Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр батлагджээ


2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН намын дарга М.Энхболдыг нэр дэвшүүлж буйгаа албан ёсоор зарлалаа.
МАН-ын Бага хурлаас гарсан шийдвэрийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар өнөөдөр сэтгүүлчдэд танилцуулав.

МАН өнгөрсөн хугацаанд санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 50 мянган иргэний дунд Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх талаар судалгаа явуулсан бөгөөд судалгаанд оролцсон иргэдийн олонхийн саналыг МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд, гишүүн Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Шадар сайд У.Хүрэлсүх нар авчээ. Удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлэх явцад УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Шадар сайд У.Хүрэлсүх нар нэрээ татаж, намын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нар өрсөлдөх болсон. Бага хуралд оролцсон 259 гишүүний 85.7 хувь нь М.Энхболдыг дэмжсэнээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж байгааг албан ёсоор зарлаж байна хэмээн тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэллээ.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, “Бага хурлын хэлэлцсэн томоохон асуудал нь нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийн асуудал байсан. Бага хуралд оролцсон гишүүд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль Монгол Улсын ирээдүй, хөгжил дэвшилд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт санал нэгдсэн. Мөрийн хөтөлбөрийг эцэслэн баталсан. Одоо мөрийн хөтөлбөрийг Аудитын байгууллагад хүргүүлнэ. Аудит шалгасны дараа нийтэд танилцуулж, сурталчилгааны ажлаа эхлэх болно” гэв. Сэтгүүлчдийн зарим асуултанд тэд хариуллаа.

-Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-тай хамтран оролцох талаар ярилцаж байсан уу?


-2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр МАХН-тай хамтран ажиллах асуудал яригдаж байсан. Тухайн үед Ч.Хүрэлбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан юм. Тэр үед МАХН-ын даргын шаардлагыг хүлээж авах боломжгүй гэж үзэн сонгуульд дангаараа оролцсон. Түүнээс хойш хамтран ажиллах талаар дахин яриагүй.

-УИХ-ын даргын суудал болон сул үлдэж байгаа нэг гишүүний суудлын асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?


-Үүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа ярих нь зөв. Эхлээд сонгуульдаа амжилттай оролцоё.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан