Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Популизмаар өвч зэвсэглэсэн МАН-ын үнэн нүүр

Л.ЦЭРЭН-ОЧИР


МАН-ынхан төр засгийн эрхэнд гарах гэж мөн ч их хүссэн. “Их хүссэн хүнд төрийн  жолоог бүү атгуул” гэж хаан  Чингисийн сургаал байдаг.  Төрийн эрхэнд гарсны маргааш л хэлсэн үг, амласан амлалтаасаа МАН булзлаа.  “Сайхан хүүхэн хуримандаа” гэгчээр  100 хоногийн дотор л төр барьж чадахгүй юм байна гэдгээ МАН-ынхан ард түмэндээ  харуулав.

Төр засгийн эрхэнд тэрбумаас хол давсан хадгаламжтай хүмүүсийн бөөгнөрөл бий боллоо. Хамаатан садан, төрөл төрөгсөд, хань ижил гээд л жинхэнэ мөнгөний хүүдийнүүд эрх мэдэл авуутаа төрийн албыг төрлийн алба болгож, ёстой галзуурч, гаарч байгааг хүмүүс харж байна.  Ардчилсан намын “Шинэчлэлийн Засгийн газар”-ын өөдтэй өнгөтэй бүхнийг гоочилж, МАН засгийн эрхэнд гарвал  ард түмнээ жаргааж өгнө гэсэн нь ёстой зовлонгийн далайд живүүлж эхлэв. “Айлын сайныг нүүсэн хойно” нь гэгчээр адлаж муулаад байсан ч АН нь арай дээр байж дээ хэмээн ард  олны ой ухаанд орж байна.

Төрийн мөнгө, түмний хөрөнгөөр баяжсан “луйварчид” төрд гарч ирснийг саяхан АТГ-т өгсөн тэдний мэдүүлгээс харж болох.  Парламентын  суудлын  76-ын  65-ыг төрөөс төрсөн тэрбумтнууд  МАН-ын нэрээр  бүрэн эзэлжээ. МАН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө үеэ өнгөрөөсөн гэж үздэг боловч одоогийн нөхцөлд  Монголд ид  цэцэглэж эхэлсэн популизмыг ашигласан нь ийм л үр дүнд хүрчээ.  

Популизмыг ардчилсан төрийн зүтгэлтнүүд төдийгүй  авторитар, тоталитар дэглэмийн удирдагчид хүртэл хэрэглэж, хийж байсан түүхтэй. Муссолин, Гитлер нарын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө “Эдийн засгийг хямралаас хурдан гарах арга замыг зааж зарлах”, “Эд баялаг, эрх ямбыг эсэргүүцэх”, ”Нийгмийн шударга ёс, “Онцгой даалгавар” гэсэн уриа лозун дэвшүүлж, “Олон түмнийг идэх талхаар хангах”-аар  амлаж байлаа.  Эгэл борчуулын тархийг угааж өөрсдөдөө үг дуугүй татах аргыг хэрэглэсэн. “Тариачдыг мөнгө хүүлэгчдийн  боолчлолоос  аварч хамгаалах”, “Ажилчдыг ажлын тогтвортой байртай болгох”,  “Үйлдвэрийн ашиг хуваарилахад оролцуулах”,  “Жижиг хөрөнгөтнийг томчуулаас хамгаалах замаар эрүүл чийрэг дунд давхаргыг  бий болгох”-оор тусгасан нь олон түмнээс дэмжлэг авч чадсан нь популист амлалтын үр дүн байлаа.

Хүмүүсийн тархийг хэн сайн угааж чадна. Тийм улс төрийн нам, бүлэглэл фашизм байна уу, коммунизм байна уу, дарангуйлагч уу юу ч байсан төрийн эрхэнд гарч, гарсныхаа дараа амлалт, бодлогоосоо хэрхэн ухарч өөрчлөгддөгийг харуулдаг. Английн ажилчны “Чартийн хөдөлгөөн”, “Оросын тариач­ны жижиг хөрөнгөтний ардчилсан үзэлтнүүд буюу народникууд” , “Америкийн Ардчилсан нам”, “Бүгд найрамдах нам”-уудыг  хүчээ авахад популистуудын хөдөлгөөн тусалсан байдаг.
Популизмын үүсэл хөгжлийн түүхэн явцаас эргэн харахад  “Үндэслэлгүй хоосон амлалт өгөх” ,” Хуурамч сүржин уриа лозун дэвшүүлэх”,  “Хий хоосон хүлээлт бий болгох”,  “Амлалтаа биелүүлэхээс айж зугатаах”, “Тогтсон байр сууригүй хувирч холибордог,  үймээн самуун дэгдээж болох үндсэрхэг, үзэл бүхий хүмүүсийг ашиглах” ,” Олон түмнийг сэтгэлийг хөөрөлд автуулах”, “Ойлгомжгүй, ухамсарлагдаагүй бүтэшгүй үйлд хүмүүсийг түлхэх”,  “Олон түмний урмыг хугалах”,  “Төр засгийн газарт итгэх итгэлгүй болгох”,” Ирээдүйгээ сайн сайхнаар төсөөлөх ямар ч боломжгүй байлгах”-д  үйл ажиллагаа нь  оршдог байна.
Монгол дахь популистуудын гол төлөөлөл нь МАН, түүний удирдах төвшний нэр бүхий лидерүүд бусад  нам хүчний  зарим нөлөө бүхий улстөрчид  гэдэгт огт эргэлзэх зүйлгүй.  Тэдгээрийн үйл хөдлөл,  улс төрийн амлалт, хэрэгжүүлж байгаа бодлогоос энэ нь тодорхой харагдана.

МАН-ын мөрийн хөтөлбөрт “Төрөө хямралаас” ,”Түмнээ ядуурлаас” гэсэн уриа лозун нь  Гитлерийн үндэсний социализмын онолтой адил төсөөтэй ойлгогдоно. Тэрхүү ялалт дагуулсан амлалт биеллээ хэзээ ч олоогүй бөгөөд монголчууд бүхэлдээ хууртагдсан түүх үлдсэн. “МАН сонгуульд ялбал хүн бүрт 1,5 сая төгрөг бэлнээр олгоно” гэсэн амлалт түүхэнд  байгаа сонгодог популистуудын хоосон амлалттай алдаа мадаггүй таарч тохирч байгаа. “Эдийн засгийн хямрал” гэсэн мэдээ, мэдээлэл нь монголчуудад эдийн засаг сэргэхээргүй уналтад орж, гадаадынхан Монголоос гарч, бид олон улсад нэр нүүр хоёроо  барж байгаа мэт айдас, эргэлзээг нийгэмд  бий болгосноор парламентын сөрөг хүчин байхдаа МАН олон түмний зүгээс үнэлгээ авах гэсэн санаархалдаа хүрч  чаджээ.
МАН-ын популист худал мэдээ мэдээлэл үнэнд гүйцэгдэж, мөхөж хоцордог популист жам ёсны үйлээ дагаж, одоо мухардалд  оржээ. Төрийн бодлогыг хэрхэн дампууруулж байгааг монголчууд харцгааж байна. Нийгэмд дэг журам алдагдаж, хээл хахууль газар авч, валютын ханш өсч, төгрөгийн худалдан авах чадвар, үнэ цэнэ буурч ядуурал ихэсчээ.  Үүнтэй мөр зэрэгцэн гэмт хэргийн гаралт хүн ардад айдас хүйдэс төрүүлэхүйц байдалд хүрлээ. Ороо бусгаа өнөө цагт нийгмийн бухимдалд дөрөөлөн буруутан эзнийг эрж олох, ажилд  МАН-ын  популистуудын үйл хөдлөл бүхэлдээ улс орон даяар өрнөлөө. МАН сонгуульд бүтэшгүй  хоосон амлалт авснаа хэрэгжүүлэх боломжгүй гэдгээ зарлаж чадахгүй битүүрч, АН руу дайран давшилж, хэдэн сайд нар нь гар зөрүүлдэг болж байгаа нь бухимдлаа тайлах арга гэхээсээ илүү гэмт хэргийн шинжтэй ч гэж болох.
Одоо хүмүүс улс төрөөс залхах, хөндийрч холдох, мэдээ мэдээллийн үнэн бодит байдалд итгэх итгэл нь буурч, хоосон амлаж олныг төөрөгдүүлж байгаа популистуудын мөн чанарыг таньжээ.  Популистуудын илтгэх урлаг өрнөснөөр төрд итгэх иргэдийн итгэл алдарч, төрөөс улам бүр алслан холдож, улс төрийн үйл хэрэг, төрийн бодлогод оролцох олон түмний оролцоо буурч, төр засгийн  улс төрийн бодлого  популизмаар хэрвээ тодорхойлогдвол Монголд төрт ёс алдагдахад хүрэх маш ноцтой асуудал нүүрлэж болох талтай.

Популистуудад  улс эх орны эрх ашиг гэхээсээ илүү өөрсдөө нэр хүндтэй, төрд хэрэгтэй, ард түмний төлөө дуу хоолой болж байдаг улс төрийн шударга зүтгэлтэн болж харагдах нь чухал. Энэ бол Монголд оршин тогтнож амьдарч, идээшин дасч эхэлж  байгаа популизмын  үнэн дүр төрх. Эдийн засгийн хямралыг улс төрийн хийрхлээр даамжруулан улс орноо бусдад найр тавин өгөх аюултай алхамд шилжиж болзошгүй  түгшүүртэй болжээ. Ардчилсан хувьсгалын  анхдагчийн нэг Э.Бат-Үүл:  “... сүүлийн үед  М.Энхболд нарын зүгээс  гурван зууны тэртээх шиг “урвалтын“ үнэр ханхлах боллоо.  Энэ хүн  Монголыг гурав, дөрвөн тэрбум доллараар үнэлж, барьцаанд тавих гэж байгаа бололтой урд хөршид. ... Эдийн засгийн гадаад харилцаа нэг тулгууртай байхын аюулыг монголчууд мэднэ. Нэг тулгууртай эдийн засаг улсын бүрэн эрхт байдлыг шууд алдагдуулдгийг үзэхээрээ  нэг болсон үү шүү дээ” хэмээжээ. Монгол Улсын баатарын үг эх оронч ард түмэндээ үүнээс өөрөөр МАН-ынхны болзошгүй “урвалт”-ыг  яаж сэрэмжлүүлэх билээ. МАН сонгуулийн өмнө юу юу амлаж, хэрхэн улс төржиж байв. Ардчиллынханд санал бүртгэж ялалт олж ирдэг, МАН-д ялагдал  хүлээлгэдэг “Сонгуулийн хар машин”-ыг  шатааж устгах жагсаал цуглааныг өрнүүллээ. Давхар дээлтэй сайдуудын дээлийг тайлах цуглааныг Чингисийн талбайд зохион байгуулж  хийрхлээ.  “Төрийн байгууллагыг удирдаж байгаа хүмүүс ах дүү, хамаатан саднаа ажилд авахыг хориглоно”,” Бид эх орноо өрийн дарамтаас салгаж, эдийн засгийн хямралаас гаргаж чадах Мэргэжлийн Засгийн газар байгуулна”,” УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахыг хязгаарлана”, “Хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг олгоно”,” Цалинг жил бүр үе шаттай нэмэгдүүлнэ”,” Шинэ төрлийн татвар бий болгохгүй”,” Зээл авахгүй” гэсэн гоё гоё амлалтууд сонгуулийн  дараа бүгд үгүй  боллоо. 

Улс төрийн ууган хүчин гэж өөрсдийгөө бараг зуун жилээр бүхнийг дарангуйлж байсан коммунист угшлаа тал бүрээр дахин сэргээж, ардчиллынхантай  газар сайгүй улс төрийн тооцоо хийхээр өмнөхөө сөхөж  хариуцлага ярих “тактик” барьсан нь олны таашаалд хүрсэн ч үгүй. Харин  орон нутгийн сонгуулиар манай ард түмэн ухаан зааж,  МАН-д “муу” гэсэн дүнтэй  анхааруулга өгөөд орхичихлоо.  
0 Сэтгэгдэл
Ямар ард түмэн байна тийм төр засаг байна гэсэн үг ямар үнэн үг вэ МАНгар Монголчуудаа төгрөгийн ханш унаж цалин тэтгэвэр чинь хасагдчихаад байхад сүх далайтал үхэр амар гэдэг шиг үхэрмонгол царайлаад байгаад байх уу. Хятад Манжууд Монголчуудыг МАНГУУ гэж хочилдог нь ч үнэний хувьтай юм байна даа хахаха МАНгуунууд
Хамгийн их уншсан