Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өдрийг нь “сонгосон” айлчлал

Б.БАДРАЛ

Манай улсын “аймаар” том албан тушаалтан хойд хөршид айлчилж байна. Хоёр улсын төрийн өндөр албан тушаалтнууд уулзах нь зүй ёсны хэрэг. Тийм ч байх ёстой. Гэхдээ яагаад ийм үеийг сонгож байгаа нь хачирхалтай. Ядаж л нөхөр В.Путинийг улсдаа байхад нь айлчлаад уулзаж ярилцаад зээл энэ тэр гэж ярьж болмоор. Гэтэл ОХУ-ын бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр Путин арванхоёрдугаар сарын 15-нд Японд айлчилна гэж мэдэгдсээр байтал албаар ингэж зохицуулна гэдэг “хосгүй” авьяас. Путиний айлчлалд бүгд анхаарч байх зуур хоёр гурван тун эмзэг асуудлыг хэлэлцээд авъя гэж бодсон байж болох гэж эерүүлж хардах уу. 

Манай улсын эрх баригч нам уламжлал ёсоор Оростой, бүр тодруулбал Зөвлөлттэй найрсаг харилцаатай байж болно. Ер нь байсан, цаашдаа ч байх биз. Гэхдээ нэг онцлог байна. Энэхүү айлчлалд хоёр тайлбар байна. Нэг нь “БНХАУ-гүйгээр яаж амьдрах вэ” нөгөөх нь “БНХАУ-тай яаж буцаад найрамдах вэ”.

Хууль тогтоох байгууллагын “босс” айлчилж, өөртэйгээ адил зиндаатай хүнтэй уулзана гэдэг хоёр орны хүмүүсийнхээ бизнесийг илүү ашигтай болгох зорилгоор хоёр улсын хууль ба эрх зүйн бүх актуудын нэг болгох гэсэн ганц л зорилготой байдаг. Албан ёсоор гэдгийг онцлох хэрэгтэй. Хөрш орны банкнаас зээл авах эрх зүйн үндэс гээд олон зүйл хэлэлцэх нь ойлгомжтой. 

Гэхдээ манай өр онцгой, АНУ-ын тэргүүн солигдсон учраас Олон улсын валютын сан гэх мэт байгууллагуудын удирдлагууд ба хэрэгжүүлэх ёстой бодлого гээд бүх зүйл өөрчлөгдөнө гэдгийг ядаж тооцсон баймаар. Манайхан буруу тооцоод байна гэж хэлмээр. Трампыг Тайваньтай холбоотой ганц хоёр мэдэгдэл хийсэн төдийгөөр БНХАУ-ыг шууд “наах” шаардлага байсан эсэхийг бурхан л мэдэх байх. Далай ламыг урьсан явдлыг үүнээс өөрөөр тайлбарлах үнэндээ боломжгүй. Трампыг албан ёсоор Ерөнхийлөгч болохоос өмнө хийсэн мэдэгдлийн дагуу яваад байвал Трамп албаа хүлээж авсны дараа ямар байр суурь баримталж, мэдэгдэл хийхийг хэн ч мэдэхгүйд хэргийн учир байна.

БНХАУ-ын санал бодлыг ил тод эсэргүүцэн байж Далай ламыг урилаа гээд Трамп Монголын Элчин сайдын хүлээн авч уулзаагүй тул манайхан эргээд Хятадтай харилцаагаа сэргээх гэсэн хүндхэн асуудалтай тулгарсан. Өнгөрсөн аравдугаар сард БНХАУ-д Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболд айлчлахдаа 4 тэрбум ам.долларын зээл хүссэн, удахгүй шийдэгдэнэ гэж ирсэнсэн. Гэтэл одоо урд хөрштэйгээр харилцаагаа  яаж сэргээх вэ гэдэг томоос том асуултын тэмдэгтэй учраад байдаг.  Уг нь хагас жил, жилийн дараа харилцаа аяндаа эргээд сэргээд эхэлдэг. Гэтэл манай эдийн засгийн байдал тун таагүй байгаа тул жил бүү хэл хагас жил хүлээж дийлэхгүй. Энд оросууд манай хоёр улсын хооронд зуучилж өгөөд давуу талтай болох боломжтой.

Дээр нь “домогт” Эгийн голын УЦС-ын асуудал тойрсон хууль зүйн актууд батлахтай холбоотой таагүй зүйл болох гээд байгаа нь ойлгомжтой. Манай улсын ирээдүйн хувьд амин чухал энэхүү УЦС ухвар мөчид явуулгын золиос битгий болчихоосой гэж найдах л үлдээд байх шиг. Нөгөө “Урт нэртэй” хуулийн заалтыг УЦС хүртэл сунгаад бүх асуудлыг шийдэж таарах байх. Хууль тогтоох байгууллагын тэргүүн айлчилж байгаа тул шийдвэр нэн даруй гарахгүй, эхлээд Монголын экологийн төлөө гэсэн элдэв хууль батлаад дараа нь Засгийн газар тэр бүх хуулийн дагуу шийдвэр гаргаад таарах биз гэсэн таамаг бий. Манай улс асар том УЦС барих тавилангүй юм байна гээд бид харамсаад үлдэх нь үү.
“Сибирийн хүч” гэж нэрлэгдсэн 400 тэрбум ам.долларын өртөгтэй төслийг хэрэгжүүлээд эхэлсэн байхад манай улсад байгаа “тав гурав” гэж тоологдох ам.долларын элдэв төсөл жижиг асуудал. Гуйлга гуйгаад очиж байгаа манайд нөхдүүдэд тэгэхээр ямар зөвлөгөө өгөх нь тодорхой бус уу. Явж явж цахилгааны үнийг зургаан сарын хугацаатай хямдрууллаа гэсэн шийдвэрт хүрч, түүнээ дэлхийн талыг эзэлсэн мэт зарлаад дуусах л байх даа.

Манай улсад ирээд буцсан ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донскойг айлчлалд явахынхаа өмнө спикер М.Энхболд хүлээн авч уулзан Улаанбаатар төмөр замын талаар ярилцаж. Хоёр орны хамтын ажиллагааны цорын ганц байгууллагын үр ашгийг нэмэгдүүлэх, техникийн хүчин чадлыг сайжруулах, Ази-Европыг холбосон дамжин өнгөрүүлэх тээврийн боломжийг сайтар ашиглах нь чухал гэж хэдэн жилийн турш айлчлал бүрээр хөндөгддөг асуудлыг манай талаас сөхсөн байна. Салбарын сайд нь биш ч Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралд оролцсоны хувьд хэлсэн байх. Хойд хөршид айлчлахдаа “Единая Россия” намын удирдлагуудтай уулзах юм гэсэн. Хятадад айлчлахдаа Коммунист намын түвшинд уулзалт хийсэн гэдэг. Орост ч бас энэ арга барилаараа ажиллах бололтой. Гэхдээ хэр үр дүнтэй уулзалтууд айлчлалаар болохыг урьдчилж хэлэх аргагүй. Хэчнээн уулзаж ярилцаад гар барилцаад салдаг ч Хятадтай үүсгэсэн асуудал шиг бэрхшээл тохиолдохгүй гэх газаргүй.

АЛБАН МЭДЭЭ

УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-д хийх
айлчлалаа эхлүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Оросын Холбооны улс, Арабын Нэгдсэн Эмират улс, Саудын Арабын Вант улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас мордлоо.
 УИХ-ын дарга М.Энхболд энэ сарын 14-16-нд ОХУ-д хийх айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн дарга Валентина Ивановна Матвиенко, Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володин, Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга Владимир Абдуалиевич Васильев нартай тус тус уулзана. Энэ үеэр Монгол Улсын Хөгжлийн банк, ОХУ-ын Хадгаламж банкны хооронд хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцож, Москвагийн эрчим хүчний их сургуульд зочлох юм.
 УИХ-ын даргын ОХУ-д хийх албан ёсны айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Г.Мөнхцэцэг, Б.Наранхүү, О.Содбилэг, Г.Тэмүүлэн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд П.Ганхүү нар багтсан байна.
 Арванхоёрдугаар сарын 16-18-нд Арабын Нэгдсэн Эмират Улсад, 18-20-нд Саудын Арабын Вант улсад тус тус албан ёсны айлчлал хийх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан