Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аж ахуйн нэгжүүд: Төр шаардлага биелүүлэхгүй бол татвараа төлөхгүй

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын удирдлагууд болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүдэд мэдэгдэл хүргүүлж байгаа  талаараа өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээллээ. 

ОУВС-гийн заавраар 2017 оны төсвийн тодотголд тусгагдсан татвар болон шимтгэлийг нэмэгдүүлэх гэж байгаад сэтгэл дундуур байгаагаа Танхимын Ерөнхийлөгч Б. Лхагважав, танхимын удирдлагууд, тэргүүлэгч, зөвлөлийн гишүүд болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл илэрхийлж байлаа.

Засгийн газраас татвар нэмэх саналыг УИХ-д өргөн барьж байгаад ихэд харамсаж байгаагаа бизнесийнхэн илэрхийлэв.
МҮХАҮТ болон бизнес эрхлэгчид нэр бүхий долоон төрлийн татварыг нэмэхгүйгээр төр зардлаа бууруулах замаар ачаагаа хөнгөлж болно гэж үзэж байна.

БИЗНЕС ЭРХЛЭГЧИД ДАРААХ ШААРДЛАГЫГ ТАВЬЖ БАЙНА

1.    Төсвийн зардлыг 2017 оны батлагдсан төсвөөс нэмэгдүүлэхгүй байх
2.    Төрийн захиргааны албан хаагчдын тоог 20 хувь, үйлчилгээний албан хаагчдын тоог 10 хувиар тус тус бууруулах
3.    Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байх
4.    Хувь хүний орлогын албан татварыг нэмэгдүүлэхгүй байх
5.    Тодорхой салбарт дэмжлэг үзүүлэх, зарим барааны үнэ тогтворжуулах нэрийн дор зах зээлийн зарчмаар тэгш, шударга өрсөлдөх боломжийг хааж буй татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг болиулах
6.    Онцгой албан татварын хэмжээг ам.долларын одоогийн ханшид шилжүүлэн тооцох
7.    Төсвөөс татаас авдаг, алдагдал өндөртэй төрийн төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг хувьчлах, татан буулгах асуудлыг яаралтай шийдвэрлэх
8.    Тэтгэврийн насыг үе шаттай нэмэх асуудалд тооцоо судалгаатай хандаж шийдвэрлэх

Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тодотголоор нийт зарлага ба цэвэр зээлийг батлагдсан түвшнээс 220,7 тэрбум төргөрөөр нэмсэн нь бизнес эрхлэгчдийг эгдүүцүүлж байна.

Төрийнхөн өөрсдийн тансаглалаа хумиагүй байж хувийн хэвшлийнхэнд дарамт шахалт үзүүлж байгаа нь туйлын буруу гэж тэд мэдэгдэв.
Төрийн алба гэж 183 мянган хүнтэй том албаны бүтэц, орон тоог 20 хувиар бууруулах, төрийн үйлчилгээний албан хаагчдын тоог 10 хувиар бууруулах, тэр дундаа удирдах албан тушаалтнууд, эвэртэн туурайтнуудаа цөөлөхийг бизнес эрхлэгчид шаардав.

Хэвлэлийн хурлын үеэр бизнесийн байгууллагын төлөөлөгчид үзэл бодлоо илэрхийлсэн юм.
Долоон төрлийн татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхийг ОУВС-аас шаардсан гэж байгаа нь үнэмшил багатай тайлбар гэж МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав тодотгосон юм.
Тэд зөвлөсөн байж болох ч шийдвэрийг Засгийн газар гаргаж байгаа болохоор дээрх алдаатай шийдвэрийг нь батлахгүй байхыг УИХ-ын гишүүдээс шаардаж байгаа юм байна.

Хэрэвзээ төрийн зүгээс хувийн хэвшлийн нуруун дээрх ачааг улам бүр нэмэх юм бол нийтээрээ эсэргүүцлээ илэрхийлж, татвар төлөхөөс татгалзана гэдгээ мэдэгдэв.

Гарц гаргалгааг нь тодорхой заачихсан шаардлагыг биелүүлэхгүй бол нийт хувийн хэвшлийнхэн энэ сараас эхлэн татвараа төлөхгүйгээр шийдээд байгаа гэнэ.

Дөрөвдүгээр сарын 10-нд төлөх ёстой НӨАТ, дөрөвдүгээр сарын 15-нд төлөх нэгдүгээр улирлын ААНОАТ, тавдугаар сард төлөх Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогыг нийтээрээ төлөхгүйгээр эсэргүүцэл илэрхийлнэ гэж хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан