Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Намын шинэчлэлийн талаар хэн юу хэлэв

З.Энхболд: Өнөөдөр манай нийгмийн бүх шатанд шударга ёсны хэмжүүр алдагдчихаад байна. Тиймээс аль ч намын хамаагүй, улстөрчид эрх мэдэлтэй хүмүүс энэ бүхэнд цэг тавихын тулд зөв гарц, гаргалгааг олохын төлөө алхам хийх хэрэгтэй. Системийн өөрчлөлтийг зоригтой хийх ёстой. Хэнээс ч асуулгүй өөрчлөлт хийх эрх боломж нь МАН-д өнөөдөр бий. Хүмүүс өөрчлөлт шинэчлэлтийг нэг л өдөр хийчих юм шиг, төрд байгаа хүмүүсийг авч хаяад л сайхан болчих юм шиг ярьдаг. Гэтэл үгүй юм. Ийм замаар явах гээд бүтэлгүйтсэн туршлага олон бий. Бид 1990 онд хувьсгал хийсэн. Одоо боловсон хүчний, оюуны, хамтран ажиллах ойлголцлын, хамтын ажиллагааны хувьсгал хийх цаг болжээ.
Үндсэн хуулийн өөрчлөлт хийх хэрэгтэй. Хүчтэй Ерөнхий сайдын засаглалтай болж, Монголын улс төрийг туйлдуулж байгаа субъектүүдийн албан тушаалын төлөөх зөрчил тэмцэл зогсоно. Манай намын ахмадуудын туршлага, дунд үеийнхний ачаа үүрэх чадвар, залуучуудын шинэлэг санаачилга нийлж байж үр дүнд хүрсэн шинэчлэл болно.


Д.Эрдэнэбат: 2017 он шинэчлэлийн жил байх болно. 2020 онд Монгол Улсад төрийн зөв бодлогын жишгийг бид эхлүүлнэ. Нам задарна, тарна гэсэн ойлголт байх ёсгүй. Фракцыг эрх ашгийн нэгдэл болгосон нь бидний алдаа байсан. Одоо эрх ашгийн бус бодлого нэгтэй фракц байх ёстой. Үүнийг шинэчлэл, дүрмийнхээ хүрээнд шийднэ.  Намын даргаа огцруулснаар, нэг хүн намаас гарснаар асуудал шийдэгддэг байсан бол бид өнөөдөр маш их асуудал шийдчихсэн байх байлаа. Тиймээс бид урагшаа харж ажиллах ёстой. Намын шинэ даргаа сонгосны дараа бид шинэчлэлийнхээ процессыг шинэ даргынхаа манлайлал дор хийх ёстой.


П.Цагаан:
Ардчилсан нам дорвитой шинэчлэгдэхгүй бол Монгол Улсын эрх ашигт ч хор хөнөөлтэй. Үүнийг тэр хүмүүс ойлгох хэрэгтэй. Ардчилсан нам одоо л эрс шинэлэгдэж, хүчтэй болохгүй бол Монгол Улс нэг намын дарангуйлал руу халтирч орохоор эрсдэлтэй болж байна.


Д.Ганбат:  Ардчилсан намын шинэчлэл нийт ард түмний нийгмийн захиалга боллоо. Эрх баригчид хагас жилийн хугацаанд төрийн эрхийг барилаа. Тэд эрх барьж чадаж байна уу, үгүй юу гэдэг эргэлзээтэй болчихсон. Ийм цаг үед манай намын шинэчлэл амин чухал өөрчлөлт байх хэрэгтэй. Улирсан баларсан зүйлээсээ салж, хариуцлага хүлээж чаддаг Засгийн газраа дэмжсэн шиг дэмжчихдэг улс төрийн хүчнүүд бий болоход манай намын шинэчлэл тулгуур нь байх болно. Бид МАН-ынханд үлгэрлэх ёстой.


Р.Амаржаргал: УИХ, Орон нутгийн сонгуулиар Үндэсний зөвлөлдөх хороо нь автоматаар  шинэчлэгддэг байх хэрэгтэй. Намын даргын сонгууль бол намын дотоод ардчиллыг бэхжүүлэх үү, үгүй юу гэдгийг харуулж өгөх байх.




Л.Гантөмөр: Үзэл бодолдоо үнэнч нам болох ёстой. Энэ нь бодлогын нам байхыг хэлнэ. Алсын хараатай нам болох ёстой. Мөн гишүүдийн, олон нийтийн нам болох шаардлагатай. Ямар ч фракцгүй, нээлттэй нам болох хэрэгтэй. Иргэдээ сонсдог нам болох хэрэгтэй.










Д.Сосорбарам: Ардчилсан нам өнөөдөр цоо шинэ нам болох хэрэгтэй. 1996-2000 оны хооронд “Ардчилсан холбоо” эвсэл засаг барьж байхдаа гаалийн татварыг тэглэж, суурь үнийг чөлөөлж, Монголын эдийн засгийг “сэп” хийтэл босгоод ирсэн. Энэ том ололт байсан. Илүү олон ололт байгаа ч дурдах нь цагийн гарз. 1996-2000 он хүртэл Ардчилсан нам сайн ажилласан.
Цоо шинэ үзэл санаа, түүнийг дагасан зөв дүрэм, юу хийх нь тодорхой бичээстэй байдаг, түүнийгээ дагадаг болохгүй бол энэ нам шинэчлэгдэхгүй.


Г.Баярсайхан: Ардчилсан намыг газрын хөрснөөс арчаад хаячихаагүй цагт фракц байсаар л байх болно. Хамгийн гол нь фракцууд эрүүлээр бодлогын өрсөлдөөнд орох учиртай.







С.Эрдэнэ: Ардчилсан намын шинэчлэлийг янз янзын өнцгөөс харж, ярьж байна. Шинэчилнэ гэдэг үгийг хүн бүхэн ярьж байгаа. Харин яг яаж шинэчлэх юм бэ гэхээр онолын түвшинд, өөрчлөх ёстой асуудал дээр тогтож ярьж байгаа хүн цөөн байна. Миний харж байгаагаар намын шинэчлэлийн асуудал дээр заримтай нь санал нийлж байгаа. Заримтай нь огт санал нийлэхгүй байна. Зарим хүн “Супер лидер” гарч ирээд л энэ намыг өөрчилчих юм шиг санадаг. Мэдээж, хувь хүний үүрэг байна л даа. Гэхдээ намын бүтэц зохион байгуулалт, үзэл баримтлал, онол гээд маш олон зүйлийг бид иж бүрдлээр нь өөрчилж байж шинэчлэл хийгдэнэ. Улс төрийн 18 хүчин, эвсэл нэгдэж байж энэ Ардчилсан нам боссон түүхтэй, онцлогтой. Энэ олон эвслийг нэгтгэж нэг нам болгоно гэдэг бол амар зүйл биш. Одоо бид төлөвшлөө юун түрүүнд зөв тогтоох хэрэгтэй байна.


Л.Болд:
Хэн намын дарга болох нь чухал биш, юуг хэрэгжүүлж чадах нь үнэтэй. Жинхэнэ зөв бүтэцтэй, намын дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг фракц харин ч улс төрийн хүчний эрүүл төлөвшил, зөв хөгжилд нэмэртэй байх ёстой.












Х.Баттулга: Ганц Ардчилсан нам гэлтгүй Монгол Улс шинэчлэгдэх болсон. 1990 оноос өмнө бид нэг улсаас хараат байсан бол 1990 оноос хойш урд хөршөөсөө хараат болж өөрчлөгдсөн байна. Тусгаар тогтносон улсын чадамж алга. Эдийн засгийн бүх л шийдвэр нь урд хөршөөс хамааралтай болсныг дүгнэж ярих цаг нь болсон.
Намын даргаа бүх гишүүдээсээ сонгодог байх нь зөв. Ардчилсан нам анх таван нам нэгдэж байгуулагдсан. Анх байгуулагдсан, аль намаас орж ирсэн үндэс сууриа яриад байдаг учраас фракцгүй болно гэдэг хэцүү.






Я.Санжмятав: Хоорондоо зөвшилцөж, дотроо учраа олж, нэгдсэн зохион байгуулалтад орж чадвал ард түмэн биднээс нүүр буруулсан юм огтхон ч байхгүй. Харин ч түрлэг нь манай нам руу чиглэчихсэн байна. Би фракцийг үгүйсгэдэггүй. Аль ч хамт олны дунд сэтгэл санаа нийлдэг, яриа хөөрөө өрнүүлдэг, хааяа сайхан уулзаж, амьдрал ахуйгаа хөөрөлддөг, хүмүүсийн нэгдэл байдаг.  


М.Батчимэг:
Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшил, хүмүүнлэг иргэний  ардчилсан нийгмийг төлөвшүүлэхэд улс төрийн намын гүйцэтгэх үүргийг чухалчилж, намынхаа шинэчлэлийг дэмжих үүднээс фракцийн эрх ашгаас ангид байж, Ардчилсан намын туган дор хамтран ажиллахыг уриалж байна.


Д.Ганхуяг: Хүн ч байсан, байгууллага ч байсан үргэлж шинэчлэгдэж байх хэрэгтэй. Тэр утгаараа байнга шинэчлэл явагдах учиртай. Тиймээс Ардчилсан намын шинэчлэл үргэлжилнэ.






Н.Алтанхуяг:
Ардчилсан нам бол Ардын намаас тохой өндөр шүү гэдгийг ард түмэн хэлдэг. Ардчилсан нам хийж чаддаг гэдгийг бүгд харсан. Цаашаа явахын тулд эхлээд юу болсныг мэдэх хэрэгтэй. Тэгэхгүй агаар тэнгэрийн тулалдаан хийгээд шинэчлэл урагшлахгүй шүү.




Ж.Батзандан:
Бид намаа шилэн нам болгох, Ардчилсан нам төрийн сонгуулийн болон дотоод сунгаагаа шударга явуулдаг тогтолцоог бий болгохыг зорьж байна. Монголын ардчилал болоод Ардчилсан нам хоёр нэг шугам дээр давхцах ёстой гэж боддог. Сүүлийн жилүүдэд Ардчилсан нам маань ардчилсан зарчмаасаа буюу үнэт зүйлээсээ хазайх тохиолдол цөөнгүй байлаа. Одоо харин Ардчилсан намыг өөрийнх нь үнэт зүйл, зарчим, үзэл бодол дээр эргүүлэн авч ирэх нь намын дүрмийн шинэчлэлийн зорилго зорилт байх болно.

 
Ц.Оюунгэрэл:
Хүний эрхийн зөрчил гарвал Ардчилсан нам дуугардаг, тэмцдэг, хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүйн тулд хууль эрх зүйн шинэчлэлийг зоригтой хийдэг байх ёстой. Энэ үнэт зүйлдээ илүү тууштай эргэж ирэх хэрэгтэй.Тархиа байнга ажиллуулдаг нам байна. Тэр тархи нь ямар байх вэ гэхээр бодлого боловсруулдаг, сургалт зохион байгуулдаг гишүүдээ байнга сургаж, үнэт зүйлээрээ цэнэглэгддэг, чадварыг бий болгоно.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан