
Л.НОМИН
Ардчилсан намын даргын сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүн гараад байна. 20 аймаг, нийслэлийн 8 дүүргийн саналыг урьдчилсан байдлаар гаргахад нэр дэвшигч С.Эрдэнэ хамгийн олон санал авчээ. С.Эрдэнэ 2714, Н.Алтанхуяг 1640, Л.Гантөмөр 1279, Ж.Батзандан 1012, Д.Эрдэнэбат 801 оноо тус тус авсан гэж тооцож байна. Төв аймаг, Сонгинохайрхан дүүргийн дүн эцсийн байдлаар ирээгүй аж. Гэхдээ энэ нь дүнд нөлөөлөх хэмжээний өндөр оноо гарахгүй.
Тухайн аймаг, дүүрэг УИХ-д хэдэн мандаттай байгаагаас хамааран оноогоо тооцсон байна. Тухайлбал, гурван мандаттай бол 300, хоёр мандаттай бол 200 гэж үзэн улсын хэмжээнд 8650 оноо болж байгаа юм. Говьсүмбэр аймаг 100, дүүргүүдээс Багахангай 50, Багануур, Налайх 100, Баянзүрх, Сонгинохайрхан 600 бусад нь 400 оноо гэж үзжээ. Сонгуулийн ирц 70,7 хувь буюу хүчинтэйд тооцогдож, гишүүдийнхээ саналыг гараар тоолж дүнгээ гаргасан. Санал хураалтын эцсийн дүн мэдээг өнөөдөр 12 цагт Төрийн ордонд мэдээлэх юм байна.























