстой. Та бүхэн намаас үүрэг даалгавар өгөхийг хүлээлгүйгээр өөрсдөө санаачлан үйл ажиллагааныхаа чиглэлийг гаргаж, намын Ерөнхий нарийн бичгийн дарга болон намын зохих түвшний дарга нарт амлалтаа бичгээр гаргаж өгч, улмаар амласан амлалтаа хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллах ёстой” гэв. Дээрх албан тушаалд очсон хүмүүстэй МАН-ын Удирдах зөвлөл тус бүрчлэн гэрээ байгуулах юм байх. Намын бүх шатны сонгуульт ажилтны цалин хөлс, нийгмийн асуудлыг шийднэ. 2017 он Ерөнхийлөгчийн сонгууль, 2020 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрийн судалгааг цаг алдалгүй эхлүүлэх даалгавар өгөв. АН-ын Их хурлаас Ерөнхийлөгчийн болон 2020 оны сонгуульдаа бэлтгэхээ зарласнаас үүдэж МАН-ынхан сандралдаж эхлэв бололтой.

“Хариуцлагатай нам байх болноо” гэж МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд амлалт өгсөн. “Хариуцлагатай” намын даргын улс төрийн илтгэл харин эрх баригч бус сөрөг хүчнийхний үг шиг ядмаг сонсогдох нь юуных вэ. М.Энхболд даргын сэтгэл шингэсэн үг харамсалтай нь чихэнд нэг л наалдаж өгсөнгүй ээ.
Жич: МАН-ын албан ёсны сайтад анх тавигдсан илтгэл хэдэн цагийн дараа өөрчлөгдөж, хасагдсан байсан юм. Бид Бага хурал эхлээд удалгүй сайтад нийтлэгдсэн илтгэлээс иш татлаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан