Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН-ын УЗ хуралдаж М.Энхболд, Ц.Нямдорж нарын нэгийг сонгуульд нэр дэвшүүлэхээр шийдвэрлэжээ

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж дууссан байна. Уг хурлаар тун удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвших улстөрчийг тодруулах зорилготой байсан юм. Тэгвэл эх сурвалжуудын мэдээлж буйгаар дөнгөж саяхан өндөрлөсөн УЗ-ийн хурлаас урьдчилсан судалгаанд хамгийн өндөр рейтингтэй байсан УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Шадар сайд У.Хүрэлсүх нарын хэнийг нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх талаар ярилцсан байна. Ингээд УЗ-ийн гишүүд судалгаанд хамгийн их санал авсан УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нарын нэгийг нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Учир нь урьдчилсан судалгааны дүнгээс гадна Ц.Нямдорж нь шударга үнэнийг ярьдаг гэж нийгмийн зүгээс нэлээд том дэмжлэгийг авдаг юм. Харин МАН-ын дарга М.Энхболд нь өнгөрсөн сонгуулиудад намаа амжилттай удирдаж удаа дараалсан ялалт байгуулсан гэдэг утгаараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй гэгдэж байгаа юм. Одоо дээрх хоёр улстөрчийн хэн нь нэр дэвшихийг маргааш хуралдаж эхлэх Бага хурлаас шийдвэрлэх юм. Тэгвэл АН-ын хувьд өнөөдөр нэр дэвших хүсэлтэй байгаа гишүүд нь дотоод өрсөлдөөндөө оролцохоор бүртгүүлсэн билээ. Тодруулбал, Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэхээр Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, Гадаад харилцааны сайд асан Л.Болд, УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар албан ёсоор бүртгүүлсэн байна. Бүртгүүлсэн эрхмүүдийг энэ сарын 6-нд буюу бямба гаригт хуралдах VIII их хурлаараа бүх гишүүдийн дунд нууц санал хураалт явуулж, нэг нэр дэвшигчийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх юм. Нийгмийн зүгээс эдгээр эрхмүүдээс УИХ-ийн гишүүн асан Х.Баттулга нэлээдгүй том дэмжлэгтэй байдаг бөгөөд тэр ч утгаараа түүний нэр нам дотроо илүүтэй яригдаж байгаа ажээ. Ямартаа ч намуудын нэр дэвшигчид энэ сарын 7 гэхэд эцсийн байдлаар тодорсон байх учиртай.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан