Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шинэчлэлийн бодлогоо хамтдаа хэрэгжүүлэхээр боллоо

Л.НОМИН


Ардчилсан намын даргын сонгуульд өрсөлдөж буй таван нэр дэвшигч үнэмлэхээ гардаж авлаа. Нэр дэвшигчид бүртгүүлэхдээ АН-ыг хэрхэн шинэчлэх мөрийн хөтөлбөрөө хүргүүлж, энэ нь нийтэд ил болж байгаа юм. Намын даргын төлөөх сонгууль ч гэлээ нэр дэвшсэн таван хүний хамтын ажиллагааны эхлэл гэж тэд хүлээн зөвшөөрч бай­гаа. Сонгуулийн санал ху­раалтаар олон санал авч ялсан л бол шийдвэрийг хүлээн зөв­шөөрч, шинэчлэлийн бод­­ло­­гуудаа нэгтгэн нэг хө­төл­­бөр гаргаж, түүнийхээ да­­­гуу АН-ын шинэчлэлийг хийх юм. Харин хэн нэг нь ган­­цаарчилсан “тоглолт” хийх­гүй. Бүгд хамтдаа орон ну­таг, нийслэлийн дүүргүүдэд ажил­лаж, АН-ын гишүүдтэйгээ уулзана.

АН-ын даргын сонгуульд өрсөлдөхөөр үнэмлэхээ гардаж авсан С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Л.Гантөмөр, Ж.Батзандан, Н.Алтанхуяг нар АН-ын даргын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан. Энэхүү гэрээнд Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг мөрдөх, АН-ын үндсэн дүрэм, журмыг дээдлэх, намын даргын сонгуулийн журмыг баримтлах, ил тод, шударга ёсыг дээдэлж, эв нэгдлийг хангах, зөвшөөрөгдсөн хэлбэрээр сурталчилгаа явуулах, бусад нэр дэвшигчдийн эсрэг сөрөг сурталчилгаа явуулахгүй, ялалт байгуулсан нэр дэвшигчийг хүлээн зөвшөөрч, хамтран ажиллах, АН-ын шинэчлэлийн бодлогод бусад нэр дэвшигчийн хөтөлбөрийг тусгаж ажиллах гэсэн 10 заалт тусгажээ.

Ингээд цаашдаа эв нэгдэлтэй байхыг билгэдэж Алунгоо эхийн сургаальд өгүүлдэг багцалсан таван сумыг АН-ын дарга З.Энхболд нэр дэвшигч тус бүрт нь атгуулсан юм. 2016 оны арванхоёрдугаар сарын 22-нд эхэлж байгаа АН-ын даргын сонгууль 2017 оны нэгдүгээр сарын 29-нд дуусч, он дамжих нь. Үүний дараа 2017 оны хоёрдугаар сарын 12-нд VII Их хурлаа хийхээр товлосон.  
    

АН-ын дарга З.Энхболд: Ялсан хүндээ амжилт хүсээд хамтран ажиллах нь энгийн бөгөөд үндсэн дүрэм шүү

Нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулах ёслолын эхэнд АН-ын дарга З.Энхболд дараахь зүйлийг хэлэв.
Ардчилсан намын VI их хурлаар үндсэн дүрмэндээ хийсэн хэдхэн өөрчлөлтөөр даргаа бүх гишүүнийхээ саналаар сонгохоор болсон. АН аливаад анхдагч байсаар ирсэн. Монголын улс төрийн намуудаас бүх гишүүнээсээ даргаа сонгодог анхдагч нь болж байна. Цаашид бусад нам энэ жишгээр явж, шинэчлэгдээсэй гэж үзэж байгаа. Гишүүдээрээ хэлэлцүүлж, батлуулсан дүрмээ удирдлагууд нь дагаж мөрддөг байх нь шинэлэг юм. Даргад нэр дэвшигч сунгааны журмыг хүлээн зөвшөөрөх учиртай. Журмын дагуу бүртгүүлж чадаагүй хүмүүс байгаа. Хэн нэг гишүүнийг насаар нь, намд байсан хугацаагаар нь ялгасангүй. Дүрмийн энэ өөрчлөлт 180 мянган гишүүнд нээлттэй байсан.

Нэр дэвшихэд ямар нэг босго тавиагүй боловч өрсөлдөхөөр болсон таван хүн ард түмнээсээ итгэл хүлээж УИХ-ын гишүүн болоод сайдаар ажиллаж байсан, одоо ч зарим нь УИХ-ын гишүүн. Энэ нь ямар нэг зүйл хэлээд байгаа юм. АН-ын сонгуулийн хороо бүх ажлыг хариуцаж хийнэ. Төрийн сонгууль зохион байгуулж, хоёр сая хүний саналыг авахад 10-15 тэрбум төгрөг болдог. Харин АН-ын даргын сонгуулийг 1,2 тэрбум төгрөгт багтааж хийхээр төлөв­лөжээ. Төв нам бол техни­кийн туслалцаа л үзүүлнэ. Сонгуультай холбоотой шийд­вэр гаргахад намын аль ч байгууллага оролцохгүй. Сонгуулийн хороо бүхнийг хариуцаад явна. 1996 онд намын даргын сунгаа амжилттай болсон. 2001 оны Ерөнхийлөгчийн сунгаа амжилтгүй болсон. Энэ хоёр алдаа оноотой сунгааны туршлагыг авах ёстой. Нэр дэвшигч таван хүний хэлсэн үг болгон АН-ын эв нэгдэлтэй холбоотой. Нэг зүгт харж чаддаг нам болж төлөвших юм бол 2020 оны сонгуулийн амжилт үүнээс эхэлнэ. Тиймээс хариуцлагатай байгаарай. Хэн нь ч ялж, ялагдсан намын даргад ялсан хүндээ амжилт хүсээд хамтран ажиллах нь хамгийн энгийн бөгөөд үндсэн дүрэм шүү. Та бүхнийг үүнийгээ дагаж мөрдөнө гэдэгт итгэж байна гээд нэр дэвшигчдэд амжилт хүслээ.


С.Эрдэнэ: Бид тав өрсөлдөгчид биш хамтран зүтгэгчид

АН-ын даргад нэр дэвшиж буй таван хүн байр сууриа илэрхийллээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга, АН-ын даргын сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнэ өөрийн бодлыг ийн хуваалцсан юм. Хамтын ажиллагааны гэ­рээнд гарын үсэг зурсан журмын нөхөддөө амжилт хүсье. Эрхэм нөхдөө өрсөлдөгч гэж харахгүй байгаа. Миний хамтран зүтгэг­чид гэж та бүхнийг харж байгаа. АН-ыг байгуулснаас хойш 26 жилд алдаа оноо, жаргал, зовлонг хамтдаа үүрч ирсэн нөхөдтэйгээ намын даргын сунгаанд оролцож байна. Энэ сонгуулийг бидний дотоодын өрсөлдөөн гэж битгий хараасай. Энэ бол бидний шинэчлэлийн төлөө оруулж байгаа хувь нэмэр, хамтын зүтгэл гэж хараасай. Тиймээс АН-ын мянга мянган гишүүн, ард иргэд энэ сонгуулийг өрсөлдөөн талаас нь биш намын шинэчлэлийн төлөөх бидний хамтын ажилла­гаа, хамтын зүтгэл гэж харж, бүгдэд нь тэгш, шударга хандаасай, холбогдох дүрэм, жур­мын хүрээнд шударга ажил­лаасай гэж хүсч байна. Журмын нөхөддөө, АН-ын сонгуулийн хороо, 330 сум, 152 хорооны АН-ын үүрт амжилт хүсье. Хэн нь ч ялсан байсан би АН-ын шинэчлэл, амжилт ялал­тын төлөө, эх орныхоо хөгж­лийн төлөө зүтгэх болно.  Ин­гээд АН-ын даргад нэр дэв­шигчдийн талаар мэээлэл хүргэе.


Содномзундуйн Эрдэнэ

УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ хамгийн эхэнд буюу 12 дугаар сарын 15-нд нэр дэвшихээр бүртгүүлсэн.
Ардчиллын төлөөх таван намыг нэгдэхэд С.Эрдэнэ Монголын Ардчилсан намын /МоАН/ дарга байж, зөвшилцлийн үйл явцад оролцож явсан нэгэн. Товчхондоо түүний намтрын нэлээд цаг хугацааг АН-ын түүх, үйл ажиллагаа эзэлдэг. МоАХ-ны даргаар дөрвөн жил, Нийслэлийн АН-ын даргаар зургаан жил ажиллаж, Баянгол дүүргийн АН-ын даргаар 16 жил ажиллаж буй.


Дондогдоржийн Эрдэнэбат

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат 12 дугаар сарын 16-ны 11:00 цагт АН-ын даргад өрсөлдөхөө илэрхийлж, бүртгүүлсэн. Түүнээс өмнө нэр дэвшин өрсөлдөх тухай ам нээгээгүй явсан тул сунгаанд оролцоно, оролцохгүй гэсэн янз бүрийн мэдээлэл гарсан. 2016 оны УИХ-ын сонгуулийн дараанаас АН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэн сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд намаа удирдан оролцсон билээ. АН-ын VI Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийг ахалж, хариуцан ажилласан юм. Д.Эрдэнэбат 2008-2012 онд АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.


Норовын Алтанхуяг

Н.Алтанхуяг АН-ын даргад өрсөлдөгчдөөс хамгийн сүүлд буюу 12-р сарын 17-ны 15:20 цагт нэр дэвшихээр материалаа өгсөн. Тэрээр АН-ын үйл хэрэгт анхнаас нь зүтгэсэн хүмүүсийн нэг. Ардчиллын төлөө нэгдсэн намуудын нэг болох Социал демократ намын нарийн бичгийн дарга,  Сонгинохайрхан дүүргийн АН-ын дарга, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2008-2015 онд АН-ын даргаар ажиллаж байсан юм.


Жалбасүрэнгийн Батзандан

УИХ-ын гишүүн Ж.Батзандан АН-ын даргад нэр дэвшихээ 11 дүгээр сард мэдэгдэж байсан бол 12 дугаар сарын 17-ны 13:20 цагт бүртгүүлэв.
АН-д орохоос өмнө тэрээр Иргэний хөдөлгөөн байгуулж, түүнийгээ нам болгон жагсч байсан. Түүний АН-тай холбогдсон түүх 2008 оноос эхэлдэг. Үндэсний зөвлөлдөх хороо /ҮЗХ/-ны гишүүнээс өөр сонгуульт ажилд АН-д сонгогдож байгаагүй.


Лувсаннямын Гантөмөр

Даргын сунгаанд өрсөлдөхөө анх илэрхийлж байсан хүмүүсийн нэг бол Л.Гантөмөр. Тэрээр АН-ын даргад өрсөлдөхөө бүртгэлийн сүүлийн өдөр 12-р сарын 17-ны 11:30 цагт хүсэлтээ өгч, бүртгүүлсэн. АН-ыг хэрхэн шинэчлэх тухай хэлэлцүүлэг зохион байгуулж, фракцгүй болох уриалга гаргасан нь Л.Гантөмөр. “Нэг Ардчилал” фракцаа тарсныг мэдэгдэж, шинэчлэлийн талаархи өөрийнхөө төлөвлөгөөг намынхандаа танилцуулж, хэлэлцүүлэг хийж байв. Тэрээр АН-ын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан