Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Франц ба Английн намуудын даргын сунгаа дараагийн сонгуулийн өнгийг тодорхойлдог

Б.БАДРАЛ


Ардчилсан намын тэргүүний сунгаатай холбоотой маргаан мэтгэлцээн ид өрнөж байна. Гэтэл үнэндээ бид шинээр дугуй зохион бүтээх гээд үзээд байгаа бололтой гэж гаднаас харж болох. Ардчилал өндөр хөгжсөн Их Британи, Франц зэрэг улсад явагддаг намын тэргүүнийг сонгох сунгааны жишээг харахад олон зүйл ойлгомжтой болно.

Эдгээрээс заавал намын гишүүн гэлтгүй дэмжигч гэж өөрийгөө хэлдэг хэнбугай ч энэхүү сунгаанд оролцон намын даргыг тодорхойлох, Ерөнхийлөгчийн болон парламентын сонгуульд намаа удирдан авч явах хүнийг тодруулах амаргүй арга хэмжээнд шууд оролцдог. Ингэхдээ зүгээр нэг оролцдоггүй, оролцсоныхоо төлөө намын дэмжигч ба гишүүд нь заавал мөнгө төлдөг байх юм. Тухайлбал, хэдхэн долоо хоногийн өмнө Францад болж дууссан сөрөг хүчний Бүгд найрамдах намын удирдлагыг сонгох, өөрөөр хэлбэл дараа жил явагдах Ерөнхийлөгчийн сонгуульд намаа төлөөлөн өрсөлдөх хүнийг тодруулах сунгаа улс даяар шууд явагдаж, тус намын гишүүд ба дэмжигчид өргөнөөр оролцжээ. Энэхүү сунгаанд оролцон саналаа өгөхийн тулд Бүгд найрамдах намын дэмжигч, гишүүн бүр намын дансанд хоёр евро төлөх ёстой юм. Францын Бүгд найрамдах намын сунгаа хоёр үе шаттай явсан бөгөөд түүнд ойролцоогоор сая гаруй идэвхтэй дэмжигч оролцон саналаа өгчээ. Ингэснээр тус намын дэмжигчид экс Ерөнхий сайд Франсуа Фийоныг дараа жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд намаа төлөөлөн оролцох ёстой гэж үзжээ. Энэхүү сонгуулийг явуулахад Бүгд найрамдах намаас ойролцоогоор 4-5 сая евро зарцуулсан бөгөөд сонгогчдын төлсөн хоёр сая гаруй еврогоор энэ зардлын дийлэнхийг барагдуулахаар болжээ. Хэрэв мөнгө үлдвэл дараа жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны кампанит ажилд зарцуулна гэв. Энэ удаагийн сунгаа нь Франц улс даяар явж байгаа, намын харьяалал, гишүүнчлэлээс үл хамаараад Францын иргэн бүр оролцох боломжтой байсан гэдгээрээ онцлог болж өнгөрөв.

Францын Бүгд найрамдах нам консерватив үзэлтэй тул дийлэнх дэмжигч нь 35 ба түүнээс дээш насны дундаж давхаргад багтсан хүмүүс байдаг. Ийм хүмүүст дэмждэг намынхаа сунгаанд оролцон хоёр евро төлөх нь манайхны хувьд Ардчилсан намыг дэмжигч 5 мянган төгрөг төлж байгаатай адил. Ингэснээр дараа жил сонгууль болоход намын дэмжигчдийн ирц өндөр байх баталгааг сунгаагаар давхар авч байгаа гэдгийг онцлох хэрэгтэй.

Их Британид гэхэд Лейборист намынхан 2016 оны Лондон хотын мэрийн төлөөх сонгуульд оролцохдоо өөрийн намын дэмжигчдийн дунд сунгаа явуулсан байдаг. Ингэхдээ намын гишүүн бус эсвэл үйлдвэрчний эвлэлийн гишүүн бус дэмжигч байвал сунгаанд оролцон саналаа өгөхдөө тус намын дансанд гурван фунт төлөх онцлогтой байсан. Энэхүү сунгаанд олонхийн саналыг авсан Лейборист намын нэр дэвшигч нь эцсийн дүнд сонгуулиар ялж, Лондон хотын түүхэн дэх хамгийн анхны лалын шашинт мэрээр тодорсон гэдэг нэгийг өгүүлэх байх.
Их Британийн Консерватив нам өөрийн дэмжигчдийн дунд мөн адил сунгаа явуулдаг. Гэхдээ өрсөлдөгч Лейборист намаас ялгаатай нь тэдний сунгаа хоёр үе шаттай.

Ардчиллын олон жилийн түүхтэй Их Британи, Франц, АНУ гэлтгүй Өмнөд Америкийн орнуудад ч сунгаа заавал байх ёстой гэж хуульчлан заагдсан байдаг. Тухайлбал, Аргентинд ямар намаас нэр дэвшиж байгаагаа үл хамаараад бүгд урьдчилсан бүх нийтийн сунгаанд оролцсон байх ёстой. Тэгээд ч сунгаа явуулах олон янзын хувилбар байна. Тухайлбал, АНУ-д гэхэд хүн амын тоо, аж үйлдвэрлэл хөгжсөн байдал гэх мэт шалтгааны улмаас муж улс болгон өөрийн онцлогт тохирсон сунгааны хуультай байх жишээтэй. Ингэснээр муж болгон бусдын аяыг харалгүй өөрийн онцлогт тохирсон праймериз явуулах боломжтой болж байгаа юм. Манай улсын хувьд ч энэ туршлагыг судалж үзэхэд илүүдэхгүй баймаар. Тухайлбал, манай улсын хүн амын бараг 50 хувь нь амьдарч байгаа Улаанбаатар бүхэлдээ эсвэл дүүрэг тус бүр Ардчилсан намын сунгааны тухай тусгай тохиролцоог батлан хэрэгжүүлэхэд онц буруудах юмгүй мэт.

Сонгуулиас дутахаар­гүйгээр олны анхаарлыг татаж байдаг сунгаа нь сонгогчдын идэвхийг нэмэгдүүлэх, хариуцлагыг ухамсарлуулах гэсэн онцгой давуу талтай. Иймд дийлэнх тохиолдолд сунгаа хэдий чинээ өрсөлдөөнтэй хатуу, ширүүн бөгөөд шударга болж өнгөрнө намын ялсан нэр дэвшигч нь улс эсвэл аймаг, эсвэл хотын хэмжээний сонгуульд гол төлөв ялагч болдог онцлогтой.

Намаас нэр дэвшигчид сонгогчдын саналыг худалдан авдаг тухай яриа тасрахгүй байгаа энэ нөхцөлд  сунгаанд оролцсон жирийн иргэд намын дансанд цэвэр бэлгэдлийн шинжтэй бага ч гэлээ мөнгө төлдөг явдал намын дотоод ардчиллыг хөгжүүлэхэд асар чухал үүрэг гүйцэтгэж байгааг судлаачид онцолж буй.

Нам хэн нэгэн тэрбумтан эсвэл бүлэг баян хүмүүсийн хэтэвчнээс хамааралгүй байгаагийн хамгийн тод илрэл нь жирийн дэмжигчид сунгаанд оролцохдоо төлдөг мөнгө болж өгдөг. Энэ мөнгөөр сунгааны зардлыг нөхөөд зогсохгүй цаашид Ерөнхийлөгч эсвэл хотын дарга гэх мэт том сонгуулийн сурталчилгаанд ашиглах боломж олгодог. Тэр бүх мөнгийг олон мянган эгэл жирийн дэмжигч, гишүүд өгч байгаа тул аль нэг мөнгөтэй хүмүүсийн нөлөө, дарамтаар шийдвэр гаргаж байна гэх хардлагыг үгүй болгосноор намын нэр хүнд, рейтингт маш эерэг нөлөө үзүүлдэг болохыг дэлхийн олон орны праймеризийн туршлага харуулж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан